Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.02.15/ болоо. Өргөтгөсөн хуралдаанаар шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлж, шаардлагатай үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дараах шаардлагыг Тээврийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудад тавьсан юм.
- Дулаарч байгаа болохоор тусгай машинаар гудамж талбай, шаардлагатай газарт халдваргүйтгэл хийх.
- Зах худалдааны төвүүдэд ариутгал хийхийн тулд цагийн хуваарьт зохицуулалт хийх.
- ТҮЦ-ийн ариун цэвэр тун хангалтгүй байгаа тул ТҮЦ, жижиглэн худалдааны төвүүдэд ариутгал хийх.
- Энэ бүх ажлын хэрэгжилтэд дүүргийн Засаг дарга нар анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
- Эл задгай нус, цэрээ хаяхгүй байх талаар холбогдох байгууллагууд уриалга гаргах
- Жолооч нар амны хаалттай хөдөлгөөнд оролцох, автомашиндаа ариутгал, халдваргүйтгэл хийх
- Нийтийн тээвэр нь амны хаалт зүүгээгүй хүнд үйлчлэхгүй байх, амны хаалт зүүх шаардлага тавих
- Худал мэдээлэл тарааж, иргэдийг айдаст автуулсан хүнийг олон нийтэд нээлттэй мэдээлэх
- Шашны байгууллагууд нь олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх
Тэрбээр мөн "Өнөөдрийн байдлаар Монгол улсад энэхүү вирус илрээгүй байгаа ч бид санаа амарч болохгүй. Дэлхийн хэмжээнд өдөр бүр, цаг тутамд коронавирусаар халдварлагчдын тоо өсч, нас баралт нэмэгдэж байна. Нийслэлд гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тал дээр Дүүргүүдийн онцгой комиссын дарга нар онцгой анхаарах шаардлагатай байна. Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Иргэд олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажилла. Энэ чиглэлд нийтийн тээврийн чиглэлээр зохицуулалт хийх ажил явагдана. Иргэд маань сар шинээр золголтоор олон айлаар орохгүй байх, аав ээ, гэр бүл, ойр дотнынхон хүмүүсээ элдэв эрсдэлд оруулахгүй байх чиглэлд төр засгаас зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна. Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас хүн бүр сонор сэрэмжтэй байж, эрх үүргээ ухамсарлаж, урьдчилсан сэргийлэх үйл хэргийг дэмжин оролцож байж бид эрсдэл багатай даван туулна. Ийм хүнд нөхцөл байдалд нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт амны хаалт зүүгээгүй бол үйлчлэхгүй байхаар болсон. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тиймээс ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллах хэрэгтэй" зэрэг үүрэг даалгаврыг НОК-ын гишүүдэд өглөө.
Мөн хуралдааны төгсгөлд Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.
Холбоотой мэдээ