"Уул хүүг минь хүмүүжүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

"Уул хүүг минь хүмүүжүүлж байна"

"Уул хүүг минь хүмүүжүүлж байна"

Таван настай Б.Чингүүн хүүгийнхээ хамт Монголынхоо үзэсгэлэнт байгаль, ноён оргилуудаар аялаад жил гаруйн хугацаа өнгөрч буй Х.Ариунтуяатай ярилцлаа. 


-Та  хүүтэйгээ аялсан зураг, нийтлэлээ фэйсбүүк хуудастаа нийтэлдэг. Үүгээр бусдад юу дамжуулахыг зорьдог вэ?Анх хэзээнээс аялж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Нийгмийн сүлжээгээр дамжуулан хүмүүст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Аялагч ээж, хүү хоёр" фэйж хуудсаа нээж байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. Хүүхэдтэйгээ хамт аялах ээжүүд их холбогдож зөвлөгөө авдаг болсон. Алхах сонирхолтой хүмүүс нэмэгдэж байна. Миний хувьд аялдаг болоод гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх эрүүл мэндийн шалтгаанаас болж алхаж эхэлсэн бол сүүлдээ аялах дуртай болсон. Ууланд алхахад эхэндээ их хэцүү санагдаж байсан л даа. Ядарч, өлсөнө. Тэр үедээ хүүхэдтэйгээ хамт аялна, ууланд алхана гэж огт боддоггүй байлаа. Одоо хүүтэйгээ хамт долоо хоногийн Бямба гариг бүрт алхаж, эрүүл агаарт гардаг. Хэрэв аялмаар байвал, үнэхээр хүсч зоривол интернэтээс судлахад маш хямд, бага зардлаар аялах боломж дүүрэн бий. Миний хувьд Итали, Чех, АНУ, БНХАУ зэрэг дэлхийн 11 орноор аялсан. Гэхдээ Улаанбаатар хотын орчимд аялахад мөнгө орохгүй.

-Яагаад хүүтэйгээ аялах болсон юм бэ? Зарим хүмүүс их гайхаж хүлээн авдаг байх?

-Бага насны хүүхэдтэй айл бүр л долоо хоногт амралтын өдөр гэр бүлээрээ агаарт гардаг байх. Манайх ч бас гэр бүлээрээ хотоос ойрхон эрүүл агаарт гарч амардаг. Гэхдээ бид хэзээ ч гэр, буудал захиалдаггүй, майханд хонож, өөрсдөө бэлтгэсэн хоолоо иддэг. Нэг удаа гэр бүлээрээ аялж байхад хүү маань надтай адилхан байгалиас сайхан мэдрэмж авч байгааг нь анзаарч эхэлсэн. Дараа нь уулын клубийнхэнтэйгээ хамт хүүгээ дагуулан хоёр, гурван удаа ууланд гарч, аялахад огт түүртээгүй. Хүмүүс харахад л хүүхэд жаахан мэт санагддаг боловч биеийн хөдөлгөөн нь насанд хүрсэн хүнээс илүү хурдан, шаламгай. Хүүтэйгээ хамт алхаж эхэлтэл олон сайн тал ажиглагдсан. Хүү маань хөл муутай бүдэрч унадаг байсан бол ууланд алхдаг болсны дараа хөл нь чангарч, бүдэрч унахаа больсон. Зан төлвийн хувьд биеэ даах чадварт суралцдаг юм билээ. Хүү маань охидтой өссөн болохоор их эрх танхи, гутал хувцсаа өмсөхдөө, хоол идэхдээ ээж, эгчээрээ туслуулдаг байсан бол одоо гутлаа өөрөө өмсч, хоолоо хэнээр ч заалгахгүй иднэ. Бас их тэвчээртэй болж, өлсч, ядарч сурч байна. Ачаалал өөрөө даадаг болсон байна. Ээж хүний хувьд хүүгээ анзаарснаар эрүүл агаарт тогтмол авч гарах нь дархлааг нь дэмждэг юм билээ. Хүйтний улиралд манай хүүхэд ханиад хүрдэггүй. Ханиалгасан ч эмнэлэгт хэвтэх хүртэл өвддөггүй. Уул руу хамт алхаад, агаарт гарахад л ханиад нь эдгэдэг. Гэхдээ хүүхэд болохоор дагуулж яваа ээж, аавын хувьд цаг үргэлж анхаарал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Уул, гол горхи, хаана ч байсан нүд салгаж болохгүй.

-Хүүгийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ? Зориулалтын хувцас хэрэгсэлтэй явдаг уу?

-Бид хоёр Улаанбаатар хотыг хүрээлсэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Богд уул гээд дөрвөн хайрхнаар жилийн дөрвөн улиралд тойрон аялдаг. Нэг очсон газартаа дахин очиход үргэлж өөр мэдрэмж авдаг. Жилийн дөрвөн улирал бүр өөр өөр өнгөтэй, үзэсгэлэнтэй. Хүүхэдтэйгээ аялахад тохиромжтой газрыг сонгодог. Мэдээж хамт алхахдаа хараагаа салгахгүй. Анх уул руу авч гарахад өдөр тутамд өмсдөг хувцсыг нь л өмсүүлж байлаа. Одоо зориулалтын хувцастай болсон.

-Хүүхэдтэйгээ ууланд гарч, аялахад хүндрэл бэрхшээл гардаг уу?

Тийм ч их хүндрэл бэрхшээл тулгардаггүй. Бага зэрэг эрсдэлтэй, саад тотгор бол бий. Өвлийн улиралд хүүхэдтэйгээ цуг ууланд алхахад халтирч гулгана. Зун бол аялахад хамгийн тохиромжтой улирал.

-Хамгийн сүүлд хүүтэйгээ Хэнтий аймгийн Асралт хайрханы ноён оргилд гарсан. Далайн түвшнээс дээш 2799 метрийн өндөрт гарахад томчууд биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл хийдэг. Хүүхдийн хувьд энэ нь том амжилт. Тухайн үед цаг агаар ямар байв? Эрсдэлээ хэрхэн тооцоолсон бэ?

-Миний хувьд гурван жил дараалан Асралт хайрханы оргилд гарч байсан. Энэ жил хүүтэйгээ анх удаа оргилд нь хүрсэн. Бид хоёрын хувьд жил гаруйн хугацаанд ууланд алхсан болохоор зориг гаргаад л явчихсан. Хувцас хэрэгсэл, бие болон сэтгэлзүйн бэлтгэлтэй, цаг агаараа харж, олон хувилбар тооцож явсан. Байгаль дэлхийн хажууд хүн гэдэг маш өчүүхэн. Хэчнээн би мундаг сайн ээж, хувийн бэлтгэлийг нь сайн базаасан ч цаг агаар хэрхэн яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Асралт хайрхан луу гарахад цаг агаар нэмэх градустай дулаахан тогтуун байлаа. Хэрэв цаг агаар өөрчлөгдвөл хүүгээ жолоочид нь үлдээгээд алхах, эсвэл уул руу алхахгүйгээр хүүгээ агаарлуулах гэх мэт олон хувилбараар л Хэнтий аймгийг зорилоо. Хүүтэйгээ Асралт хайрханы ноён оргил руу гарахад бага зэргийн салхитай байснаас бусдаараа саад бэрхшээл бага байлаа. Хүүтэйгээ өмнө нь бэлтгэл хийж байхад би хурдыг нь гүйцэхгүй байсан.

-Таныг зарим хүмүүс ганц бие ээж гэж ойлгодог байх. Танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ, тантай адилхан аялах дуртай юу?

Хүүтэйгээ аялсан зураг, нийтлэл оруулахаар хүмүүс ганц бие ээж гэж ойлгодог юм байна билээ. Сингл ээжүүд хүчтэй гэсэн сэтгэгдлүүд ч их байдаг. Зарим хүмүүс аялсан зургийг маань хараад намайг их цаг завтай, ажил хийдэггүй, нөхөр нь их баян гэж ойлгох хандлага ч гаргасан удаатай. Миний хувьд хувиараа бизнес эрхэлдэг болохоор аялахад, бас гэр бүлдээ цаг гаргаж байна. Уг нь би нягтлан бодогч мэргэжилтэй. Хэрэв хувийн компанид ажиллаж байсан бол надад өдөр бүр хүүхдэдээ цаг гаргах боломж гарахгүй байсан болов уу. Саяхнаас пэйж хуудсаараа гэр бүлийнхээ зургийг дэлгэсэн. Нөхөр маань фитнессээр хичээллэдэг. Манай гэр бүл нэгнийхээ сонирхлыг их хүндэлж, ойлгодог.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж