Баян-Өлгий аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарласан. Тухайн иргэн БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчиж, мөн Монголд ирээд таван ч аймгаар дамжин явсан, бие нь халуурч, ханиалган, булчин нь өвдөж, гүйлгэж байсан тул эмнэлгийн байгууллагад хандсан гэж албаныхан мэдээлсэн. Эрүүл мэндийн яам өчигдөр /2020.02.14/ дээрх сэжигтнээс авсан шинжилгээний хариу сөрөг хариу гарсан талаар мэдээлсэн. Иймээс бид 21 настай иргэний аав Ө.Харилбайтай утсаар холбогдож, биеийнх нь байдлыг тодрууллаа.
-Сайн байна уу. Хүүгийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Одоо биеийнх нь байдал ямар байна вэ?
-Хүүгийн маань бие сайн, одоо аймагтаа байгаа. Нэрийг нь хэлмээргүй байна. Хүү минь 21 настай.
-Ямар ажлаар БНХАУ-ын Эрээн, Бээжин хот руу явсан талаар тодруулах гэсэн юм. Хэзээ Монголд ирсэн юм бэ?
-Hэсэг хүмүүстэй хамт ажлын шугамаар БНХАУ руу сарын хугацаатай өнгөрөгч арванхоёрдугаар 14-нд явсан. Тэгээд дахин визээ сараар сунгуулж, БНХАУ руу буцаж явсан юм. Тухайн үед БНХАУ-д коронавирусийн халдвар гарсан талаар дэлхий дахинаа зарлан, мэдээлээгүй байсан шүү дээ. Тэгээд хамт явсан хүмүүстэйгээ хамт нэгдүгээр сарын 22-нд эх орон руугаа буцахаар Эрээн хотод ирэхэд мэргэжилтнүүд нь “Та бүхнийг олон улсын галт тэргээр хил гаргана. Бээжин руу явах шаардлагатай. Тэнд шинжилгээнд хамруулж, хил гаргана” гэсэн юм билээ. Тэгээд нэгдүгээр сарын 2-нд Бээжин хот руу явсан. Эх орон руугаа очих хүсэлтэй 300 гаруй хүмүүстэй хамт хоёрдугаар сарын 4-нд хилээр гарч, 5-ны өдөр Монголын хилээр орж ирсэн. Хүү минь тэндээсээ Улаанбаатар хотод хоёр хоносон. Хүү маань орчуулагчаар явсан юм.
-Орчуулагч мэргэжилтэй юм уу?
-Миний хүү англи хэлийг өөрөө сурсан. Одоо хятад хэл бие даан суралцаж байгаа юм. Улаанбаатар хотод Анагаах ухааны шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаад жилийн чөлөө авсан.
–Эрүүл мэндийн байгууллагаас халдварын голомт руу зорчихгүй байхыг анхааруулсаар байхад БНХАУ руу явж, энэ хооронд автобус, таксинд маш олон хүнтэй ойр байсан, Мөн Хөвсгөл, Говь-Алтай, Булган, Дорнод, Төв аймаг зэрэг олон аймгаар дамжиж явсан гэсэн асуудал яригдаад байгаа. Ямар ажлаар орон нутгаар явсан талаар мэдээлэл өгөөч?
-Хүү маань олон аймгаар яваагүй шүү дээ. Та бүхэн ташаа мэдээлэл авсан байна. Хүү маань хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Эрээн хотоос гараад, 6-нд Улаанбаатар хотод ирсэн. Хотод найзынхаа гэрт хоёр хоноод Ховд-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн автобусаар явсан. Автобусанд явах замдаа түр зогссон газруудыг олон аймгаар явсан мэтээр ойлгож байна. Ховдоос дөрвөн хүнтэй таксинд суугаад Баян-Өлгий аймагтаа ирсэн юм.
Өлгий хотод ирсэн даруйдаа 40 минутын дараа оройн 20 цагийн орчимд аймгийн эмнэлэгт хандсан. Тухайн үед хүүгийн маань биед ямар нэгэн зовиур байгаагүй. Хол замд ядарсан байсан. Учир нь дэлхий дахинд дэгдээд буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүүгээ дагуулж очсон. БНХАУ-ын хилээр гарахад мэргэжилтнүүд нь “Тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад биеэ үзүүлээрэй” гэж зөвлөсөн юм билээ. Тэр зөвлөмжийн дагуу хүүгээ дагуулаад эмнэлэгт очсон.
-Таныг хүүгээ дагуулж очсон даруйд шууд тусгаарласан уу?
-Би хүүтэйгээ тухайн өдөр /2020.02.11/ 20.20 цагт аймгийн эмнэлэгт очсон. Тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт байрлах нэг өрөөнд эмч нар хүүг маань оруулсан. Гэхдээ тэр өрөөг нь хоёр гурван өдөр янзалж, дуусаад өнөөдрөөс л /2020.02.14/ тусгаарлалаа.
Бид хүүгээ эмнэлэгт хүргэчихээд гэртээ ирэхэд хэдийнэ сошиал сүлжээнд “Баян-Өлгий аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ” гэх мэдээлэл цацагдаад байсан. Тэр мэдээллийг уншсан ойр дотныхон гээд олон хүн над руу утасдаж, асууж байсан. Гэр бүлийнхэн маань сэтгэл санааны шоконд орсон.
-Хүүг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлахад ямар арга хэмжээ авсан бэ?
-Биднийг эмнэлэгт очиход коронавирусийн халдвараас хамгаалах ямар ч арга хэмжээ аваагүй. Үүнээс болж гэр бүлийнхний хувьд сэтгэл санааны дарамтад орсон. Бид эмнэлгийн даргаас асуухад шинжилгээ сөрөг гарсан ч хамгаалах хэрэгсэл огт байхгүй байсан. Дэлхий даяар хурдан шуурхай арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж байхад тусгаарлах өрөөгөө хэдэн өдөр янзалж, халаалтад холбож, өнөөдрөөс л тусгаарлаж байна.
Олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худал мэдээлэл өгч, хүний нэр хүндэд халдсанд гомдолтой байна. Хүүгийн маань шинжилгээний хариу гараагүй байхад олон нийтэд ташаа мэдээлэл тараасан. Хүүг маань халдварт өвчин дэгдсэнийг мэдсээр байж, хилээр гарч, санаатайгаар хүмүүст халдвар тараах гэсэн юм шиг явсан мэт ойлголт төрүүлж, мэдээлсэн яамны мэргэжилтнүүдэд гомдолтой байна.
Бид иргэн хүний хариуцлагаа ухамсарлаж, сайн дураараа хандаж байхад бүхэл бүтэн 30 цаг болоход ямар нэгэн арга хэмжээ авч, эмчилгээ хийгээгүй. Бидэнд бүх баримт нь байгаа. Тэгээд 30 цагийн дараагаас л нэг тариа хийсэн гэдгийг хүү маань утсаар ярихдаа хэлсэн. Албаныхан хэн нэг хүний талаар мэдээлэл өгөхдөө ард нь гэр бүл, найз нөхөд, нэр хүнд, эрх байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тухайн үед сэтгэл санааны шоконд ороход сэтгэлээр дэмнэж, тусалсан ойр дотныхон болон найз нөхөд, аймгийн цагдаагийн газрын хамт олонд баярласнаа хэлмээр байна. Зарим нь сошиалаар “Миний хүү коронавирусийн халдвар аваагүй ч өөр халдварт өвчин туссан мэтээр мэдээлэл нийтэлжээ. Үүнтэй холбоотойгоор албаныхныг залруулга хийж, мэдээлэхийг хүсч байна.
-Гэр бүлийнхэн нь биеийн байдал зүгээр үү?
-Манай гэр бүлийнхний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй