“Ханиадтай хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно”

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

“Ханиадтай хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно”

“Ханиадтай хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно”

Монгол Улсын Засгийн газар өнөөдрөөс /2020.02.13/ эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг /хэсэгчлэн/ шилжихээр болсон. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээлэл өгөхдөө “Хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд, 17 чиглэлээр арга хэмжээ авах зөвлөмжүүдийг мэдээллээ. Хэрвээ шинэ коронавирусийн тохиолдол гарсан тохиолдолд шууд хорио цээрийн дэглэм тогтооно. Одоогийн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр хорио цээр тогтоодоггүй. Тэгэхээр бид хөл хорио тогтоохгүйгээр тодорхой чиглэл өгч ажиллана гэсэн үг.

Жишээлбэл, зах худалдааны төв хаахгүй, цагаан сар тэмдэглэхгүй, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх, зар сурталчилгааг хориглох, хуулийн этгээдүүд тусгай горимоор ажиллах зөвлөмжийг зааж өгч байгаа юм. Шууд хөл хорио тогтоосон бол гадуур машин, хүн явахыг хориглоно шүү дээ

Тийм учраас дараах 17 чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.

Тэрбээр “БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарсан талаар дэлхий нийтэд зарласнаас хойш Монгол Улс Засгийн газар, Улсын онцгой комисс 45 хоногийн хугацаанд холбогдох яам, агентлагаас өдөр тутмын бус бэлэн байдалд шилжиж ажилласны хүчинд урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна. Өнөөдөр БНХАУ-г тойрсон бүх улсаас Монголоос бусад нь коронавирусийн халдвар илэрсэн. Гэхдээ Монгол Улсын хувьд хамгийн өндөр эрсдэлтэй улс гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шаардлагатай байсан юм” гэдгийг яриандаа онцоллоо.

 “ИРГЭД ХЭТ АЙДАСТ АВТАЖ, САНДАРСНААР АСУУДЛЫГ ХҮНДРҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ”

Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комиссоос тогтоол, тушаал тус бүр нэг, дөрвөн удаагийн хуралдааны тэмдэглэл гарчээ.

“БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар Монгол Улсыг тойрон дэлхийн олон улсад бүртгэгдээд байна. Энэ онцгой нөхцөл байдлын үед нийгмийн сэтгэл зүйг тайван байлгаж, аюулыг хэрхэн даван туулах, онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар зөвлөмж хүргэж байна. Дэлхийн улс орон бүр өөрсдийн онцгой байдлын дүрэм, журамтай. Мөн дэлхий нийтээрээ дагаж мөрддөг журам гэж бий. Тиймээс ард иргэдийн хувьд аль болох тайван байж, ДЭМБ-аас Эрүүл мэндийн яамны шугамаар дамжуулан байнгын мэдээлэл солилцож байна. Иргэд хэт айдаст автаж, сандарснаар асуудлыг хүндрүүлж болзошгүй. Тиймээс энэ цаг үед мэргэжлийн байгууллагын мэдээ мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөх нь зүйтэй гэдгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл хэлж байв.

“ИМПОРТООР ТАХИАНЫ МАХ, ӨНДӨГ, ТЭЖЭЭЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОСОН”

“Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 10-ны өдрийн дөрөвдүгээр хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Монгол, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг зогсоосон. Үндсэндээ хилийн боомтуудаар БНХАУ-ын тал руу нүүрс нэвтрэхгүй байгаа. Зөвхөн Гашуунсухайт боомтоор зэсийн баяжмал нэвтэрч байна. Замын-Үүд авто замын боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлт нэвтэрч байна. Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ажиллаж байгаа. Хилийн хөдөлгөөнийг бүрэн хаасан асуудал байхгүй. Тухайлбал, БНХАУ-ын талд байгаа монгол иргэдийг авто замын боомтуудаар нэвтрүүлж байгаа. Ер нь Монгол Улсын иргэд Замын-Үүд төмөр замын боомт, Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатарын галт тэргээр хил нэвтэрч байна. Агаарын замын “Буянт-Ухаа” боомтоор чөлөөтэй нэвтэрч байгаа. Тиймээс иргэд хилийг бүрэн хааж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт зогсоно гэж айж, сандрах хэрэггүй. Төмөр замын ачаа эргэлт, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа бол БНХАУ-ын талаас ачаа тээвэрлэлт хэвийн байгаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр зөвхөн тахианы мах, өндөг, тэжээлийг оруулж ирэхийг түр хугацаагаар хориглоод байгаа” талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж мэдээллээ.

“КОРОНАВИРУСИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦСАН 30 ГАРУЙ ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА”

“Өнгөрсөн хоногийн хугацаанд шинэ коронавирусийн халдварын талаар 10 гаруй худал мэдээлэл цацсан хэрэг зөрчил шалгагдаж байна. Эдгээр хэрэг зөрчилтэй холбоотой 30 гаруй иргэн байна. Уг халдварт өвчнийг эх орондоо нэвтрүүлэхгүй, хариуцлагатай хандах хэрэгтэйг сануулж хэлмээр байна. Тухайлбал, ирэх сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор худал мэдээлэл тараасан зөрчил ч байна. Хүний халдварт өвчин гэдэг бол ямар нэг улс төр, шоу биш” гэдгийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалантай хэллээ.

“ФЭЙСБҮҮКИЙН 1000 ГАРУЙ ГРУПП НЭГДЭЖ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ХЯНАНА”

Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг энэ үеэр “Сошиалд орчинд идэвхтэй байдаг фэйсбүүк хуудасны админууд нэгдэж, анх удаа хамтран хуурамч мэдээ мэдээлэлд хяналт тавьж ажиллана. Нийтдээ хоёр сая хүнд нөлөөлж болохуйц мэдээллийн 1000 гаруй фэйсбүүк групп үнэн бодит мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллана” гэлээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж