ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Шинэ нам, БНН зэрэг улс төрийн 10 гаруй намын дарга, удирдлагуудад өнөөдөр гардуулан өглөө.
“Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн намуудын дарга нарт дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн 30 жилийн алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо ирэх 30 жилд бататгах нь чухал гэсэн юм. Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг, төсөл зэргүүд нь бодитой хэрэгжиж чадаагүй гол шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал, улс төрийн намууд нь ойлголцож улс орны хэмжээний бодлогын баримт бичгүүдээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой гэдгийг тэрбээр онцолсон. Тиймээс улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намчирхалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болсныг тодотгоод энэхүү бодлогын баримт бичгийн төсөлд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй ирүүлж, хамтарч ажиллахыг уриаллаа.
АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын дарга Ж.Батзандан нар энэхүү бодлогын баримт бичгийн төслийг батлагдах хүртэл ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахаа илэрхийлж үг хэлсэн бөгөөд энэхүү урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулсан Засгийн газар, эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийлсэн юм.
“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн найман сарын турш хамтран ажилласан юм.
Тус бодлогын баримт бичгийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт өнгөрсөн сард өргөн барьсан бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа юм. Харин үүнээс өмнө иргэдийн дунд болон улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүдээр төслийг хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгуулахаар ажиллаж буй.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн. “Алсын хараа-2050”-ийн бодлогын гол цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.
Сүүлийн 40-50 жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн Япон, БНСУ, Сингапур, Тайвань зэрэг улс хөгжлийн тодорхой шатанд улс орныхоо хэмжээнд төрөөс маш сайн уялдуулан зохицуулсан төлөвлөлт хийж хөгжлийн бодлогоо 4-5, түүнээс дээш жилийн хугацаагаар төлөвлөн амжилттай хэрэгжүүлж чадсан нь богино хугацаанд эрс хурдтай хөгжилд хүргэх чухал хөшүүрэг болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN
Холбоотой мэдээ