Хятадын хоёр сурвалжлагч Ухань хотод ажиллаж, бодит үнэнийг хүмүүст мэдээлэхийг зорьж, зураг, бичлэг нийтэлж байгаад сураггүй алга болжээ.
Сэтгүүлчдийн нэр нь Фан Бин болон Чен Чюши. Уханийн бодит байдлыг мэдээлсэн тэдний бичлэгүүдийг мянга мянган хүн үздэг байв. Гэвч сүүлийн үед тэднээс сураг дуулдахгүй байгаад олон мянган дагагчид нь санаа зовцгоож байна.
ФАН БИН ГЭЖ ХЭН БЭ?
Фан Бин нь Ухань хотод амьдардаг бизнес эрхлэгч. Тэрбээр анх нэгдүгээр сарын 25-наас эхлэн Ухань хотод байдал ямар байгааг бичлэг хийн, бодит байдлыг мэдээлэхийн тулд бүх чадлаараа хичээхээ амалжээ. Түүний бичлэгүүдийг БНХАУ-аас үзэхэд хориотой ч хүмүүс VPN ашиглан нууцаар үздэг байв.
Тэрбээр жолоо барин Ухань хотоор явж, энд, тэнд байдал ямар буйг харуулсан эхний бичлэгүүд нь мянга гаруй хандалт авчээ. Харин хоёрдугаар сарын 1-нээс Фан Бин хүмүүсээс ярилцлага авдсан бичлэгээ цацаж эхэлсэн байна. Уханийн нэгэн эмнэлгээс найман цогцос гарган машинд ачиж буйг харуулсан түүний бичлэг 200 мянган хандалт авсан байна.
Тэр үдэш цагдаа нар түүнийг баривчлан, дахин бичлэг хийхгүй байхыг сануулаад байцаалт аваад сулласан талаар Фан мэдээлжээ. Хоёрдугаар сарын 9-нд нийтэлсэн 13-хан секундын бичлэгт "Бүх ард түмэн минь бос. Засгийн эрх мэдэл, хүч чадлыг ард түмэнд буцаан өг" гэх яриа бичигджээ. Энэхүү 13 секундын бичлэгээс хойш тэрбээр ор сураггүй болсон бөгөөд сэтгүүлчдэд юу тохиолдсоныг одоогоор хэн ч мэдэхгүй байна.
ЧЕН ЧЮШИ ГЭЖ ХЭН БЭ?
Чен Чюши нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дунд аль хэдийнэ нэр хүндээ олсон хүний эрхийн хуульч. Тэрбээр өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Хонгконгийн жагсаалын үеэр бодит байдлыг газар дээрээс нь сурвалжилсан бичлэг цацаж байжээ.
Түүнийг эргэн эх орондоо буцан ирэхэд эрх баригчид хараа, хяналтдаа авсан байна. Чен Чюшигийн Хятад цахим аккаунт устгагдахаасаа өмнө 700 мянга гаруй дагагчтай байв. Гэвч тэр бууж өгөөгүй юм. 2019 оны аравдугаар сард Чен youtube хуудас нээж, 400 мянган дагагч, твиттер дээр 265 мянган уншигчтай болжээ.
Тэрбээр нэгдүгээр сарын сүүл үеэр Уханьд очиж, нөхцөл байдлын талаар хүмүүст үнэнийг дуулгахаар шийджээ. Чен эхний бичлэг дээрээ "Би өөрийн камераар дамжуулан бодит байдлыг та бүхэнд үнэнээр нь хүргэнэ. Юуг ч нууж хаахгүй гэдгээ андгайлъя" гэж амалсан байдаг.
Чен Уханьд олон эмнэлгээр орж, өвчтөнүүдээс яриа аван нөхцөл байдлыг хүргэж байв. Тэр өөрийгөө хэчнээн их эрсдэлд оруулж буйгаа мэдэж байсан аж. Тэрбээр BBC агентлагт өөрийгөө хэр удаан амьд байхаа ч мэдэхгүй гэдгээ ярьсан байна. "Дээрээс мэдээлэлд их хатуу цензур тавьж байна. Жишээ нь, миний мэдээг цааш нь түгээсэн хүмүүсийн хуудас устгагддаг" гэжээ.
Хоёрдугаар сарын 7-нд түүний твиттерт сүүлийн бичлэг нь нийтлэгджээ. Бичлэг дээр түүний найз болон ээж нь гарах бөгөөд Чен нэг хоногийн өмнө алга болсон тухай ярих аж. Түүний найз гэх Шиү Шиаодон сүүлд нь хүчээр карантилагдсан талаар youtube-д бичлэг нийтэлжээ.
ЭРХ БАРИГЧИД ЮУ ГЭВ?
Хятадын эрх баригчид тэдний талаар ам чангатай байна. Фан Бин болон Чен Чюши нар одоо хаана байгаа, мөн карантилагдсан бол хэзээ суллагдах талаар албан ёсны тодорхой мэдээлэл алга байна. Тэдний дагагчид хоёр сурвалжлагчийг нэг бол цагдаа нар авч явсан, эсвэл хүчээр карантилсан гэж сэжиглэж, ядаж ар гэрт нь мэдээлэхийг шаардаж байгаа юм.
ЯАГААД АРД ТҮМЭН САНАА ЗОВЖ БАЙНА ВЭ?
Бээжин засгийн бодлогыг шүүмжилсэн идэвхтэнүүдийг чимээгүй болгохдоо нэн туршлагатай. Өвчин илэрсэн эхний үед аль болох нууцлахыг хичээж байсныг бүгд мэднэ. Тиймээс энэ шинэ асуудал биш гэж "Хүний эрхийн харуул" (HRW)-ын судлаачид хэлжээ.
Ли Венлиан гэх нэгэн нүдний эмч арванхоёрдугаар сарын эхээр вирусийн тухай анх бусдад сэрэмжлүүлэхэд цагдаа нар түүнд сануулга өгч, чимээгүй болгосон. Ли эмч хожим тэрхүү вирусээс өвчилж, нас барсан. Ли эмчийн үхэл ард түмний уур хилэнг бадрааж, Хятадын эрх баригчдыг багагүй сандраасан бөгөөд тэд Ли эмчийн үхлийн тухай аливаа мэдээлэлд бүр ч их цензуртэй хандаж эхэлсэн юм.
Хүний эрхийг хамгаалагч Ячиү Ван "BBC" агентлагт "Хятадын эрх баригчид онц ноцтой нөхцөл байдлын үед, засгийн газрыг шүүмжилсэн, үнэнийг хэлсэн, хүний эрхийн төлөө дуугарсан иргэдээ донгодож, хүчээр чимээгүй болгодог арвин их түүхтэй. Жишээ нь, 2003 оны SARS8 2008 оны Уэньчуаны газар хөдлөлт, 2011 оны Уэньжөү дэхь галт тэрэгний осол, 2015 оны Тианжин дахь химийн үйлдвэрийн дэлбэрэлт. Эрх баригчид мэдээллийн эрх чөлөө гэж юу байдгийг, ил тод байдал, хүний эрхийг ойлгож, хүндэлж сурах хэрэгтэй. Бүгдийг нууснаараа тэд өөрсдийнхөө нэр хүндийг унагаж байна" гэжээ.
Хятадын мэдээллийн сайт Weibo дээр хоёр сурвалжлагчтай холбоотой олон сэтгэгдэл устгагдаж байгаагаас нэгэн сэтгэгдлийг BBC агентлаг амжиж хадгалан авчээ. Сэтгэгдэл дээр "Тэд түүхийг дахин бичиж, аажим аажмаар Чен Чюши гэдэг хүн хаана ч амьдарч байгаагүй мэт болгоно" гэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ