"Бурхны сударт коронавирусийг 700 жилийн өмнө зөгнөсөн байдаг"

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

"Бурхны сударт коронавирусийг 700 жилийн өмнө зөгнөсөн байдаг"

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц өнөөдөр (2020.02.14) мэдээлэл хийлээ. “Коронавирусийн эсрэг үрлийг хэзээ, яаж тараах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад "Бид сүсэгтэй хүмүүст тараана. Итгэж байгаа, сүсэглэж буй хүмүүстээ сайхан зохион байгуулаад тараана. Гурван сая хүнд үрэл тарааж дийлэхгүй. Тийм хөрөнгө мөнгө ч байхгүй" гэв.

Тэрбээр “17 дугаар жарны төмөр хулгана жил гарч байна. Нэгэн жаран дуусч, шинэ жаран эхэлж байна гэсэн үг. Энэ утгаараа жаран гэдэг нь бүтэн үе учраас “Хувьтай хүн хулгана жилийг үздэг” гэж хэлдэг. Харин бурхны  шашны гүн философийн үүднээс авч үзвэл цаг хугацааны үргэлжлэл юм.  Өөрөөр хэлбэл, таны хийсэн сайн болон муу үйлийн үргэлжлэл гэсэн утгатай. Энэ жилийн хувьд сайхан жил гарах төлөвтэй. Хөгшчүүдэд ээлтэй, нялхас болон залууст хатуу жил гарна. Дунд болон дээд суудалтай албан тушаалтнуудад ширүүвтэр жил гарна хэмээн зурхайд буусан.Сайн сайхан руу тэмүүлж, бие, хэл, сэтгэл гурваа цэгнэж яваа хүнд  ширүүвтэр жил мэдэгддэггүй.

Монголчуудын олон зууны турш шүтэж ирсэн бурхны шашин нь жаргалтай сайхан амьдралын эх үүсвэрийг дотоод сэтгэлд оршино гэж үздэг учраас бие биеэ хайрладаг энэрдэг нигүүлсдэг, харьцаа сайхан байхаас эхлэлтэй гэж үздэг. 

Хэрүүл тэмцэл,  атаа жөтөөгөөс болж хамгийн муу муухай бүхэн гэр орон, албан байгууллага улс оронд үүсдэг. Хүмүүс бие биедээ хар буруу санаж, уур омог дэлгэрээд ирэхээр ямар ч газар тайван суухгүй. Дандаа хоорондоо хэрэлдэж, түнжин таарахгүй болж эхэлдэг.

Бидний өвөг дээдээс мянган жилийн тэртээгээс цагаан сарыг тэмдэглэж ирсэн түүхтэй. Битүүний өдөр гэр орноо цэвэрлэж, өр төлбөрөө дуусгаж, тухайн жилийнхээ үр өгөөж, амжилт ололтоо урамшуулан баярлаж өнгөрүүлдэг. Шинэ оноо эхлэхдээ хоорондоо хөөрөг зөрүүлж, хуучин онд өнгөрсөн муу муухай бүхнээ мартан дуусгаж, шинэ жилээ элбэг дэлбэг, сэтгэл дүүрэн тэмдэглэсээр ирсэн ёс номтой. 

Дэлхий даяар тархсан шинэ коронавирусийг бурхны судар дээр 700 жилийн өмнө зөгнөж бичсэн байдаг. Аливаа муу үйл амин хувиа бодсоноос болж үүсдэг. Надад өвчин халдахгүй байвал болно гэх бус би чинь гурван сая хүний нэг төлөөлөл гэж бусдыг бодсон цагт аливаа аюул ослоос холдож чадна. 

Тийм учраас өнөөдөр хувиа бодож довоо шарлуулах цаг биш. Нэг монгол хүн алдаа гаргаж, энэ өвчнөөс сэргийлэхгүй бол өвчин гарах магадлалтай шүү дээ. Би цагаан сарыг цуцлах гэдэг үгэн дээр жаахан дурамжхан байгаа. Монголчуудын мянган жил тэмдэглэж ирсэн баярыг цуцална гэх биш  хөл хорио тогтоолоо гэх арай аятайхан амгалан үгээр орлуулах байсан юм болов уу гэж бодож байна. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч бид сүсэгтэн олныхоо сайн сайхны төлөө засал номоо уншиж байгаа.

Монголын ард түмнийгээ муу муухай бүхнээс хамгаалах номыг айлтган уншиж, үрэл тарааж,  засал номоо уншина. Битүүний өдрийн хурлаа урьдын адилаар хурна. Харин сүсэгтэн олон та бүхнийгээ битгий олноороо ирээрэй хэмээн уриалж байна. Манай гандан хийдийг зорьж ирсэн иргэнийг буц хэмээн хэлж чадахгүй. Гэхдээ тэднийгээ ханиад томуунаас хамгаалах чиглэлээр амны хаалт өгөх, ариутгал цэвэрлэгээг өөрсдийн түвшинд хийнэ. Бидэнтэй адил шашинтай улс орнуудад ч лам хуврагууд үрэл утлага, тарни бясалгал хийж байна. Бид сүсэгтэн  хүмүүс учраас уншлага номоо унших, үрэл утлага хийж тараах ажлыг эхлүүлсэн. 

Энэ бол шашны ажил. Лам нар эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө залбирч, ном унших үүрэгтэй учир түүний дагуу хийж байгаа. Сүсэглэсэн, үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүст нь тараая гэж бодож байгаа. Аль болох үймээн самуунгүй хийж чадна. Шашин шүтлэг үргэлж байдаг. Сүсэгтэй орнууд "Та нар номоо айлд" гэж лам нартаа хэлдэг. Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх гэж иргэд яардаг учраас энэ жил  өвчний аюул холдсоны  дараа засал номыг тусгай лам нар гаргаад хийнэ. Олны хөлд дарагдах эсэхийг бид биш сүсэгтэн олон мэднэ шүү дээ, битүүний хурал болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1340
ТэнэглэлТэнэглэл
70
ЗөвЗөв
23
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж