"АЛБАН ТУШААЛТНУУДАД ШИРҮҮВТЭР ЖИЛ ГАРНА"

Хуучирсан мэдээ: 2020.02.15-нд нийтлэгдсэн

"АЛБАН ТУШААЛТНУУДАД ШИРҮҮВТЭР ЖИЛ ГАРНА"

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. Энэ удаагийн ярилцлагын зочноор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцааны ажилтан Э.Баасантогтох, “Хийморь” уран сайхны киноны ерөнхий зураглаач Б.Баатар, "Монгол нүүрс" ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал нар оролцож, цаг үеийн чухал асуудлаар яриа өрнүүлсэн юм.


ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨВЧНИЙГ ДАВАН ГАРАХ ИТГЭЛ, ЧАДВАР, НӨӨЦ БОЛОЛЦОО БИДЭНД БАЙНА

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй үүрэгт ажилдаа ороод удаагүй байна.

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй анхны ярилцлагаа news.mn сайт /Д.Нарантуяа/, ТВ2 телевиз /Д.Энхтуяа/, “Өдрийн сонин”-д /Б.Амартүвшин/ өгсөн юм.

Бид ярилцлагаа дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусын тархалтын цаг үеийн байдал, энэ хөнөөлт вирусын эсрэг Хятадын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуултаар эхэллээ.

news.mn-БНХАУ-ын эдийн засгийн гол бүсийн нэгд коронавирус тархаад байгаа. Халдвартай тэмцэх тал дээр Хятад улс маш их чармайлт гаргаж байгааг дэлхий нийт харж байна. Энэ онцгой нөхцөл байдал Хятадын эдийн засагт сайн үр дүн авчрахгүй нь тодорхой. Монголын хувьд ч таатай үр дүн авчрахгүй. Гаалийн газрын мэдээгээр сүүлийн хэд хоногт Монголын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний татан авалт буурсан байна. Хэдийгээр одоогоор байдал тодорхойгүй байгаа ч үүнээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулах тал дээр Хятадын удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бидний ярилцаж байгаа яг энэ цаг үед Хятадын ард түмэн халдварт өвчний эсрэг хатуу тэмцэж байна. Ши Жиньпин дарга биечлэн удирдан зохион байгуулж, Ерөнхий сайд Ли Көчян өвчний тархалттай тэмцэх Төв ажлын хэсгийг удирдан бүх талын ажлыг зохион байгуулж, улс орон даяар тархалттай тэмцэх нэгдсэн системийг шуурхай байгуулан хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг аван ажиллаж байна. Бидний авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээ Олон улсын эрүүл мэндийн дүрэм, шаардлага болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санал зөвлөгөөнөөс хавь илүү давсан. Өвчний тархалтын нөхцөл ээдрээтэй байгаа ч урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй ахицтай байна. Вирусын эсрэг вакцин гаргах авах судалгааг эхлүүлсэн бөгөөд халдвартай өвчтөнүүдийг тусгаарлах хоёр эмнэлгийг 8-12 хоногийн дотор барьж дуусган ашиглалтад орууллаа. Уг өвчнөөр халдварласан хүний тоо олон байгаа ч Хятадад халдварын улмаас нас барах магадлал маш бага буюу хоёр хувьтай байна. Нас баралтын түвшин Эбола, H1N1, SARS, MERS зэрэг халдварт өвчинтэй харьцуулахад бага байна. Эдгэрсэн тохиолдолд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төвлөрсөн зөв удирдлагатай, Хятадын онцлогтой социализм нь том асуудлыг төвлөрсөн хүчээр шийддэг тогтолцооны давуу талтай. Бидэнд энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, даван гарах итгэл, чадвар, мөн нөөц бололцоо ч байна.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


"АЛБАН ТУШААЛТНУУДАД ШИРҮҮВТЭР ЖИЛ ГАРНА"

Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилийн өнгө ямар байх талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцааны ажилтан Э.Баасантогтохоос тодрууллаа.

-Ирж буй жилийн өнгийг монгол зурхайд шороон үхрээр шинждэг ёстой. Энэ жилийн Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн зураг ямар байна вэ?

-Ирэх хулгана жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, үхэр нь цагаан толгойтой, дөрвөн шийр нь шар, сүүлээ зүүн тийш шарвасан, улаан эвэртэй байдлаар дүрслэгдсэн. Үхэр хариулаач хүүхэд нь ногоон дээл, цагаан бүстэй, мяндсан шилбүүр барьсан, гутлаа бүтэн өмссөн үхрийнхээ өмнө гүйж явна.

Үхрийн шинжийг тайлбал, хэр ерөөлтэй сайхан жил байх вэ?

-Ерөнхий зурлагын хувьд хур бороо элбэгтэй, тариа ногоо цагтаа хураагдах сайхан жил гарах төлөвтэй байна. Жилийнхээ эхэнд бага зэрэг гандуу, дунд үеэс хур бороо элбэгтэй байх тул сэрүүвтэр байна. Мал сүрэгт тавтай жил байх хэдий ч тайвширч болохгүй. Малын өвчин гарах нигууртай. Ард иргэд, өтгөс, нялхаст ээлтэй. Залуучуудад ширүүн байна.

-2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Монголын улс төрийн амьдралд хэр өөрчлөлт авчирсан жил байх бол?

-Дунд болон дээд суудалтай албан тушаалтнуудад ширүүвтэр жил гарна.

– “Хулгана жилийг хувьтай хүн үздэг” хэмээн монголчууд бэлгэшээдэг. Ер нь хулгана жил ямар онцлогтой байдаг вэ?

-Нэгэн жаран дуусч, шинэ жаран эхэлж байна гэсэн үг. Энэ утгаараа жаран гэдэг нь бүтэн үе учраас “Хувьтай хүн хулгана жилийг үздэг” гэж хэлдэг. Ер нь хүн ямар нэг жилээс биш, бие, хэл, сэтгэлээс хийсэн үйлээс шалтгаалдаг гэдэг шүү дээ. Монголчууд хоорондоо эв эетэй байваас улс орон, нийтээрээ амгалан сайхан байх нигууртай.

-Ирж буй хулгана жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном хийлгэх шаардлагатай вэ?

-Хулгана жилтэй хүмүүс буюу 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүсийн жил орж байгаа. Түүнээс гадна их харш болон бага харш жил орж байгаа харш жилийн заслыг хийлгэж, ном уншуулах шаардлагатай. Мөн ивээл жилтнүүд ч засал хийлгэх хэрэгтэй. 33 насны мөчлөг таарч байгаа хүмүүс онцгой засалтай.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


“БИ МЭРГЭЖЛИЙН БИШ МЭРГЭШСЭН ЗУРАГЛААЧ”

Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” уран сайхны киноны ерөнхий зураглаач Б.Баатартай ярилцлаа.

-Явсан газрын сонин сайхнаас ярилцлагаа эхлэе. Монгол Улсаас анх удаа Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслолд урилгаар оролцоод иржээ. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн тусгай урилга хүлээн авсан гэв үү?

-Өнгөрөгч тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан “Холливуд Монголд” фестивальд Холливудын алдартай продюсер, найруулагч, жүжигчин, зураглаачид уригдан ирж, Монголын кино уран бүтээлчидтэй мэдлэг туршлагаа хуваалцаж, ур чадварын сургалт зохион байгуулсныг хүмүүс мэднэ. Уг фестивалийн үеэр “Хийморь” уран сайхны киног хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид үзээд, их таалагдсан юм билээ.

Тэр дундаа Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Kees Van Oostrum надтай тусгайлан уулзаж, зураглаачийн ажлыг маань магтан сайшаасан. Тэрбээр “Манай нийгэмлэг Монгол гишүүнтэй болвол бид баяртай хүлээж авах болно” хэмээн өөрийнхөө мастер класст урьсан юм.

Тэгээд “Хийморь” киноны найруулагч Г.Эрдэнэбилэг, продюсертэйгээ ярилцаад, өөрийнхөө материалыг бүрдүүлж, нэгдүгээр сарын эхээр 34 дэх удаагийн Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслолд оролцох урилга хүлээн авсан.

Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслол нь Оскарын наадмын өмнө болдгоороо онцлогтой. Тэр ч утгаар дан ганц кино зураглаачид бус бүхий л томоохон алдартай уран бүтээлчид уригдан оролцдог. Монгол Улсаас “Холливуд Монголд” төслийн санаачлагч, мисс А.Баярцэцэг надтай хамт уригдан оролцсон.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


"ТӨМӨР ЗАМТАЙ БАЙСАН БОЛ НҮҮРСНИЙ ОРЛОГОО АЛДАХГҮЙ"

"Монгол нүүрс" ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний экспортын талаар ярилцлаа.

-Нүүрсний экспорт хүндэрч магадгүй нөхцөл байдал үүслээ. Нүүрснии салбарт дэлхийг түгшээсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын үзүүлэх нөлөөллийг хэрхэн тооцож байна вэ?

-Нүүрсний салбарт вирустэй холбоотой нөлөөлөл маш хүчтэй мэдрэгдээд эхэлсэн байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр нүүрсний экспортыг түр хугацаанд буюу гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоочихлоо. Гэхдээ бодит байдал дээр вирусийн тархалтаас өмнө бараг зогсчихсон байсан. Зарим компани нийгмийн хариуцлагын хүрээнд албан ёсоор ажилчдаа цалинтай чөлөө олгоод явуулсан тухайгаа мэдэгдэл хийсэн байна. Уурхай 100 хувь зогсчихоор буцаад сэргээхэд хэцүү учраас зарим газар цөөн хүн ажиллаж байна.

-Уг нь Хятадын цагаан сарын дараа нүүрсний экспорт өсдөг. Энэ жил өсөх магадлал бага байна уу?

-Амралт нь дуусаад, буцаад худалдаа, тээврийн компаниуд ажилдаа орохоор цагаан сарын дараагаас Монголын нүүрсний борлуулалт, экспорт нэмэгдээд, аравдугаар сар хүртэл эрчимтэй яваад, дараа нь багасдаг. Энэ бол жил болгон явагддаг цикл. Хятадын цагаан сар дуусчихаад байдаг. Одоо татан авалт нь эхэлдэггүй. Вирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоосон, худалдааны компани тээврийн компаниуд Монголын хилд хүрэхийн тулд шинжилгээнд орох ёстой, эмнэлгийн ачаалал их гэх мэтчилэн янз бүрийн шалтгаан нөлөөлж байна. Ердийн нөхцөлд Тавантолгойн нүүрс Гашуунсухайт боомтоор 1000 гаруй машинаар гардаг байсан бол сая шийдвэр гарахын өмнө 100 орчим машин гарч байна лээ. Үндсэндээ зогссон байсан гэсэн үг. Өдөрт 800, 900 машин гардаг байсан Шивээхүрэнгээр бас л ялгаагүй 100 хүрэхгүй, 50-80 орчим машин гарч байсан. Тэгэхээр ер нь татраад, машин бараг явахгүй байсан гэсэн үг. Шийдвэр гараад бүрэн зогсоолоо.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


П.НЯМДОРЖ: АРАВ ГАРУЙ КОМПАНИЙН ХУВЬЦАА МАШ ИХ ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржтой ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээлийн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Өнөөдөр Хөрөнгийн биржийн өмнө тулгарч буй ямар асуудлууд байна вэ?

-Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжөөд 29 жил болж байгаа хэдий ч иргэд хөрөнгө оруулагчдын мэдлэг мэдээлэл бага хэвээрээ байгаа нь зах зээлийн өмнө тулгараад буй гол асуудал болж байна. Мөн тэтгэврийн сан гэх мэт мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бүрдүүлэх, төлбөр тооцооны DvP зарчимд суурилсан Т+2 систем нэвтрүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх зэрэг үндсэн томоохон асуудлуудыг 2020 онд шийдвэрлэхээр ажиллаж байна

-Манайд дотоодын урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй гэдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах талаар биржээс ямар ажил хийж байна вэ?

-Үнэт цаасны зах зээлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны өгөөжийг өсгөх, урт хугацааны санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох, хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц зохистой хэмжээнд ажиллах бололцоог бүрдүүлэхийн тулд МХБ нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Тухайлбал, МХБ-ийн 2019 онд хийсэн томоохон ажлуудын нэг бол "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг боловсруулан батлуулаад байгаа ба энэхүү журмын дагуу мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй санал болгон арилжих замаар хөрөнгө татан төвлөрүүлж, татан төвлөрүүлсэн хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн өмнөөс удирдах юм. Ингэснээр дотоодын зах зээлд нэн шаардлагатай байгаа урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болох боломж нээгдэж байна. Түүнчлэн тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, тэтгэврийн сан бий болгох шаардлагатай эрх зүйн орчныг бий болгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ийнхүү мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангуудтай болсноор хөрөнгийн зах зээлд урт хугацааны эх үүсвэр татах боломж бүрдэх, шинээр үнэт цаас гаргасан компаниудын хувьцааны эрэлт тогтвортой байх, ханшийн хэт хэлбэлзлээс хамгаалах, түүнчлэн компаниудын үнэт цаас гаргах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


"КАНАДЫН ДОЛООН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ШИНЭ ТУТАМ ОЧСОН ЦАГААЧ"

Канадын зохицуулалттай цагаачлалын зөвлөх, хуулийн магистр Пүрэвийн Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Цагаач гэж хэнийг хэлэх вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье!

-Канадын хуулийн дагуу цагаач гэж өөр орноос Канадад байнга оршин суухаар очсон хүмүүсийг хэлж байгаа юм. Цагаач гэдэгтэй холбогдон дүрвэгч гэсэн ухагдахуун гарч ирдэг. Дүрвэгч гэдэг нь мөрдөн мөшгилтөөс зугтаж, аврал хамгаалалт эрэн Канадад нэвтэрсэн хүмүүсийг хэлж байгаа юм. 1951 оны НҮБ-ын Дүрвэгчдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцэд тодорхойлсноор арьс өнгө, шашин шүтлэг, яс үндэс, иргэншил болон нийгмийн аль нэг бүлэгт хамрагдсаны улмаас эх орондоо очвол мөрдөн мөшгигдөх бодит аюул, айдаст байгаа хүмүүсийг дүрвэгч гэх бөгөөд Канадын Цагаач болон дүрвэгчийн асуудал эрхэлсэн Зөвлөлөөр хэлэлцээд, ийм байдал байгааг тогтоовол Канадын Засгийн газар хамгаалалтдаа авдаг. Цагаач ч бай, дүрвэгч ч бай аль аль нь Канадад очсон байгаа тул хоёуланг нь цагаач гэж хэлэх ч тал бий. Монголчуудын Канадад цагаачлах гол шалтгаан нь сайн сайхан амьдрах, үр хүүхдээ аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх, сургаж боловсрол эзэмшүүлэх, ажил хөдөлмөр, авьяас чадвараа шударгаар үнэлүүлэх, найдвартай орчинд бизнес, хөрөнгө оруулалт хийхээс үүдсэн байдаг. Монгол Улс 1990 оноос ардчилсан орон болсон хийгээд хүний эрхийн олон улсын гэрээнүүдэд нэгдсэн билээ. Хүн гадаадад зорчих, эх орноосоо явах нь хүний үндсэн эрхүүдийн нэг тул монгол хүн аливаа улс орон, үүний дотор Канадад цагаачлан гарахыг засгийн газраас хүлээн зөвшөөрч байгаа гэж ч ойлгож болох л доо.

-Канадад очсон хойно цагаач, дүрвэгч нарыг ямар хувь заяа угтдаг вэ?

-Цагаачлагч болон дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалдаг олон янзын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Канад нь хүчирхэг эдийн засагтай, тогтвортой ардчилсан төртэй, хүний эрхийг дээдлэн хүндэлж, сахиулдаг, нийгмийн халамж сайтар хөгжсөн, бүх нийтийн эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээтэй улс. Канад нь мужуудаас бүрддэг холбооны улс. Канадын эдийн засгийг цагаачлалаас ангид төсөөлөн үзэх боломжгүй. Цагаач, дүрвэгч авах, хамгаалах 60 орчим хөтөлбөр холбооны болон мужуудын түвшинд хэрэгждэг. Канадад цагаачлах явдал нь эдгээрийн аль нэгийнх нь болзлыг хангасны үндсэн дээр хэрэгжих боломжтой гэсэн үг. Дээр нь дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой хөтөлбөрүүд байна. Явахын тулд албан ёсоор өргөдөл, хүсэлтээ гаргана гэсэн үг. Цагаачлалын хөтөлбөрүүдийг эдийн засгийн анги, гэр бүлийн анги гэж хуваадаг, дээр нь дүрвэгсэд нэмэгдэж байна. Холбооны эдийн засгийн ангиллын хөтөлбөрт мэргэжлийн ажилчин, техникийн болон туслах ажилчин (утгачилан орчуулбал), канадын туршлагатай анги гэж хуваадаг. Заавал дээд мэргэжилтэй, магистр, PhD байх албагүй. Дунд мэргэжлийн, техникийн ажилчид, үйлдвэрийн аргаар мах бэлтгэгч, холын тээврийн жолооч, тогооч, гагнуурчин гээд төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой. Очоод ажил олж хийнэ, амьдралаа залгуулна, гэр бүлээ тэжээнэ гэсэн үг. Түүний хажуугаар орлогоосоо Канадад татвар төлнө, нийгмийн халамжид суутгуулна гээд Канадын эдийн засагт ч нэмэртэй, ажил олгогчдод нь шаардагдах мэргэжлийн хүн хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж