&#34Гацууртын ордын хувь хэмжээг яаралтай тогтоох шаардлагатай&#34

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

&#34Гацууртын ордын хувь хэмжээг яаралтай тогтоох шаардлагатай&#34

УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын хуралдаанаараа Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргасан билээ. Улмаар тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох шаардлагатай болсон юм. Засгийн газраас Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд зааснаар хамгийн дээд хэмжээ буюу 34 хувь байна гэсэн саналыг УИХ-д өргөн барьсан. Мөн  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувь байхаар талууд тохиролцсон. Гэхдээ алтны үнээс хамаарч дээрх гурван хувь өөрчлөгдөж болно. Ингэхдээ зөвхөн Засгийн газар дээрх шийдвэрийг гаргах юм. Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, долоо хоногийн дараа дахин хэлэлцэх ёстой гэж хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийж, УИХ Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг богино хугацаанд, хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Байнгын хороод хэлэлцүүлгийг хойшлуулж, асуудлыг хойш тавих хооронд нинжа нар буюу гараар алт олборлогч нар стратегийн чухал ач холбогдолтой Гацууртын ордыг хууль бусаар ухаж, дууслаа гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр "Гацууртын ордыг эдийн засгийн хямралтай энэ үед ашиглах шаардлагатай. 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтад хамгийн сайн бэлтгэгдсэн орд” гэв. Уг ордын ашиглалт эхэлснээр үйл ажиллагааны нийт зардал нь нэг тэрбум гаруй ам.доллар бөгөөд улсын төсөвт татвар, төлбөр хэлбэрээр 433.6 сая ам.доллар төвлөрөх юм байна.

Мөн дэлхийн зах заалд газрын тосны үнэ буурсаар байхад Монгол Улсын нефть импортлогч аж ахуйн нэгжүүд яагаад шатахууны үнээ хямдруулахгүй байна вэ. Газрын тосны хилийн үнэ буурсантай холбоотойгоор шатахуун импортлогчдыг үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3.8 хувийн хүүтэй зээлд хамруулахаа больж, энэ оны эхнээс 16-18 хувийн хүүтэй зээлд хамруулах болжээ. Нөгөө талаас шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор манай улс уг бүтээгдэхүүнд ногдуулах импортын болон гаалийн албан татвараа өсгөсөнтэй холбоотой гэнэ. Тухайлбал, Засгийн газрын энэ оны 18-р тогтоолын дагуу алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортолж байгаа А-80 автобензинд тонн тутамд нь 252 мянган төгрөгийн, А-92 автобензинд 259 мянган төгрөгийн, дизелийн түлшинд 265 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж эхэлсэн. Иймээс шууд жижиглэнгийн шатахууны үнийг буулгах боломжгүй. Цаашид ч онцгой албан татварын хэмжээг бараа бүтээгдэхүүнээс нь хамаарч ялган тогтоох асуудал одоо УИХ-аар хэлэлцэгдэж байна гэсэн тайлбарыг салбарын яамнаас нь хийлээ.

Мөн өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84.720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоосон байна. Газрын тосны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээний нөөцтэй байх үүрэг хүлээсэн байдаг. Харин Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар компанийн нөөцийг 84,720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоожээ. Мөн ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж