“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Баян-Өлгий аймгийг онцолж байна.
Эрх баригчид УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг шинэчлэн батлахдаа Баян-Өлгий аймгийн мандатын тоог гурав болгосон нь 12 жилийн өмнөх алдаагаа зассан үйлдэл болж харагдах ч цаад талдаа парламент дахь суудлын тоогоо алдахгүйн төлөөх л хуваарилалт юм.
Казахчууд үндэстний цөөнхийн төлөөлөл болж ажиллах гишүүнээ тодруулахдаа омгийнхоо шийдвэрийг дагаж иржээ. Өөрөөр хэлбэл, намууд нэр дэвшигчээ тодруулж, Баян-Өлгий аймаг руу илгээлээ ч омгийн дэмжлэггүй бол мөнгөн бороо оруулаад ч нэмэргүй, өвдөг шорооддог байна.
Одоогоор омгууд хэнд илүү итгэл үзүүлж, УИХ-д суулгахаа шийдээгүй ч горилогчид нь итгэл хүлээлгэх эсэхээ тандахаар нам, намынхаа хаалга онголзуулж явна.
Урьдчилсан байдлаар МАН-аас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нар өрсөлдөх болов уу гэсэн таамаг яригдаж буй. Гэхдээ А.Тлейханы хувьд энэ удаагийн сонгуулийг өнжих, мөн Х.Баделханд нам нь итгэл үзүүлэхгүй байх магадлалтай ч омгийн нөлөөтэй хүнд тооцогддог нь шийдвэрээ эргэн харахад хүргэж магадгүй аж. Түүнийг омгийнхоо хүчээр 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, гишүүн болсон гэж яригддаг бол Ардын намын хүчээр хоёр ч удаа сайдын суудалд тухалсан хүнээр тодроод буй. Учир нь Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрх барих үед МАН хамтарч, хугацаа нь богино байсан ч Х.Баделхан Аж үйлдвэрийн дэд сайдын алба хашжээ. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр дахь Засгийн газраа байгуулахад Х.Баделхан гишүүнд давхар дээл өмсгөж, Барилга хот байгуулалтын сайд болгосон юм.
Дэд сайд Ж.Саулегийн хувьд өмнөх УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшиж байгаагүй ч казах түмэн эрэгтэйчүүдийн эрхийг илүүд үзэж, сонголт хийж ирснийг санах учиртай. Өнгөрсөн хугацаанд долоон удаагийн УИХ-ын сонгуульд болоход тус аймгаас зөвхөн эрэгтэй нэр дэвшигч ялалт байгуулж иржээ. Гэхдээ Ж.Саулег нам нь хаяж байсан удаагүй, Ардчилсан намтай хамтран Засгийн эрх барьсан үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилсон бол дангаараа эрх барьсан даруйд мөн л энэхүү албан тушаалд нь томилсон. Ийм эрх дархыг эмэгтэй гишүүдээс нь эдэлсэн хүн ховор.
Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд залуусаа сойж магадгүй нь. Тодруулбал, Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержан, Баян-Өлгий аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны гишүүн Ш.Жандос, мөн УИХ-ын гишүүн асан А.Бакей нар дэвшиж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Мурат энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй болж байна. “Зуухны Мурат” нэрээр казахчуудад танигдсан байсан түүнд сонгогчид нь 2016 оны сонгуулиар итгэл үзүүлж, УИХ-ын гишүүн болгосон ч бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн дуулианд нэр холбогдож, асуудал үүсгэсэн нь дахин нэр дэвших боломжгүй болгосон бололтой.
Залуу үеийн төлөөлөл болж, УИХ-д өрсөлдөж магадгүй Ш.Жандост улс төрийн туршлага бага ч Баян-Өлгийн аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нарийн бичгийн дарга, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх сүлжээний Баян-Өлгий аймаг дахь ахлагч, “Алтайн дэвшил хөгжил сан” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Мадинэ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус, тус ажиллажээ. МУИС-ийг социологич мэргэжлээр төгссөн юм байна.
Х.Ержан нь Эрхүүгийн политехникийн их сургуульд инженерээр суралцаж төгсөөд Тайванийн Удирдлагын комиссын сургуулийг дүүргэсэн, Зам тээврийн дэд сайдын алба хашсан төдийгүй, Зам тээврийн сайдын зөвлөхөөр ч мөн ажиллажээ.
УИХ-ын гишүүн асан А.Бакей нь Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэ.й Хоёр удаа дараалан УИХ-д сонгогдоод 2016 оны сонгуульд ялагдаж байжээ.
Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд
1992 он: А.Болат (МАН), Т.Султан (МАН), Х.Володя (МАН)
1996 он: Р.Сандалхан (МАН), Т.Султан (МАН), А.Болат (МАН)
2000 он: Р.Сандалхан (МАН), О.Нигамет (МАН), Х.Жекей (МАН)
2004 он: А.Мурат (АН), А.Бакей (АН), К.Сайран (АН)
2008 он: Х.Жекей (МАН), Х.Баделхан (МАН)
2012 он: А.Бакей (АН), А.Тлейхан (МАН)
2016 он: Х.Баделхан (МАН), Д.Мурат (АН),
2020 он?
Г.ХОРОЛ