Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотойгоор хуулийн байгууллага дээр хэд хэдэн хүнд холбогдох хэрэг нээгдэж, Капитал банкийг дампуурахыг мэдсээр байж мөнгө байршуулсан гэж АН-ын зүгээс үзэж буй. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Капитал банкийг дампуурахыг мэдсээр байж таныг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татаж аваагүй гэж АН-ынхан үзээд байгаа. Банк эрсдэлтэй болсон гэдгийг 2018 оны сүүлээр мэдэгдэж байсан гэсэн. Яагаад тухайн үед нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татаж аваагүй юм бэ?
-2008-2012 онд хүүгийн орлогоор 47 тэрбум төгрөг олж байсан. 2012-2016 онд 260-аад тэрбум төгрөгийн орлого олсон. Орлого ийм их өссөн байхад тухайн үеийн удирдлагуудыг буруутгалаа гэсэн зүйлийг АН-ын зүгээс ярьсан. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татаж аваагүй нь Чинзоригийн буруу гэж хэлээд байгаа. Намайг сайдаар томилогдож ирэхэд нийт арилжааны банкинд 570-аад тэрбум төгрөг байршсан байсан. Эдгээр хөрөнгийн 31 хувь буюу 238 тэрбум төгрөг Капитал банкинд байршуулсан байсан. Тодорхой хэмжээний хууль, дүрэм зөрчөөд зөвхөн нэг банкинд Нийгмийн даатгалын сангийн 31 хувийг байршуулсан байсан нь энэ хөрөнгө эрсдэлд орох нөхцөл үүссэн. Гэрээний нөхцөлийг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хөрөнгөө татаж авна гэсэн гэрээний заалт байгаа. Энэ зүйл заалтыг хэрэгжүүлэх үүднээс тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн тухайн үед Монголбанкинд байршиж байсан Капитал банкны хөрөнгийг үл маргах журмаар Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авч өгөх хүсэлтийг хүргүүлсэн. Гэтэл Монголбанкнаас “Энэ манай оролцох асуудал биш. Бидэнд тийм эрх байхгүй” гэдэг хариу өгсөн. Гэрээнд сангийн хөрөнгийг үл маргах журмаар татаж авна гэж заасан боловч зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкны хооронд хийгдсэн гэрээ байна. Өөрөөр хэлбэл, иргэний гэрээ учраас Монголбанкинд байршиж байгаа Капитал банкны данснаас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татах хууль эрх зүйн боломж байхгүй гэсэн хариу өгч өнөөдрийг хүрсэн.
-Таныг Капитал банкинд мөнгө байршуулах гэрээг мөнгө сунгасан гээд байгаа?
-2017 оны аравдугаар сард сайдаар томилогдож очиход Капитал банкны гэрээ дуусчихсан, 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл Капитал банкны харилцах дансанд байршиж байсан. Тухайн үед би Капитал банкны байдал хүндэрч байгаа учраас гэрээ сунгахгүй гэсэн байдалтай 2018 оны тавдугаар сар хүртэл явсан. Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хороон дээр гарсан ажлын хэсэг “Капитал” банкны харилцах дансан дээр их хэмжээний мөнгө таван хувийн хүүтэй байршиж байна. Тиймээс “Капитал” банкнаас мөнгөө татаж авч чадахгүй бол хүүгийн алдагдал үүрэхгүй байх нь зүйтэй. Мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуул” гэдэг чиглэл өгсөн учраас харилцах дансанд нь байсан 70 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулсан. Түүнээс “Капитал” банкинд мөнгө нэмж байршуулсан зүйл огт байхгүй.
-Төр энэ мөнгийг олж авах ямар ажил хийж байна вэ. Үл хөдлөх хөрөнгийг нь авна гэсэн асуудал яригдаж байсан?
-“Капитал” банкинд байршуулж байсан төрийн мөнгийг иргэдийн хадгаламжтай адилтгаж үзэх хүсэлт тавьсан. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээж авбал төсвийн хохирлыг барагдуулах дарааллыг өмнө нь оруулж шийдэх боломж бүрдэнэ гэдэг байр суурьтай байгаа.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ