"Уханьд МИАТ-ийн онгоц ирснийг хараад баярлаж байлаа"

Хуучирсан мэдээ: 2020.02.15-нд нийтлэгдсэн

"Уханьд МИАТ-ийн онгоц ирснийг хараад баярлаж байлаа"

"Уханьд МИАТ-ийн онгоц ирснийг хараад баярлаж байлаа"

Нэмэлт:10.50 цагт

Яг одоогоор оюутнуудын уушигны зургийг авч байгаа юм. Уханиас ирсэн оюутнуудын төлөөлөл “Уханьд нэгдүгээр сарын 23-наас эхлэн тусгаарлагдасан. Шинжилгээ өгөөд халдваргүй байгаадаа баяртай байна. ХӨСҮТ-д тусгаарлагдах хугацаанд эмч нар шаардлагатай бүх зүйлийг хийсэнд маш их баяртай байна. Бид Уханьд байхаасаа л халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүр нь авч байлаа. Иргэнээ харж, ханддаг, хайхардаг төртэй байх сайхан юм. Уханьд МИАТ-ийн онгоц ирсэн байхыг хараад л баярлаж байлаа. Онгоцонд ороход л “Сайн байна уу” гэдэг үгийг сонсох хүртэл маш гоё байсан. ХӨСҮТ-ийн хамт олон ч халдварын үед авах арга хэмжээг журмынх нь дагуу хэрэгжүүллээ, баярлалаа" гэлээ.

Уханиас ирсэн 31 оюутны төлөөлөл А.Золбоогоос эмнэлгээс гараад хамгийн түрүүнд хаана очиж, юу хийхийг нь лавлалаа. Тэрбээр “Гэртээ очоод өөрийгөө тусгаарлана. Эмнэлгээс бидэнд зөвлөмж өгсөн. Зөвлөмжид 14 хоног өөрийгөө тусгаарла гэсэн” гэсэн юм.

Оюутнууд ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад талархал илэрхийлж, агаар шүүгч суурилуулах нэг сая төгрөгийн эрхийн бичгийг гарын бэлгийн хамт өгсөн юм.

Уханиас ирсэн оюутнууд эмнэлгээс гарч байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлагдан хяналтад ороод байсан 31 оюутан, нэг хүүхэд өнөөдөр /2020.02.15/ тус эмнэлгээс гарч байна. Шинэ коронавирус илэрсэн БНХАУ-ын Ухань хотод суралцаж байсан Монголын 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод агаарын тээврээр авчирсний дараа ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан, хяналтад аваад байсан юм. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан билээ. Тэднийг хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамруулахад, сөрөг гарсан, өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй учир ийн эмнэлгээс гаргаж байгаа юм.

Ухань хотоос оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Гадаад харилцааны яам зохион байгуулсан бөгөөд тус хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтсан. Энэ нь иргэнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн жишээ” гэдгийг холбогдох албаныхан хэлж буй.

Р.ДУЛАМ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
127
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж