Элдэв цуурхалд биш ЭМЯ-даа итгэ, монголчууд аа

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

Элдэв цуурхалд биш ЭМЯ-даа итгэ, монголчууд аа

Элдэв цуурхалд биш ЭМЯ-даа итгэ, монголчууд аа

Хэр баргийн ханиад тоодоггүй хэнэггүй монголчууд шинэ коронавирусийн тархалт  сургаар аминдаа хайртай болсон нь сайшаалтай. Эмч мэргэжилтнүүд гараа тогтмол угааж, хувийн ариун цэврээ сахих, дархлаагаа сайжруулахыг байнга анхааруулж буй.  ЭМЯ-ны өдөр тутмын сэрэмжлүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээ, анхааруулгаас иргэд коронавирусын аюул заналын талаар хангалттай мэдээлэлтэй болсон. Тиймээс эмийн сангуудын амны хаалт, ариутгагч бодис " алга" болж  гудамж талбайд нус цэрээ хаядаг хүн цөөрчээ. Хүн бүр эрүүл мэндээ ийнхүү анхаарч эхэлсэн ч эсрэгээрээ элдэв янзын цуурхал нийгэмд айдас "тарааж" байна. Хүмүүсийн айдас дээр тоглолт хийж, хандалт авах гэсэн хувь хүмүүс, хэвлэлийнхэн ч олон нийтийн сүлжээнд олширсон.

Олон нийтийн сүлжээнд цацагдаж буй элдэв янзын албан бус мэдээнээс болж, иргэд дэлгүүрийн лангууг хоослон, шатахуун түлш нөөцөлж буй нь ёстой дайны хажуугаар дажин гэгч болж байна.

"Чоно дүйвээнээр" гэгчээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж, амны хаалт "дамлан" зарах үзэгдэл ч олширов. Эрүүл мэндийн байгууллагаас дархлаагаа сайжруулахыг сэрэмжлүүлж буй бол цагдаагийн байгууллага нийгмийн элдэв цуурхал итгэхгүй байхыг анхааруулах болсон билээ. Эндээс харахад монголчууд эрүүл мэндийн дархлаагаа төдийгүй оюуны дархлаагаа ч сайжруулах цаг болж.

Коронавирусийн талаарх цаг үеийн мэдээг ЭМЯ-наас өдөр бүр өгч байгаа. Гэтэл нөгөө л харддаг, албан биш ам дамжсан мэдээлэлд итгэдэг монголчууд  “Ороод ирчихсэн. Төрийн томчууд дарж байна. Хэд хэдэн хүн нас барчихсан”, “Анхаар: Олон Улсад дэгдээд буй уушгины хатгалгааны коронавирус Монголд бүртгэгдлээ”, “Тайвань улсаас ирсэн монгол иргэн өндөр халуурч, ХӨСҮТ-д тусгаарлагдаж нас барлаа" гэхчилэн цуурхал тараах болсон.  Хамгийн сүүлд иргэн Г-г “Коронавирус Монголд ороод ирсэн” гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацаж, нийгмийг айдаст автуулсанд нь Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, хоёр сая төгрөгөөр торгосон. Энэ бол нийгэмд өгч буй бас нэг анхааруулга. Олон нийтийн сүлжээнд толгойдоо орсноо бичиж болохгүй хуулийн заалт Монголд бий.  Өөрөөр хэлбэл, цуурхал тараавал дор хаяж хоёр сая төгрөгийн торгууль хүлээнэ гэсэн үг.

Цагдаагийн байгууллагаас Монголд коронавирус орж ирсэн талаарх худал мэдээлэл тараасан найман хүнийг шалгаж байгаа. Худал мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 2-20 сая төгрөгөөр торгох заалттай. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах албаны дарга П.Эрдэнэбат “Нийтэд цахим орчинд худал мэдээлэл тараадаг, төөрөгдүүлэх, уриалах, хууль бус үйлдлийг таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ сарын 12-нд Чингэлтэй дүүргийн иргэн Г тараасан болохыг илрүүлсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн иргэдээс Ухань хотоос ирсэн гэж худал мэдээлэл өгөх дуудлагууд ирсээр байгаа нь алба хаагчдын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна. Тиймээс ташаа мэдээлэл тараавал хуулийн хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэсэн билээ.

Ийнхүү шинэ коронавирус монголчуудын эрүүл мэндийг, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг, салбарын сайдын ажлыг, мөн давхар Монголын нийгмийн "дархлаа"-г шалгаж байна гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх.  Өдөр тутмын дуулиан, элдэв цуурхалдаа хэдийнэ дассан Монголын нийгэмд хэн дуртай нь олон нийтийн сүлжээнд юу дуртайгаа бичиж болохгүйн том анхааруулга болов. 

Монголын нийгэм аль хэдийн өвчилж,  дархлаагүй болсон. Албан мэдээнээс илүү ам дамжсан ярианд итгэдэг нь их. Олонх нь олон нийтийн сүлжээний мэдээлэлтэй.  Мэргэжлийн хүний үг, мэргэжлийн хэвлэлийн байгууллагын мэдээнд итгэдэг болсон цагт Монголын нийгэм дархлаатай болж чадна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж