Оросын шоронгийн ажилтан асан Виктор Свиридов хоёрдугаар сарын 12-нд Москвад шүүх хурлаар орж, хээл хахууль авсан нь тогтоогдон, гурван жилийн ял сонсмогцоо өөрийгөө буудан амиа хорлолоо хэмээн ОХУ-ын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
71 настай Виктор Свиридов ОХУ-ын шоронгийн моторт тээврийн хэлтсийн дарга байжээ. Тэрбээр шүүхээс ял сонсмогцоо гар буу гаргаж ирээд, өөрийгөө буудсан байна. "Гэм буруутайд тооцсон даруйд Свиридов өөрийгөө буудаж, газар дээрээ нас барсан" хэмээн ТАСС мэдээлсэн байна.
Тэрбээр 10 сая рубль буюу 158 мянга 500 ам.долларын хахуулийг эрүүгийн хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Александр Сапожниковоос авсан аж.
Свиридовийн хуульч Александр Котелницки ТАСС агентлагт "Үйлчлүүлэгч маань дөрөвдүгээр шатны хорт хавдартай байсан ч өглөө шүүх хуралд оролцохоор явахдаа цовоо сэргэлэн байсан" хэмээн ярьжээ.
Свиридов мөрдөн байцаалтад орсноос хойш зорчих эрхээ хасуулсан байсан гэнэ. Мөн эрх баригчид түүнийг шүүх танхимд хэрхэн буу авч орсныг гайхан судалцгааж байна. Шүүх танхимын метал илрүүлэгчид хэвийн ажиллаж байсан аж.
Эх сурвалж: cnn.com