Италийн Коппа Италиа тэмцээний хүрээнд өчигдөр/2020.02.13/ АС Милан болон Ювентус багууд Сан Сиро цэнгэлдэхэд хагас шигшээн эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс талбайн зочид болох Ювентус баг бөмбөг илүүтэй эзэмшиж байсан ч тоглолтын эхний гоолыг талбайн эздийн Хорват довтлогч Анте Ребич 61 дэх минутад оруулж, АС Милан баг тэргүүлж эхэлсэн.
АС Милан баг энэ тоглолтод 37 хувьтай бөмбөг эзэмшиж байсан боловч эсрэг багийн хаалга руу 21 цохиж, 11 нь хаалгаа оножээ. Харин 63 хувьтай бөмбөг эзэмшиж байсан Ювентус баг хаалга руу 14 цохиж, ердөө дөрөв нь хаалгаа оносон байна. Тоглолтын гол эргэлтийн цэг 71 дэх минутад тохиолдсон. АС Миланы Франц жигүүрийн хамгаалагч Тео Хернандез эсрэг багийн тоглогч дээр зөрчил гарган хоёр дахь шар хуудсаа хүртэн талбайг чөлөөлсөн юм. Ийнхүү арван хүнтэй үлдсэн АС Милан 1-0 гэсэн үр дүнгээ хамгаалах томхон даалгавартай үлдсэн.
Тэдний төлөвлөгөө ёсоор бүтэж, бараг л ялалт байгуулахын даваан дээр буюу 90+1 дэх минутад Кристиано Роналдогийн унаж татан өшиглөсөн бөмбөгийг АС Миланы хамгаалагч Давиде Калабриа гараараа хаасан нь давтан бичлэгээр тогтоогдож, торгуулийн цохилт цохих эрхийг Ювентус баг олж авсан.
Ийнхүү олдсон боломжийг дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо амжилттай гүйцэтгэж, хоёр багийн эхний тоглолт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөлөө. Хариу тоглолт ирэх гуравдугаар сарын 5-нд Ювентусын Аллианз цэнгэлдэхэд зохион байгуулагдана.
Өдгөө 35 настай Кристиано Роналдо сүүлийн 7 тоглолтод 11 гоол оруулаад зогсохгүй энэ улиралд 35 тоглолтод оролцохдоо 35 гоол оруулаад байна.
Холбоотой мэдээ