Хятад “Airbus” групптэй 17 тэрбумын гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Хятад “Airbus” групптэй 17 тэрбумын гэрээ байгуулжээ

 

Хятад “Airbus” группээс 130 нисэх онгоц худалдан авах 17 тэрбум еврогийн гэрээ байгуулжээ. Германы канцлер Ангела Меркель Бээжинд Хятадын ерөнхий сайд Ли Кэцянтай өнөөдөр /Х.29/ уулзах үеэр нисэх онгоц худалдан авах гэрээг үзэглэсэн байна. Хятадын зүгээс “Airbus” группээс 30 ширхэг “A330”, 100 ширхэг “A320” загварын нисэх онгоц худалдан авахаар болжээ.

 

Энэ нь дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч болохын төлөөх “Boeing” болон “Airbus” группын хоорондох өрсөлдөөнийг эрчимжүүлж байна. Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард “Boeing” компани Хятадын авиа компаниудаас 300 нисэх онгоцны захиалга авсан талаар мэдээлж байсан юм.

 

“Boeing” компанийн шинжээчдийн дүгнэснээр ирэх 20 жилд Хятадын авиа компаниуд 6330 шинэ нисэх онгоц худалдан авах хэрэгцээ үүсэх гэнэ. Түүнчлэн Хятад улс 2034 он гэхэд дэлхийн хамгийн том аялалын зах зээл болох ирээдүй харагдаж байгааг олон улсын агаарын тээврийн эвсэл мэдээлжээ. Хятадад долоо хоног бүр 70 мянга орчим явах, очих нислэг үйлддэг нь дэлхийн нийт нислэгийн 10 хувийг эзэлдэг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж