ЭМЯ: БНХАУ-аас хил нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

ЭМЯ: БНХАУ-аас хил нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

ЭМЯ: БНХАУ-аас хил нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсад коронавирусийн сэжигтэй 120 гаруй тохиолдол бүртгэгдэж, иргэдийг судалж тандалт судалгаа хийж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд есөн хүн хянагдаж байна. Дорноговь, Баян-Өлгий аймгаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн коронавирусийн халдварыг эцсийн байдлаар оношлох оношлуурын шинжилгээний хариу баттай гэдгийг ХӨСҮТ-ийнхэн мэдээлэв. Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсад эхний 200 оношлуурыг илгээсэн бол дахин мянган оношлуурыг хүлээн аваад буй. Харин коронавирусийн оношлуураар нэг өвчтөнийг 4-5 удаа үзэж байж шинжилгээний хариу бодит гардаг гэх мэдээллийг албаны эх сурвалжууд үгүйсгэж байна. ХӨСҮТ-ийн захираг Г.Нямхүүгийн хэлснээр коронавирусийн оношлуураар нэг л удаа оношилж, шинжилгээний хариуг баталгаажуулах юм байна. Иймд шинжилгээний хариу гарсан тохиолдолд дахин Япон улс руу илгээж баталгаажуулах шаардлагагүй гэдгийг тодотгож байв.

        УХАНИАС ИРСЭН ОЮУТНУУДААС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү: 2020 оны хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан Дорнод, Баян-Өлгий, шинжилгээний хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-УБ онгоцоор ирсэн Хунань мужид сурдаг зургаан оюутан тусгаарлагдсан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар есөн хүн хянагдаж байна. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудаас коронавирусийн халдвар илрээгүй. Тэд нэгдүгээр сарын 23-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл БНХАУ-ын эмч нарын хяналтад байсан. Эх орондоо ирээд ХӨСҮТ-д эмчийн хяналтад байх хугацаандаа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Маргааш оюутнуудын 14 хоногийн хугацаа нь дуусах учраас бид хуралдаж шийдвэрлэхээр болсон.

ИРГЭД ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛЭЭ МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙНА

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн 120 гаруй иргэнийг судалж, тандалт судалгаа хийж байна. Иргэдийн дунд Зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл явсан тохиолдол байгаа ч мэдээллээ үнэн бодит мэдээлэхгүй байгаа нь хүндрэл учруулж байна. Өвөрхангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх иргэнээс улирлын томуугийн шинж тэмдэг илэрсэн. Мөн урд хөршид дэгдсэн шувууны ханиад манай улсад одоогоор бүртгэгдээгүй.

БНХАУ-ААС ХИЛ НЭВТЭРСЭН ИРГЭДИЙГ ӨНӨӨДРӨӨС ТУСГААРЛАНА

Гадаад харилцааны яамны мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас Монгол Улсын хилээр нэвтэрч буй иргэдийг 14 хоног тусгаарлана гэдгийг мэдэгдлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Эх орондоо ирэх хүсэлтэй 400 орчим иргэнийг авчрах асуудлыг зохион байгуулна. Тэд хүсэлтээ өгвөл бид энэ асуудлыг шийдвэрлэнэ. Мөн Эрээн болон Хөх хот орчимд зорчихоор тасалбар авсан байсан 50 орчим иргэний асуудлыг шийдвэрлэхээр бид ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас ирсэн иргэдийг хилээр нэвтэрсэн даруй 14 хоног тусгаарлана.

ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан ХХААХҮЯ-наас хүнсний хомсдол үүсэх нөхцөл бүрдээгүй гэсэн тайлбар өглөө. Тус яамны мэдээлснээр Монгол Улс хилээ хаасантай холбогдуулан хүнс болон импортын бүтээгдэхүүн зогсоогүй. Гэхдээ шувууны мах, өндөг импортлохыг хязгаарлажээ. Монгол Улсад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хомсдолд ороогүй, нөөц хангалтай бий аж. Мөн зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх тул хүнсний хомсдол үүсэх нөхцөл бүрдээгүйг онцоллоо. Түүнчлэн Монгол Улс махны экспортод тодорхой хэмжээний хязгаарлалт тавьсан бол улаанбуудайн гурилын хангалттай нөөц байгаа ч цаашид аж ахуй нэгжүүдэд гурилын хязгаарлалт тавина гэдгийг мэдэгдлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр нийтийн тээвэр, такси, жолооч нарт амны хаалт хэрэглэх, гар ариутгагч байршуулах, худалдааны төвийн ажилтан, үйлчлүүлэгч нарт амны хаалт хэрэглэж, гар ариутгагч байршуулах шаардлага тавьж буй юм байна.

БАЯН-ӨЛГИЙН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРАВ

ОБЕГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Хонгор: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдалд зарласантай холбогдуулан НОБГ УОК комиссоорс байна. Цаашид бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлэх тал дээр анхаарч байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Б.Нямхүү: Хуурамч мэдээлэл тараасан 20 гаруй иргэнийг илрүүлэн шалгаж байна.

Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан иргэнээс нарийвчилсан шинжилгээ авсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тусгаарлагдсан иргэн нь хоёрдугаар сарын 7-ны өдөр 21 настай эрэгтэй Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн бөгөөд хоёрдугаар сарын 11-ний өдөр хувийн таксигаар Баян-Өлгий аймагт очсон байна. Тухайн иргэний биед халуурсан шинж тэмдэг илэрсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж