"Хайрлах жор зөвхөн зүрхэнд бий"

Хуучирсан мэдээ: 2020.02.14-нд нийтлэгдсэн

"Хайрлах жор зөвхөн зүрхэнд бий"

Гэгээн Валентины өдөр буюу өнөөдөр /2020.02.14/ аз жаргалтайгаа учирсан хосуудын ариун нандин хайранд дэлхий нийтээрээ умбан баярлацгаадаг. Энэ удаа бид өмнө нь манай сайтад нийтлэгдэж байсан хосуудын тухай ярилцлага, сурвалжлагаас онцолж, хоёр хосоос дараах дөрвөн асуултад хариулт авсан юм.


Тэд:

Хайр гэж таныхаар юуг хэлэх вэ?

-Амьдрал яг юун дээр тогтдог вэ. Мөнгө, хайр, итгэл?

-Аз жаргалтай гэр бүлийн нууц юунд оршдог бол?

-Валентины баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ гэсэн асуултад ихэд сонирхолтой хариулсныг энд онцолъё.

Эхний хос бол Б.Зоригт болон Ж.Өлзийжаргал нар юм. Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр эхлэн цахим хуудаснаа "Зоригоо"-той холбоотой постууд хөвөрч эхэлсэн. Уншигч та хэний тухай, юуны тухай юм бол гэж бодож байж магадгүй ч төрсөн өдрийн өмнөх өдрөө нөхрөөсөө бэлэг горьдож байгаагаа илэрхийлж, хөлдүү төмс Б.Зоригоо хэмээн нөхрөө “цоллосон” бүсгүйн бичлэгийг үзсэн нь лавтай. Тэд 2014 онд танилцсан байна. Б.Зоригт тухайн үед ахынхаа компанид ажиллахын зэрэгцээ хааяа "халтуур" хийдэг байжээ. Нэгэн өдөр хорооллын зам дагуу гар өргөн зогсох Ж.Өлзийжаргалыг суулган, гэрт нь хүргэж өгөхдөө амьдралын хатуу хөтүүг хамт туулах насны ханьтайгаа учрах юм гэж хэн хэн нь төсөөлөөгүй гэдэг.

ХЭН НЭГНИЙГ АЛДАА ОНООТОЙ НЬ ХАМТ ХАЙРЛАХ НЬ ЖИНХЭНЭ ХАЙР 

Д.Өлзийжаргалын хувьд хэн нэгнийг алдаа, оноотой нь хамт хайрлахыг л жинхэнэ хайр хэмээн тодорхойлсон юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Миний бодлоор амьдрал хайр, итгэлцэл хоёр дээр тогтдог. Түүнээс биш хайр мөнгө дээр тогтох нь юу л бол. Мөнгийг ямар тэвэрч, мөнгөтэй ямар ярилцах биш дээ. Мөнгө хэдий чухал ч гэсэн хайраас илүү хоёр биеэ гэсэн сэтгэл чухал.

Хамгийн гол нь өөрийг чинь үнэхээр хайрладаг, ямар ч хэцүү байдалд орсон орхиж явахааргүй хүнийг л олж амьдралаа зохиох хэрэгтэй. Зөв хүнээ олсон цагт  амьдралаа босгож, бүтээх нь илүү амттай, бас хялбар. Харин аз жаргалтай гэр бүлийн нууц нь хоорондоо маш сайн ярилцаж, хоёр биедээ цаг гаргахад орших байх.

Холбоотой мэдээ

Б.Зоригоо маань

Б.Зоригоо маань "гэссэн"

Миний эргэн тойронд нөхөртөө бодож явдаг үгээ хэлэхээс айдаг, тэрийг хэлчихвэл надаас салчих байх гэсэн айдастай амьдардаг олон эмэгтэй бий. Би Б.Зоригоод хэлэх гэсэн үгээ дотроо бодоод явах биш шууд хэлж л орхидог. Хайртай хүнийхээ дэргэд хэлэх гэсэн үгээ санаа зоволгүй хэлж, ямар нэгэн айдасгүй тайван амьдрах нь аз жаргалтай амьдрал юм даа. Үүнээс гадна хосууд маргалдах бүртээ сална, болино гэдэг үгийг битгий хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. 

Заримдаа эмэгтэй хүмүүс найз залуугаа айлгах гээд тоглоомоор сална болино гэдэг дээ. Би ч гэсэн тийм л байсан. Одоо бол тоглоомоор ч бай, айлгах тактикаар ч бай салъя гэдэг үгийг амнаасаа унагахаа больсон. Зоригоо бид хоёр Валентины баярыг сүржин тэмдэглэдэггүй ээ. Гэртээ хамтдаа хоол хийж идээд, шоколад бие биедээ өгөөд л даруухан тэмдэглэнэ дээ” гэв.

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН НУУЦ НЬ ИТГЭЛ

Дараагийн онцлох аз жаргалтай, романтик хос бол Г.Цэрэнлхагва, Б.Золзаяа нар юм. Хуримынхаа ойд зориулж гэрээ чимэглэн, бяцхан хүндэтгэлийн ширээ засч нөхөртөө гэнэтийн бэлэг барьсан романтик эхнэрийн бичлэг цахим хуудаснаа өнгөрсөн оны аравдугаар сард “алдаршиж” байв. Өрх гэрийн нуруу хос баганан дээр тогтдогийн  адилаар амьдрал гэрийн эзэн, эзэгтэй гэсэн хоёр хүний сэтгэлийн багана дээр тогтдог. Тэдний амьдрал хайраас эхэлж, хайраар төлжиж, хайраар дүүрэн. Хосууд таван жилийн өмнө буюу 2014 онд хүүгээ өлгийдөн авчээ.

Холбоотой мэдээ

Аз жаргалтай, романтик хос

Аз жаргалтай, романтик хос

Тэд чемоданаас өөр хогшилгүй гэрт гал голомтоо бадраасан байна. Тухайн үед хоёул төгсөх курст суралцаж байсан ч Г.Цэрэнлхагвад айл гэрээ авч явах хариуцлага оногдсон учраас Батлан хамгаалахын их сургуулийг дундаас нь орхиход хүрч. Тэд хичээлийнхээ хажуугаар хэд хэдэн ажил давхар хийдэг байжээ. Бууз хийж захуудаар зарахаас эхлээд караоке ажиллуулж, онлайн худалдаа хүртэл эрхэлж байснаа дурсан ярих тэдний  нүүрэнд инээмсэглэл тодорч байсан юм. Ингээд тэдний асуултын хариултыг сонирхоцгооё.

ХАЙР БОЛ МАШ ТОМ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

НӨХӨР Г.ЦЭРЭНЛХАГВА: Миний бодлоор хайр гэдэг нь нэг нэгэндээ итгэх итгэл юм. Итгэлийн үндсэн дээр л бид амьдралаа хамтдаа өөд нь татаж, хувь хүн талаасаа болон цугтаа өсч дэвшин, бие биеэ дэмжин амьдардаг шүү дээ.   

Би жинхэнэ хайртайгаа  учирсны дараа хамгийн түрүүнд хайр бол маш том үүрэг хариуцлага гэдгийг ухаарсан.

Харин аз жаргалтай гэр бүлийн нууц нь итгэл, хандлага, хүндлэл дээр тогтох байх. Минийхээр аз жаргалтай амьдрал гэдэг нь ажлаасаа ядраад гэртээ ирэхэд эхнэр, хүү хоёр маань хоол хийгээд, инээгээд угтахыг л хэлнэ дээ. Хичнээн ядарсан ч гэсэн тэднийгээ харахаар жаргалтай болчихдог.

Бид хоёр Валентинаар нэг нэгэндээ сэтгэлээсээ бэлэг өгч, цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөдөг. Валентин гэсэн чинь өмнө нь манай эхнэр Валентины баярын өглөө хүү бид хоёрыг унтаж байхад хоёр хөөрхөн зүрхэн шоколад хийж өгөөд, хажууд нь захиа бичиж үлдээгээд явсан байсан нь санаанд орчихлоо. Ер нь манай эхнэр маш романтик хүн шүү дээ. Өнөөдөр бас нэг юм бодсон л явж байгаа байх. /инээв/

НӨХРӨӨ ХҮНДЭТГЭХ, ОЙЛГОХ МАШ ЧУХАЛ

ЭХНЭР Б.ЗОЛЗАЯА: Хүн бүр хайрыг хүлээж авахдаа өөр өөрөөр мэдэрдэг байх. Өөнтөглөлгүйгээр тэр хүнийг байгаагаар нь хүлээн авч, тэр хүний сул болоод сайн талыг аль алиныг нь бүхлээр нь хайрлаж байвал тэр жинхэнэ хайр мөн. Хайр надад маш олон зүйл ухааруулсан. Би айлын ганц охин учраас эрх танхил, дураараа нэгэн байсан бол хайр амьдралынхаа төлөө зүтгэх, гэр бүлийнхээ төлөө явах, мөрөөдөлтэй байх ёстойг ухааруулсан. Харин амьдрал бие биеэ хүндэтгэх хүндлэл дээр тогтоно. Аз жаргалтай гэр бүлийн нууц нь өнөөдөр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхаас гадна амьдралд илүү шунасан ч хамтдаа нэг мөрөөдөлтэй байх ёстой юм болов уу.

Үүнээс гадна нөхрөө хүндэтгэх, ойлгох маш чухал. Ойлгохын тулд ярилцах хэрэгтэй. Ярилцах үедээ нэгнээ маш сайн сонсох ёстой.

Манай нөхөр 2018 оноос уянгалж эхэлсэн байдаг юм /инээв/. 2018 оны Валентины баяраар надад анх удаа 247 ширхэгтэй зүрхэн шоколад авч өгч билээ. Тэр жилийн баяр санаанаас минь огт гардаггүй” гэв.

БИЕ БИЕИЙНХЭЭ ХҮНДЛЭЛ, ХАЙР ДЭЭР ТУЛГУУРЛАСАН ГЭР БҮЛ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

Хосуудын бат бөх харилцааны талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач, магистр  Р.Бадамцэцэгтэй ярилцлаа.


-Юуны түрүүнд гэр бүл тогтвортой байх цөм суурь юу вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хэрвээ гэр бүлийг байшин барихтай зүйрлэн үзвэл барилгачин /эхнэр, нөхөр хоёр/ хамгийн ихэд анхаарах зүйл нь юу байх бол? Мэдээж байшингийн суурь шүү дээ. Суурь нь хэр гүн бат бөх байхаас тэрхүү байшингийн чанар шалтгаалдаг. Тэгэхээр гэр бүлийн цөм суурь бол эхнэр, нөхрийн хоорондын харилцаа юм. Эхнэр, нөхөр хоёр харилцаагаар дамжуулан бие биеийнхээ онцлог, зан чанар, дадал зуршлыг танин мэдэж, ойлголцож бас хамтарч, дэмжих нь гэр бүлийн суурь. Энэхүү суурь хэдийчинээ бат бөх байна төдийчинээ тухайн гэр бүлд үүсэх магадлалтай асуудлуудыг хосууд маань хамтдаа даван туулж чадах юм.

-Бат бөх гэр бүлийн харилцааг үүсгэхэд эхнэр, нөхрөөс ямар хүчин зүйлс шаардагдах вэ?

-Нэгдүгээрт, Бие биеэ хүндэтгэн харилцах гэдэг зүйлийг сайн бодолцох хэрэгтэй. Эрэгтэй хүн бол намайг хэзээ ч хайрласангүй гэж гомдоллодоггүй. Намайг хүндэлсэнгүй л гэж гомдоллодог. Харин эмэгтэй хүн намайг хүндэлсэнгүй гэхээс илүү намайг хайрласангүй гэж л гомдоллодогТэгэхээр бие биеэ хүндэтгэж, биеийнхээ онцлогт тулгуурлаж харилцах юм бол гэр бүлийн бат бөх харилцааны үндсэн суурь болж өгнө.

Хоёрдугаарт, бие биеийнхээ онцлогт тулгуурлаж харилцсаныхаа дараа гэр бүлийнхээ соёлыг хамтдаа нэгдмэлээр бий болгох. Өнөөдөр эхнэр, нөхрийн тал биш яг өөрсдийн гэр бүлийн соёлыг залуучууд өөрсдөө бий болгох хэрэгтэй. Өөрийн гэр бүлийн соёл гэхээр хамтдаа нэгдмэл нэг хоббитой байх. Эсхүл эхнэр, нөхрийн аль нэг нь оройтож болно. Гэхдээ хаана юу хийж байгаагаа хэлж бай ч гэдэг юм уу ийм соёлыг бий болгочихоор тэрхүү соёлоо хамгаалахын тулд гэр бүлүүд хичээдэг. Гэр бүлийн соёл гэдэг нь анхнаасаа дүрэм журмаа тогтоно гэсэн үг.

Гуравдугаарт, гэр бүлийн чанартай цагийг өнгөрүүлэх чухал. Чанартай цаг гэдэг нь гэр бүлийн гишүүд бүгд оролцсон анхаарал тавьсан харилцаа нь идэвхтэй байхыг хэлдэг. Идэвхтэй байх гэдэг нь хүүхэдтэйгээ хамт хоол хийх, долоо хоногийн нэг өдрийг wifi хэрэглэхгүй гэр бүлээрээ ярилцаж өнгөрөөх зэрэг байж болно.

Дөрөвдүгээрт, хосууд харилцаандаа нээлттэй байх хэрэгтэй. Харилцаа гэдэг зүйл нэг л өдөр алга болоод явчихдаг зүйл биш. Хосууд харилцаагаа өдөр тутамд тойлж арчлах ёстой. Хоёр биеийнхээ харилцаа болон хэрэгцээг хангаж чадахгүй байгаа үед хүн өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх магадлалтай.

Сүүлийн үед залуу гэлтгүй гэр бүлүүд зөвхөн хуримтлал үүсгэхийн тулд хоёр талд завгүй ажиллаад, хоёр биеэ мартчихдаг юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Гэр бүлийн аз жаргал юу вэ гээд маш олон хүнээс асуувал эд баялаг, хөрөнгө мөнгө гэж хэлж магадгүй. Гэхдээ эдийн засгийн ямар нэгэн хүчин зүйлс буюу хуримтлал гэхээсээ илүүтэйгээр хамгийн гол нь хосууд хоорондын харилцаа л чухал. Түүнээс биш гурван өрөө байртай, тансаг машинтай байлаа гээд та хоёрын харилцаа хөндий байвал хэчнээн эд хөрөнгөтэй байгаад яах юм бэ.

Бие биеийнхээ хүндлэл, хайр дээр тулгуурласан гэр бүл аз жаргалтай байдаг. Хамгийн чухал нь эхлээд сэтгэлзүйн хэрэгцээгээ хангачих юм бол хосууд дараа нь өөрсдөдөө байхгүй хэрэгцээг бий болгож чадна. Санхүү чухал уу гэвэл чухал, гэхдээ гэр бүлээ золиослож болохгүй.

Аль болох элэг бүтэн гэр бүлийг л бүтээх хэрэгтэй. Хэрэв хосууд зөв санхүүгийн зохион байгуулалттай байж чадвал аливаа эрсдэлийг ямар ч асуудалгүй даван гарч чадна.

-Хуримын ой, Валентин зэрэг баярыг тэмдэглэхгүй байх нь  хосуудын харилцаа хөрөхөд нөлөөлөх үү?

Энэ нь хосуудын харилцаанд хөрөх үндсэн шалтгаан бол болохгүй. Гэр бүл болгон өөр өөрийн гэсэн соёлтой байдаг. Энэхүү соёл эхнэр, нөхрийн зан төлөв, онцлог, харилцаа гээд олон зүйл дээрээс үүсэн тогтсон байдаг. Магадгүй зарим хосууд хоорондоо ярилцаад тэмдэглэлт баярт өндөр ач холбогдол өгөхгүйгээр тохирсон байж болно. Харин оронд нь аялал ч юм уу хамтын хоббиндоо ач холбогдол өгдөг байж болно. 

Зарим хосуудын хувьд гэр бүлийнхээ онцгой тэмдэглэлт өдөрт өндөр ач холбогдол өгдөг ч байж болно. Энэ нь хосуудын л харилцан тохиролцох асуудал юм. Хосууд энэ тэмдэглэлт баяр дээр үзэл бодлын нэгдмэл ойлголттой байгаасай гэж хүсч байна. Ингэж чадвал энэ нь хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй. Хосын харилцаанд онцгой тэмдэглэлт баярт л хайраа бие, биедээ харуулдаг бус өдөр бүр тэмдэглэлт баяр шиг байвал сайхан. 

-Олон жил ханилсан хүмүүс харилцаагаа анхных шигээ халуун дулаан байлгахыг хүсдэг. Бие биедээ татагдсан хэвээр байхын тулд хосууд юуг анхаарч байх хэрэгтэй вэ?

-Энэ бол их өргөн цар хүрээтэй асуудал юм. Хосууддаа зориулан хэлэхэд "Би чамд хайртай" гэдэг үг  бол нэр үг биш, харин үйл үг юм.

Хайртай гээд хэлэхээр л бүх юм болчихдог биш, харин энэ үгийг дагаад шийдвэр, халамж, хамт байх, туслах, сонсох, үйлчлэх, хувиа хичээхгүй байх, уучлах, тэврэх, цаг гаргах гээд олон үйлдэл дагадаг. Энэ хайр гэдэг нэр үгийг хайрлах гэдэг үйл үг болгон хувиргаасай гэж хүсч байна. 

Тэр үед дахин анхных шиг л тэр халуун дотно мэдрэмжүүд бий болох болно. Дутууг тань нөхөж, дундуурыг дүүргэдэг таны биеийн нэгэн хэсгээ хэрхэн хайрлах жор зөвхөн таны зүрхэнд л бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж