Томуу томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа сайн дэмжихийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас зөвлөж буй. Эмч мэргэжилтнүүдийн хэлснээр дархлаа сайтай хүн аливаа халдварт өвчнөөр өвдөх эрсдэл маш бага байдаг гэнэ. Тиймээс дархлаагаа хэрхэн дэмжих талаар Монголын хоол зүйчдийн найрамдал холбооны гишүүн, эмчилгээний хоол зүйч С.Мөнхтуулын зөвлөснийг хүргэе.
ДАРХЛААНЫ ЭСИЙГ ХАМГИЙН САЙН ДЭМЖДЭГ ТАВАН ХҮЧИН ЗҮЙЛ
1.Маш сайн унтаж амрах.
-Ажил амьдралынхаа хэв маягийг зохицуулж, хангалттай нойр авч чадснаар бие маш сайн ажиллаж, эрч хүчтэй байдаг.
- Зохистой хооллох.
-Тэнцвэртэй, зөв харьцаатайгаар идэх нь бидний биеийг бүх шим тэжээлээр нь хангаж өгдөг байна. Хүнсний зургаан бүлэг буюу үр тарианы бүлэг, махны бүлэг, сүү, жимс, ногоо, өөх тосыг зохистой, тэнцвэртэй харьцаагаар идэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, зургаан шимт бодис гэж нэрлэгддэг уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус гэсэн шимт бодисыг хүний бие авч байх ёстой. Ингэж авснаар өөрийн бие махбодио бүрэн тэтгэж байна гэсэн үг гэнэ. Ялангуяа цагаан идээг маш сайн хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
- Ашигтай бактеритай хүнс хэрэглэх.
Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн. Тухайлбал, тараг, айраг, хоормогоос эслэг авч болох нь.
- Андиоксидант буюу С амин дэмтэй хоол хэрэглэх
Хүйтний улиралд аль болох чанартай халуун хоол, тэр дундаа шөлтэй хоол идэхийг зөвлөж байна. Шөлтэй хоол идэх нь хүниий биеийг амрааж өгдөг, хурдан шингэдэг сайн талтай. Мөн С амин дэмийг аньс, чацарганаас авч болно. Ингэхдээ жимсэн дээр буцалсан ус хийж хандалж уух ёстой. Яагаад гэвэл С витамин усанд ууршдаг. Хэрвээ жимсээ буцалгачих юм бол С витамин нь ууршаад агууламж нь бага болдог байна. Тиймээс буцалгахгүйгээр хандалж тавиад уух юм бол С витамины агууламж өндөр байдаг аж.
- Дасгал хөдөлгөөн
-Өдөрт хамгийн багадаа 30 минут идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийснээр стрессгүй, сэтгэл санааг тайван байлгах ач холбогдолтой. Тогтмол дасгал хийснээр бодисын солилцоо явагдаж, дархлааг дэмждэг байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ