Улсын Онцгой комиссын хуралдаан дээр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Сайжруулсан түлшний орцонд ордог барьцалдуулагчийг Хятад улсаас импортлох боломжгүй болсноор гэр хорооллынхны түлшийг хэрхэн хангах вэ гэдэг хүндхэн асуудалтай тулгарлаа” гэж мэдэгдсэн. Гэвч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар бол барьцалдуулагч бодисыг гурилаар ч орлуулж болох гэнэ.
Тэрбээр “Шахмал түлшийг барьцалдуулагчгүйгээр ч хийж болно. Шаардлагатай гэвэл юугаар ч орлуулчхаж болно. Гурилаар ч орлуулж болдог учраас түлшний нийлүүлэлтэд нэг их хүндрэл үүсэхгүй. Одоогоор барьцалдуулагчийн арав хоногийн нөөцтэй байна. Өдөрт таван тонн орчим барьцалдуулагч ашигладаг” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд хийсэн нь олныг гайхашруулаад байна.
Учир нь барьцалдуулагч бодисыг юугаар ч орлуулж болдог, гурилаар ч орлуулж болох байсан юм бол өнгөрсөн хугацаанд Хятад улсаас импортлох шаардлага байсан уу гэдэг асуудал тавигдаж буй юм.
Ингэхэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шинэ “нээлт” хийчихэв үү, эсвэл шахмал түлшийг юугаар ч хийсэн, чанарын шаардлага хангахгүй байсан ч гэр хорооллынхонд өөр сонголт үлдээгүй тул худалдаж аваад хэрэглэхээс өөр аргагүй гэж үзэв үү.
Барьцалдуулагчгүйгээр шахмал түлш чанарын шаардлага хангахгүй гэдэг зүйл эхлээд яригдаж байсан ч ховрын бараа болоод ирэнгүүт юугаар ч орлуулах боломжтой болж хувирлаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ