Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд төрхөмдөө буцахдаа экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг иргэншлээ сольж байгаа гэх хов хэвлэлийнхэнд дуулгажээ. “Ятгах тусам нягтлах” ёстой манай хэвлэлийнхэн ч хандалт, шэйр хөөгөөд өнөөх ховыг нь мэдээ болгоод цацав. Ядаж аль улсын Элчин сайдын яаманд “өргөдөл” гаргасныг нь асуучих сэтгүүлч байсангүй. Мэргэжлийн хэвлэл бол Ч.Сайханбилэгээс тодруулж байж мэдээлэх ёстой байв.
Хашиж ирсэн албаа бодсон ч З.Энхболд хариуцлагагүй үг амнаасаа унагасан. Хэрэвзээ, Ч.Сайханбилэг гомдол гаргаад, түүнийг нь Монголын шүүх үнэн зөвөөр шийдвэрлэвэл З.Энхболд Зөрчлийн хуулиар баараггүй хоёр сая төгрөгийн торгуульд унах гүтгэлгийг хэвлэлээр цацсан ялтай. Өөрийг нь “М.Энхсайханыг зуулаа” гэж жиргэснийх нь төлөө Э.Бат-Үүлийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлж байсан хүн, хүний нэр төрд халдвал хуулиар ямар ял шийтгэл хүлээхээ мэдэж байгаа ч биз.
Нас зүс, намтар түүхээ бодсон ч яавч Ч.Сайханбилэгээс ийм үйлдэл гарахгүй нь мэдээж. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн шүү дээ. Харин нэг намын, нэгэн цагт ҮАБЗ-д хамтдаа ажиллаж байсан журмын нөхрөө хээв нэг гүтгээд зогсч буй З.Энхболд зөвлөх /С.Эрдэнийн албан бус зөвлөхөөр өчигдрөөс ажиллах болсон/ манай улстөрчдийн жишээ болгон авах дуртай долоон буудлын Должин эмээгээс ч дор энтертаймент хийв.
Монголын улс төр бүхэлдээ энтертайнмент болчихсоныг Ж.Батзандан хэлсэн болохоос үнэн. Энтертайнментийн найруулагч, продюсер, жүжигчид бүгд бий. Тэгэхээр гурван жил Төрийн тэргүүнд шадарласан З.Энхболдын гүтгэлэг Х.Баттулгын найруулж буй энтертайнментийн нэгээхэн үзэгдэл, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг /Дубайн гэрээ/ баталсан Ч.Сайханбилэгийн “хэрэг” дээр “эх орноосоо урвасан” гэх бас нэг хэрэг тохох гэсэн Ерөнхийлөгчийн сценарийг тэр санаатай, санамсаргүйн хооро дэлгэчихсэн байж болох юм. Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг “а, б”-гүй гарчиглах хүн Тамгын газрын дарга асан З.Энхболдоос өөр хэн байх билээ. УИХ-ын дарга хийж явсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан ийм хов дэлгэх нь "иргэн Г" шиг согтуудаа цуурчихсан үг биш нь ч тодорхой. Түүний үг Ерөнхийлөгчийн байр суурь болж сонсогдсон нь туйлын үнэн юм.
Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-д хууль бусаар зарсан, Дубайн гэрээг байгуулж, Монгол Улсыг хохироосон гэх хэргээр буруутгаж, яллах сонирхол эрх баригчдад хийгээд эрх мэдэлтнүүдэд бий. Энэ нь Ц.Нямдорж нарын найруулсан бас нэг энтертайнмент.
Монголын “аж ахуй” талаас нь харвав оросуудынх байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авч, 100 хувь үндэсний компани болгосон Ч.Сайханбилэгийн засгийн шийдвэр зөв болохыг эдийн засагт үзүүлж буй нөлөө, татварт төлж буй тоонууд гэрчилнэ. Оросууд "Эрдэнэт"-ийн 49 хувийг хятадуудад зарчихсан бол харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажлаа хийсэнгүй гэж буруутгаж болно.
Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ оны мэндчилгээндээ онцолсон, “Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ” гэх үг бол зүй ёсоор Ч.Сайханбилэгт оногдох сайшаал юм.
Ч.Сайханбилэг энтертайнмент хийгээгүй. Улс орны эдийн засаг, аж ахуйгаа анхаарч ажилласных нь нэг үр дүн бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөсөн шийдвэр нь байв.
Бүтээн байгуулалт нь тэг зогссон Оюутолгой төслийг хөдөлгөж, адаглаад 17 мянган хүнийг ажлын байртай болгосных нь төлөө Ч.Сайханбилэгт баярлалаа гэх нь ч багадана. Дубайд зурагдсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө гэрээ биш. Засаад сайжруулаад явах бололцоотой, тухайн үед Ч.Сайханбилэг хямралаас гаргах бодлого хэрэгжүүлээгүй бол улсаараа Хятадын “халаасанд” орчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Ж.Батзандангийн тухай сүүлд дэлгэгдсэн хоёр ч бичлэгээс харахад шүү дээ. Ч.Сайханбилэг, Ж.Батзандан хоёр хувь хүний араншин, мэдлэг боловсрол, хийж бүтээснээрээ тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс, Нэг нь улсын Ерөнхий сайд шиг ажилласан, нөгөө нь ордны энтертаймент жүжигчин болсон.
Ж.Батзандан шиг энтертайнментчид олшрох тусам эдийн засаг хэрхэн хямардгийг монголчууд бодитоор нь удахгүй мэдрэх ч биз. Коронавирусийн гадаад аюулаас гадна дотоодын улс төр нь улсаа сүйрүүлж буйн сүүлийн ганц жишээ бол тэтгэврийн зээлийн тэглэлт. Төсвийн 800 орчим тэрбум төгрөгөөр тэтгэврийн зээлийг тэглэсэн нь эдийн засгаа бодсоных биш эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн эрх баригчдын нэг энтертайнмент байв.
Ж.Батзандан гишүүн нүүрний арьс зузаантай хүн. Харин түүнийг "гурван жилийн өмнөөс таньдаг болсон" Л.Болдын улс төрд бүрдүүлж ирсэн имиж энэ хүрээнд "өндөрлөж" байгаа нь харамсалтай. Монголчууд мууг дагавал могойн хорлол гэдэг, юутай үнэн.
Олон нийтийн сүлжээнд цацагдсан Ж.Батзандан, Л.Болд нарын бичлэг хэн нэгнийг гүтгэсэн юм биш, ордны энтертайнментчдийн ард ердөө эх орноо зарах гэсэн том, жижиг хулгайчид, хувийн эрх ашгаа нэгд тавьсан луйварчид нуугдаж буйг илчилсэн хэрэг. “Анти чайна”-чуудын жинхэнэ үнэн нь хувийн аж ахуйнхаа төлөө улсаа худалдахаас ч сийхгүй, баян хятадуудын массажист хийж, мөнгө хужааг ааваа ч гэж дуудаж чадна.
Энтертайнментчид ба ЭХ ОРОНЧДЫН ЯЛГАА ЕРДӨӨ ЭНЭ!