Чанаргүйдэл нийгмийн оюун санаанд

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Чанаргүйдэл нийгмийн оюун санаанд

Энэ нийтлэл гурван долоо хоногийн өмнө шахуу хэвлүүлсэн “ном, ном хэвлэл, номын сантай” холбоотой өгүүллийн маань үргэлжлэл юм. Аль аль нийтлэл нь нийгмийн оюун санааны түвшин, хэм хэмжээтэй холбоотой учраас ингэж хэлж байна.

1996, 97 оны үед БНЭУ-ын Шинэ Делигийн Неругийн Их сургуульд (JNU) зочин профессороор ажиллаж байхдаа тухайн үед Боловсролын сайд хийж байсан Ч.Лхагважавтай хамтарч төвийн нэг сонинд “Боловсролын философи” өгүүлэл нийтлүүлсэн маань олны анхааралд нэлээд өртсөн юмдаг. Тэр нийтлэлд боловсролын талаарх ерөнхий философио гаргаж байсан бол энэ удаад шүүмжлэлт агуулга бүхий өгүүлэл тэрлэхээс аргагүйд хүрлээ. Монголчуудын боловсрол үнэхээр дор түвшинд оччихож.

Монголд бүх юм чанаргүйжиж байна, хаа сайгүй чанаргүйдэл. Бараа таваарын чанаргүйдэл, мэргэжил ба мэргэжилтний чанаргүйдэл, боловсролын чанаргүйдэл, шүүх, хууль цаазын чанаргүйдэл, энэ талаар ярих юм биш, аймшигтай төвшинд очсон, хүн чанарын чанаргүйдэл (ёс суртахууны чанаргүйдэл яах аргагүй оюун санааны чанаргүйдэлд багтах боловч миний хувьд моралийн уналтын талаар зөндөө ярьсан учраас энд хөндөхгүй). Хамгийн ихээр чанаргүйжиж буй үзэгдлийн тоонд боловсрол, тэр тусмаа дээд (Их сургуулийн) боловсрол орно.

Их, дээд сургуулиуд. Монголын ардчилсан лидерүүдийн нэгнийх нь хэлснээр 3.3 саяхан хүнтэй Монголын дэлхийд гайхагдаж буй зүйлсийн нэг нь их, дээд сургуулиуд юм гэнэ лээ. 100 гаруй их, дээд сургуультай гэж байгаа шүү дээ.

Үнэндээ, эдгээр нь Монголыг, монгол залуучуудыг хорлож буй газар. Монголыг оюуны доройтолд оруулж буй олон хүчин зүйл бий. Тэдгээрийн нэг нь яах аргагүй их, дээд сургуулиуд. Тэр тусмаа хувийн их, дээд сургуулиуд. Юун University, зүгээр л оюун санаа, мэдлэг, боловсролын “жижиглэнгийн худалдаа”. Монголын шинэ үеийнхэн эдгээр ТҮЦ-ээр University боловсрол эзэмшиж, оюун санааны хэрэгцээгээ хангах юм гэнэ. Хэдэн үг, нэр томьёо цээжилчхээд түүгээр гоёж явагсад л энэ ТҮЦ-үүдийн эзэд, профессорууд байдаг.

Манай аль ч Их сургууль яг л ерөнхий боловсролын сургуулиуд шиг. Профессор, багш нар нь гэж хичээлдээ (цагт) даруулсан хүмүүс. Төгсөгчид нь энд тэнд лангуун дээр сууна, хэн нэг дарганцрын үүдний өрөө сахина. Нэлээд нь гудамжинд гардаг. Үнэндээ, энэ “Их сургуулиудын” туйлын зорилго бол мөнгө, өөр зорилго байхгүй гээд хэлчхэд хилсдэхгүй. Иргэд маань боловсрол гэж юу болохыг мэддэггүй учраас үр хүүхдээ эдгээр сургуульд оруулж, ямар ч хамаагүй нэг дипломтой л болгохыг хүсдэг. Тэгээд ч үр хүүхэд нь “дипломны хавтас” гээч нь болж байна.

Монголд Их сургуулийн боловсрол шалан дээр унажээ. Арга ч үгүй юм байх аа даа, хэдэн жилийн өмнө МУИС-ийн нэгэн нэр хүндтэй, олон эрдэмтэн төрүүлсэн профессор гэхэд л “Мал аж ахуйн гүн ухаан” гэсэн ном бичиж байлаа шүү дээ. Оросоор “Философия скотоводства”, англиар “Philosophy of Animal Husbandry” гэх нь байна шүү дээ. “Ичиж үхмээр” гэдэг үг ч багадмаар байгаа биз. Ийм профессоруудтай байхад яаж ч дэлхийн хэмжээний University боловсролын тухай ярих юм билээ.

Ядахад эрдэм номын өргөө байх ёстой энэ газар Монголын түүхэнд байсан цуст дарангуйлагчийн хөшөөг тахичихаж … 2000 онд Боннын Их сургуулийн профессор Л.Кюрнхардыг дагуулж яваад энэ хөшөөний дэргэд ирээд ихээхэн эвгүй байдалд орж билээ. Их сургуулийн өмнө ийм хүний хөшөө сүндэрлэж байгаа нь тэр профессорт их сонин санагдсан шиг байгаа юм, учиргүй инээгээд “Хоёулаа өмнө нь зогсож байгаад зургаа авахуулъя” гээд байсан. “Түүнд бол инээд, надад бол ханиад” гээч нь болсон л доо. Одоо ч I байранд гадна, дотны эрдэмтдийг оролцуулсан хурал хуй явуулдаг юм билээ. Нөгөөдүүл нь энэ хөшөөг хараад юм хэлэхгүй ч дотроо ямар бодолтой буцдаг бол …?! Хөшөөний талаар цагаатгасан тайлбар хийх хүмүүсийн хэлэх үгийг ч тааварлаж байна. МУИС-ийг үндэслэсэн хүн гэх байх. Тийм юм бол энэ сургуулийг байгуулах зөвшөөрлийг өгч, анхны профессоруудыг илгээсэн Сталины хөшөөг зэрэгцүүлээд босгочих хэрэгтэй шүү дээ.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад Их сургуулиуд нь нийгэмд үүргээ гүйцэтгэж чадаж байна. Тэр хэрээрээ Их сургууль нь ч, профессорууд нь ч нийгэмд, олон түмэнд нэр хүндтэй байх аж. Германы Бохум хотын Рурын Их сургуулийн нэг Профессор (Full Professor л доо) гэхэд л тусгай өрөөтэй, үүдэндээ туслахтай, гадны судлаачийг Их сургуулийнхаа зардлаар урьж тодорхой хугацаанд ажиллуулах эрхтэй гээд ихээхэн эрх дархтай байдаг юм билээ. Тэд судалгааны ажлаа хийнэ гээд зарим семестрт хичээл орохгүй байх нь ч бий. Их сургууль гэдэг чинь ийм л байдаг, ийм газраас улс-оронд хэрэгтэй мэдлэг үйлдвэрлэгдэн гардаг аж.

Монголчууд бид боловсролын тал дээр тун сул шалгууртай. Эрт үеэс л дөнгөж бичиг, үсэг тайлагдсан хүнийг “эрдэм номтой” хүн гэдэг байсан (Тунгалаг Тамир-ын Эрдэнэ, Түмний нэг-ийн Чимид). Одоо ч тэр хэвээр шахуу. Бүр сүүлдээ боловсрол олж авах явдлыг улам бүр хялбарчилж, хэлбэрддэг болоо шив. “Кино боловсрол” ч гэх шиг. Ингэж боловсрол олж авсан олны танил нэгэн эрхмийн ТВ-ээр ярьж байхыг сонссон юм байна. Түүнээс сурвалжлагч киноны ач холбогдлын талаар асуухад “Кино нь боловсрол олоход их тустай зүйл. Жишээ нь, хэрэв бид Гладиатор гэдэг киног үзээгүй бол түүхэнд Гладиатор гэж ямар мундаг хүн байсныг мэдэхгүй өнгөрөх байсан шүү дээ” гэж хариулдаг юм байна. “Кино боловсрол” гэдэг нь энэ дээ, хөөрхий.

Гладиатор гэдэг бол энэ хүний нэр биш мэсчин боолуудын ерөнхий нэр. Кинонд гардаг энэ дүрийн нэрийг Максимус гэдэг. Бидний үед 10 жилийн сургуулийн 5, 6-р ангид “Түгээмэл түүх”-ийн хичээл гэж үздэг байсан бөгөөд “Эртний дэлхий дахины түүх”-ийн (Грек, Ромын тухай) хэсэг дээр “гладиатор” гэсэн үгтэй тааралддаг бөгөөд үүнийг “мэсчин боол” хэмээн орчуулдаг гэсэн ойлгоцтой үлдсэн сэн.

За, энэ залуу ч яах вэ, бүр академич цолтой, ШУА-ийн дэд ерөнхийлөгчийн амнаас сонссон зүйлийнхээ тухай өгүүлье. Монголд их газар авч буй чанаргүйдэл, хуурамч феноменийн нэг л дээ. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны хүн болох тэрээр “Нүүдлийн соёл иргэншил” гэж ярьж байна лээ. Зүгээр л өөрт болон олонход таалагддаг гоё сайхан үгнүүдийг холбоод хэлчхэж байна шүү дээ. Хэрэглэж буй үг, нэр томьёоныхоо утгыг угт нь тултал хөөж, судална гэж огт байхгүй юм. Уг нь эдгээр үгсийг англиар орчуулахад антоним үгс болох нь мэдэгддэг. Сонсоцгооё, Nomadic Civilization. Ямар сонстож байна, “нүүж явдаг соёл иргэншил”, шог байгаа биз.

“Нүүдлийн аж төрөх ёс”, “нүүдлийн амьдрал”, “нүүдлийн аж төрөл”, “нүүдлийн соёл” гэж ярьж болно, тэр ч бүү хэл, нүүдэл гэдэг нь тийм сайн сайхан, мундаг зүйл юм бол “нүүдлийн нийгэм” гэж ярьж болно. Ганцхан “нүүдлийн соёл иргэншил” (nomadic civilization) гэж ярьж болохгүй гэдгийг сүүлийн 20 гаруй жилд мөн ч олон удаа хэлж тайлбарлалаа. Манай нийгэм, хүмүүнлэгийн ухааны эрдэмтдийн толгойд юуны түрүүнд “Яавал олон түмэнд таалагдах бол” гэсэн бодол орж ирдэг бололтой. Тиймээс ч энэ хоёр үгийг холбоод хэлчихвэл олон түмэнд таалагдана гэдгээ мэдэж байна. (Уг нь шинжлэх ухаан, танин мэдэхүйд олон хүнд таалагдах уу, үгүй юү гэдэг огт падлийгүй зүйл шүү дээ.) Нүүдлийн соёл иргэншил гэдгийн эсрэг юм ярьсан хүнд олон түмэн антипаттай хандана, тэгэхээр хар масстай нийлж байгаад балбаад хаячихъя гэсэн ядруухан бодолд хөтлөгддөг. Үнэндээ, судлаач хүн хэчнээн гүн гүнзгий бодож ярина, төдий чинээгээр олон түмнээс холдож, харин өнгөц мэдлэгтнүүд массад ойр сэтгэж, ойлгомжтой ярьснаараа тэдэнд таалагддаг нь зүй тогтол шахуу юм байх аа даа.

Манай нийгэм, хүмүүнлэгийн ухааныхан үнэхээр юм бодож эргэцүүлдэггүй, дээр нь мэдлэг мэдээлэлгүй хүмүүс юм. Хүмүүн төрөлхтөн байгалийн эрхшээлд байх үедээ түүний эрхшээлээр нүүж явдаг байсан, харин соёл иргэншилд орохоороо суурин амьдралтай болдог гэсэн “азбукийн үнэний” талаар жаахан бодчихдог болоосой. Ядахад, судалгааны биш ч гэсэн Britannica, Americana, World Book гэсэн тогтчихсон үнэнийг бичдэг нэвтэрхий толиудыг аваад “Nomadism”, “Nomad”, “Civilization” гэсэн өгүүллийг Related articles, Additional resources-тэй нь харчихдаггүй юм байх даа.

За, тэгээд ийм хүмүүс сүүлдээ бухаж, булзах арга руугаа ороод явчихна. Буруу ярьж байснаа нэг ойлгохчоо болмогцоо үгээр жонглёрдож хүний толгойг эргүүлэх гэнэ. Би түүнийг чинь “… ийм утгаар”, “… тийм утгаар хэрэглэсэн юм”, “соёл иргэншил гэдгийг ийм, тийм утгаар ойлгож байсан” гээд булзаад эхэлдэг. Зориуд холион бантан хийнэ. Тэд яаж ч бухаж булзлаа гэсэн эцсийн эцэст “нүүж явдаг соёл иргэншил” (бүр тодруулбал “нүүж явдаг суурьшил”) гэж байдаг гэсэн зүйл ярьсан хүмүүс шүү дээ.

Академич цолтой энэ эрхэм бас “Философийн шинжлэх ухаан” гэж ярих. Философи бол шинжлэх ухаан биш, хүмүүнлэгийн ухаан. Философи, шинжлэх ухаан хоёр нэг нь нөгөөдөө багтдаггүй, паралель оршдог мэдлэгийн хоёр том салбар. Формаль логикийн үүднээс бол энэ хоёр огтлолцох харилцаанд орж болно, түүнээс биш нэг нь нөгөөгөө багтаасан захирах, захирагдах харилцаанд ордоггүй ойлголтууд. Ядахад “Философийн шинжлэх ухаан” гэдгийг олон улсын хурал дээр англи руу юу гэж буулгах вэ?  “Philosophical Science” гэх юм уу, “шараа” гэдэг чинь болно биз дээ. Ийм л хүмүүс Монголын шинжлэх ухааны байгууллагыг толгойлж байна шүү дээ. Ийм хүмүүс олшрохоор шинжлэх ухаан, танин мэдэхүй “буруу замаар будаа тээж”, үнэнд захирагдаж байх ёстой судлаачид маань “ордны сэхээтнүүд” болж хувирдаг. Ер нь, Монголд pseudo үзэгдэл бүх салбарт хэтэрхий газар авч байна.

Манайхан их хачин, өөрсдийнх нь мэргэжлээр ихээхэн шуугиан тарьсан, сонирхолтой ном Баруунд гарчхаад байхад түүнийг эс мэдэж, үл тоомсорлосон дүр үзүүлнэ. Энэ байдлаа цагаатгасан жижүүрийн хэдэн үгтэй: “Үндэсний өв соёл л чухал”, “Нууц товчоо-нд энэ тухай чинь байдаг юм”, “Манай нүүдэлчин өвөг дээдэс үүнийг аль хэдийн мэдчихсэн байсан, даан ч бичиг үсэг мэддэггүй байсан болохоор бичмэл өв үлдээгүй” гэх мэт. Ийм үндэслэл гаргаж буй хүмүүстэй юу ч ярих билээ!

Хүмүүсийн араншин. Бидэнд тогтсон үзэл баримтлал огт байхгүй. Бүгдийг сонссон, гэхдээ нэгийг нь ч мөн чанараар нь ойлгоогүй байдаг. Нэгэнт ойлгоогүй учраас тухайн үзэл баримтлалдаа үнэнч байна гэдэг “ёстой гонжийн жоо”. Ашигтай бол (ашиг гэдгийг зөвхөн материаллаг утгаар ойлгоно) өчигдөр зүүн, өнөөдөр баруун, маргааш төвийн байр суурин дээр оччихсон тууж явна.

Ер нь, монгол хүний оюун санаа муухай зэрэмдлэгдсэн. Нүүдэлчнийх ч биш, суурин иргэнийх ч биш; Өрнийнх ч биш, Дорнынх ч биш; капиталист ч биш, социалист ч биш; индивидуаль ч биш, коммунитари ч биш; марксист ч биш, либерал ч биш; буддист ч биш, христэч ч биш.

Сэхээтнүүд нь бараг, бүгд сэтгэлгээний хүмүүжилгүй. Сэтгэлгээний соёл суугаагүй гэж ярьдаг даа. Ярьж байгаа зүйл нь жил, сар, 7 хоног, өчигдрийн, тэр ч бүү хэл ярианых нь эхэнд өгүүлсэн зүйлтэй зөрчилдөөд байгааг ухамсарлахгүй. Туйлын замбараагүй сэтгэнэ. Оюун дүгнэлт, бодомж, сэтгэлгээ нь энд тэнд үсчээд, эргэж буцаад, өөрөө өөртэйгөө зөрчилдсөн юм яриад, ойлгоогүй сэдвээрээ үхэн хатан маргалдаад, А шугамаар сэтгэж байснаа холби үсрээд Б шугам руу орчихно. Тэгснээ эргээд В байран дээр очно. Голдуу үгний түвшинд сэтгэнэ. Ойлголтын түвшинд сэтгэж харьцана гэж байхгүй. Бухаж, булзана гэж жигтэйхэн. Хэзээ ч буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, тас зүтгээд л гаръя гэсэн бодолтой. Энгийн силлогизм, парадоксыг зөв томьёолоод учрыг олчхож дөнгөхгүй иймэрхүү хүмүүс насаараа МУИС-д философи заахыг харлаа. Заримдаа “Эд яачих аа вэ!” гэсэн цөхрөнги, гунигт бодол төрөх юм. Бүр халагламаар. Ийм байдалтай болчихсоныг нь мэддэг учраас захын юмнууд гудамжнаас тэднийг мэргэжлээр нь дээрэлхэж, элэг барьж, доог тохуу хийгээд байна шүү дээ.

Ярьж буй зүйлээ ойлгоогүй хэрнээ мэдэмхийрэх хүмүүс бүр ч олширч. Тэгсэн атлаа “онол хэрэггүй” гэцгээнэ. Үнэн хэрэгтээ, онол гэдэг чинь ярьж буй зүйлээ мөн чанараар нь илэрхийлдэг зүйл шүү дээ. Онол хэрэггүй хэмээн мэдэмхийрэгсэд бол ярьж буй зүйлийнхээ мөн чанар, утга учрыг ойлгоогүй хэрнээ ам хоосон байна гэж байдаггүй хүмүүс. Ийм хүмүүст мань мэт нь байтугай Сократ ч өөрийнхөө майевтикийг хэрэглээд “мэдэхгүйг нь мэдүүлж эс чадах” биз.

Бид юмыг маш өнгөц түвшинд судалж, мэддэг. Жишээ нь, гадаад хэл. Одоо Монголд англи хэл үзэж, судлаагүй хүн алга, нохой нь хүртэл англиар хуцаж байх шиг. Хэдэн үг цээжилсэн нь бушуухан шиг мэдэмхийрэх, гайхуулахаа бодно. Гэхдээ энэ хүмүүс тухайн хэлнийхээ бичиг үсгийн дүрмийг сурч судална, тэр хэл дээрээ гүн гүнзгий утгатай ном зохиол уншина гэж байхгүй. Нөгөө л “Сайн явж ирэв үү?”, “Манай Монгол сайхан байна уу?”, “Манай Чингис хаан дэлхийн талыг эзэлж байсан”, “Одоо манай Монгол төдөн хүнтэй, ийм сайхан байгальтай, тийм том газар нутагтай” гэсэн амны уншлага болсон хэдэн үгтэй. Түүнийгээ англи хэлтэй гээд бодчихсон хүмүүс. Энэ зэргийн англи хэлтнүүдийг харахаар Ринчин гуайн “атга будаа, чимх давс”-ыг асуумаар санагддаг юм.

Гадаад хэл бол хамгийн гол нь мэдлэг олж авах хэрэгсэл шүү дээ. Миний хувьд д гадаад хэл сурахад хамгийн хэцүү нь бичих, мэссэж, захидлын төдий бичгийн хэл биш шүү, дараа нь унших, дараа сонсох, хамгийн амархан нь ярих. Тэр хэлний логик суусан хүн бол  тухайн орчинд 7 хоног практик хийхэд урсгаж өгдөг. Тэгэхээр яагаад ингэж дэс дараалуулсаныг юм гадарлах хүмүүс гадарлана даа.

Монголчууд хосгүй ухаантай болох тухай. Сүүлийн үед монголчууд хосгүй оюун ухаантай болохын баталгаа болгож “ой тогтоолтын аваргуудын” тухай их ярих боллоо. Ой тогтоолт гэдэг бол хүнд байдаг оюуны олон чадваруудын нэг. Энэ нь сэтгэх чадвар биш. Хүнд аналитик сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, дедуктив болон индуктив сэтгэлгээ, рефлектив сэтгэлгээ гээд шинжлэх ухаан-танин мэдэхүйн багаж зэвсэг болж байдаг олон чадвар бий. Тэдгээр нь илүүтэй хөгжвөл бидэнд илүү тустай.

Ой тогтоолт хэрэгтэй нь хэрэгтэй, төвд ном цээжлэхэд бүр ч их хэрэгтэй. Ой тогтоолт гэдэг бол өнгөрсөн цагтай холбогддог оюуны чадвар шүү дээ. Жишээ нь, юмыг амархан мартдаг хэрнээ маш сайн сэтгэдэг эрдэмтэд, суутнуудын тухай их яригддаг. Тэдгээр суутнуудын ой тогтоолт тийм сайнгүй ч сэтгэх чадвар нь үнэхээр бахдам байдаг. Нэг харсан зүйлээ мартдаггүй (зрительная память сайтай гэж ярьдаг даа), хэчнээн жил уулзаагүй хэрнээ утасны цаанаас дуу хоолойгоор нь таньдаг, уншсан зүйлээ ойлгохгүй ч бүгдийг санаж байдаг, ялангуяа он, сар, өдөр, тоо баримт, хүмүүсийн нэр усыг бүгдийг санаж байдаг хүмүүс олон бий. Эднийг сэтгэх чадвар сайтай хэмээн үзэж болохгүй, эд бол ой тогтоолт маш сайтай хүмүүс. Тэд өөрсдөө яагаад ийм байгаагаа ч мэддэггүй. Тэгвэл сэтгэдэг хүн яагаад тийм дүгнэлт, гаргалгаанд хүрсэн логик замаа сайтар мэдэж байдаг.

Энэ бүхнийг хэлснээрээ ой тогтоолтоороо гайхагдаж буй монгол хүмүүсийг доош хийх гээд байгаа юм биш шүү. Зүгээр л ой тогтоолт, сэтгэлгээ гэдэг бол оюун ухааны өөр, өөр үзэгдэл гэдгийг л хэлж байна.

Фанатик ардчилагчийн тухайд. Монголын улс төр хүний эрүүл сэтгэх сэтгэлгээг үгүй хийж байна. “Будаач, будаач …” гэдэг шиг ардчилагч, ардчилагч гэхэд арай хэтэрхий ардчилагчид бас байх юм. 1990 оноос өмнөх бүх зүйл муу муухай гэнэ. Бүр авах зүйл нэг ч байхгүй шүү. Ийм ардчилсан фанатикууд өөрсдийгөө өмнөх нийгмийн үеийн догм сэтгэхүйтэй, фанатик маягийн хөшүүн сэтгэлгээтэй болохыг мэдэхгүй байна.

Бас л ардчиллын лидерүүдийн нэгэнтэй хийсэн яриаг товч өгүүлье. Шолоховын Дөлгөөн Дон-ы тухай. Хальт болсон яриа, цааш гүнзгийрүүлэх аргагүй юм билээ. Тэр нөхөр энэ зохиолыг бараг л Октябрийн хувьсгалын тухай шал дэмий роман гэх нь шахаж билээ. Гэтэл тэр нь бараг экзистенциалист роман байхгүй юү. Хүн хувь заяагаа биш харин хувь заяа хүнийг захирдаг, хүн эрх чөлөөтэй төрдөг боловч амьдрал дээр хаа сайгүй гинжин хүлээсэнд ордог гэсэн утгаар. Романы гол дүр Григорий Пантелеев хэчнээн зоригтой, ухаантай, хүнлэг хүн мөртлөө хувь заяаны ямархан эргүүлэгт орж, хайр дурлалын ямар ээдрээт нөхцөлд амьдарч, улаантан цагаантны талд хэдэн ч удаа эргэж хөрвөдөг билээ. Цаг хугацаа, үйл явдал Октябрийн хувьсгалтай холбоотой өрнөж буй учраас романд энэ тухай өгүүлэхээс өөр арга байсангүй. Энэ зохиол муу зохиол байсан бол Нобелийн шагнал авах уу? Камю, Сартр хоёрын хэн нь билээ, Нобелийн шагналд тодорхойлогдох үедээ “Дөлгөөн Дон-ыг бичсэн Шолохов Нобелийн шагнал аваагүй байхад би энэ шагналыг авах эрхгүй” гэж хэлсэн гэдэг (энэ ярианы үнэн худлыг би мэдэхгүй, гэхдээ Сартр, Камю нар Дөлгөөн Дон-ыг өндрөөр үнэлж байсан нь үнэн).

Эрэлхэг зоригтой, шулуун шударга, ухаалаг, сайхан сэтгэлт Донын казак энэ эр (Григорий Мелехов) хэрхэн хувь заяаны эргүүлэгт орж байгааг Михайл Шолохов “ухамсартай, ухамсаргүй” ямар нэг байдлаар “Дөлгөөн Дон” романдаа маш сайн гаргасан. Солженицыныг шүүмжилж байсан энэ зохиолч бас ийм экзистенциалист маягийн роман туурвичихдаг байна шүү!!! Энэ романыг Шолохов өөрөө бичээгүй гэсэн яриа Орост гарсан байдаг. Хэрэв тэр үнэн бол Шолоховт хандах хандлага маань эрс өөрчлөгдөнө, харин “Дөлгөөн Дон”-д хандах хандлага минь хэвээр үлдэнэ. ЗХУ болон ОХУ-ын үед энэ романаар лав 4 удаа кино хийсэн байдаг (нэгийг нь С.Бондарчук италичуудтай хамтарч хийсэн бөгөөд баахан маргаан болж байж Оростоо авчирсан байх) бөгөөд миний хувьд хамгийн сайн хийгдсэн нь 1957 онд Герасимовын найруулсан кино гэж бодогддог.

Харин манай зохиолчдоос экзистенциализм ханхлуулдаг автор бол яах аргагүй Р.Чойном доо. Тухайн үеийн нийгмийн байдал, анд нөхөд, аав ээж, хань ижил, архи тамхи, амьдралын мөн чанарын тухай шүлгүүд нь яах аргагүй экзистенциалист шинжтэй. Мэдээж, өөрт нь экзистенциализм, тэр ч бүү хэл философи гэж юу болох талаар мэргэжлийн мэдлэг байгаагүй байх л даа, гэхдээ түүний сэтгэлгээ яах аргагүй экзистенциалист утга санаа агуулсан байдаг.

Оптимизмын (өөдрөг үзэлтнүүдийн) тухайд. Магадгүй, доор хийх дүгнэлт минь олон хүнд таалагдахгүй байх л даа. Гэхдээ “аль болох олон хүнд таалагдах гэсэн хүсэл хүнийг хэн ч биш болгодог” (Мишэль Монтэнь) гэсэн үг байдаг. Дүгнэлтээ сонсгоё: хүмүүс ухаажиж боловсрох хэрээрээ пессимист болдог.

Роттердамын Эразм Маанагуудыг магтан дуулъя зохиолдоо хэлсэн гэдэг: “тэнэгүүдэд л энэ орчлонд амьдрахад амар амгалан байдаг байх” гэж. Дорно дахины сэтгэгчдээс Будда ертөнцийг “зовлонгийн мөн чанартай” гээд хутагтын дөрвөн үнэнээ гаргасан. Эдгээр мэргэд яагаад ийм пессимист (дурдсан дүгнэлтүүдийг пессимист биш гэж мэтгэлцэх хүн гарахгүй биз) дүгнэлтэд хүрсэн юм бол?

Хүмүүс пессимист гэхээр нэг урвайсан, уруу дорой, оптимист гэхээр юу ч болж байсан инээд хөөртэй, баяр баясалтай хүмүүс хэмээн боддог байх. Үгүй юм аа, пессимист үзэлтэй боловч маш хөгжилтэй, сэргэлэн зан ааштай, оптимист ч гэсэн дуу шуу багатай, намуун дөлгөөн хүн байдаг. Товчдоо, энэ бол тэр хүний зан ааш, төрх байдлын тухай асуудал биш, нийгэм, орчны асуудалд хэр бодитой хандаж, ирээдүйг хэрхэн харж байна вэ гэдэгтэй холбогддог тодорхойлолт юм.

Нийтэд тогтсон ойлголтоор оптимистууд л мундаг, гүндүүгүй, сайхан хүмүүс юм байх. Өөдрөг байх ямар ч орчин нөхцөлгүй байхад өөдрөг байна гэдэг бол нэлээд хөлдүү, мэдрэмжгүй хүмүүсийн араншин шүү дээ. Амьдарч буй нийгмээ хар, ард түмэн яаж идүүлж, доромжлуулж, дээрэлхүүлж байна. Энэ бүхнийг олж харж чадахгүй, ойлгохгүй байгаа хүмүүст л амьдрал сайн-сайхан юм шиг санагдаж таарна.

Ер нь, монголчууд бид муу муухай зүйлд хэтэрхий дасчихаад байна. Улстөрчид нь хэдэн тэрбумаар идэж ууж, хулгайлна. Жирийн иргэнд ямар нэг шударга бус зүйл тохиолдоод цагдаа, шүүх, прокурорт хандъя. Бүгд хээл хахуульд автсан, эрхтэн дархтанд үйлчилдэг болчихсон. Ийм бузар булай үзэгдэл жилээс жилд газар авсаар. Яваандаа хүмүүс ийм шударга бус үзэгдлүүдийг байдаг л зүйл мэт үздэг болжээ. Бид өөрсдөө дотор нь байсаар байгаад энэ зүй бус үзэгдлүүдэд дөжирч, дасаад “өөриймсчихөж”.

Хамгийн гутармаар нь төрийн өндөрлөгт сууж, улс-орон, ард түмнээсээ хулгайлж, зувчуулдаг хүмүүсийг дээш нь гаргаж ирсэн сонгогчид хүн амын дийлэнхийг бүрдүүлж байна. Энэ сонгогчид хийсэн зүйлээ, улс-орны өнөөгийн байдлын төлөө сонгосон төрийн түшээдтэйгээ хамт хариуцлага хүлээх ёстойгоо ухамсарлах болтлоо өдий юм шиг байна. Ойрын хэдэн арван жилд монголчууд ийм сонголт хийсээр байх болно, 2020, 2024, 2028 онд дахиад л нөгөө хулгайч, луйварчдаа гаргаж ирэх нь тодорхой. 2028 оноос цаашид ч үргэлжлэх болов уу. Ард иргэд МАН, АН, МАХН, Электоратад итгэж байгаа байх, харин хэзээ ч өөртөө итгэдэггүй. Ийм хүмүүсээс өсөн дэвжих, өөдлөх итгэл, найдвар харагдахгүй байна. Тэгэхээр иргэд “энхрий хайрт намдаа” биш өөртөө итгэсэн цагаас л оптимизм эхэлдэг.

Шударга хууль, шүүхийн тогтолцоотой Барууны орны иргэдийн нүдээр харвал жинхэнэ завхарсан нийгэм гэдэг чинь манайх мөнөөсөө мөн. Ийм ардчилал, ийм нийгэм, ийм соёл гэж юу байх вэ дээ. Барууны аль нэг орны иргэнийг манай өнөөгийнх шиг нийгэмд амьдар, энэ улс-орны иргэн бол гэвэл яах бол. Хэчнээн оптимист хүн байсан ч гутарч үхэх байлгүй.

Манайх шиг зүй бус нийгэмд нэлээд пайнагдуу хүмүүс л оптимист байж чадна. Улс төрчид ч “энэ зон олон нийтээрээ ийм оптимист болчхоосой” хэмээн хүсэж байна.

PS: Дараагийн нийтлэл түүх бичлэгт зориулагдана. Түүхийг яаж бичдэг, түүхч хүн ямар мэдлэг боловсролтой байдаг, сэтгэх чадвараа хэрхэн ашигладаг, түүхэн баримтад яаж анализ хийдэг, археологи, антропологи, түүхийн баримтад хэрхэн ханддаг зэргийг Sapiens (Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Хараригийн бүтээл) номыг уншиж байж ойлгов. Их сонирхолтой ном. Энэ бүхэнтэй холбоотойгоор Монголын түүх бичлэгийн тухай ч санал сэтгэгдлээ хуваалцах болно. Уг нь интернэт орчин бол тийм ч сайн орчин биш л дээ (сайн юм ч зөндөө бий, эрх чөлөөний утгаараа). Ямар хүмүүс ороод яаж харааж, ерөөдөгийг мэднэ. Тэд нэрээ нүүрээ үзүүлээд хараал ерөөлөө урсга гэвэл мэдээж чадахгүй. Ном л зүгээр. Үнэхээр юм уншдаг, эргэцүүлдэг хүмүүс ном л барьж авдаг. Социал орчин дээр юу гардагыг бид мэддэг болчихоод банйа шүү дээ.

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж