Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Европын Сэргээн босголт хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Стевлана Радченкотой уулзаж, санал солилцлоо. Уулзалтанд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Золзаяа болон Хөтөлбөр хариуцсан банкир А.Үржинбадам нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Улаанбаатар хотыг үргэлж дэмжиж хамтран ажиллаж байдаг ЕСБХБ-нд талархал илэрхийлээд, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа, ирэх хоёр жилд одоогийн явж байгаа автобусуудын 80 хувь нь ашиглалтын хугацаа дуусна. Иймд МУ-ын байгаль цаг уурт зохицсон, аюулгүйн шаардлага хангасан автобус авах нь чухал тул бусад орнуудын туршлагыг судалж байна гээд Хятад, Казакстан, ОХУ, Беларус, Герман, Япон, Солонгос гэсэн долоон улсын автобусуудыг судалж, түлшний хувьд евро 5 дизель, цахилгаан зэргийг судалж байгаагаа танилцууллаа.
БНХАУ-аас 10 цахилгаан автобус туршилтын журмаар оруулж ирсэн. Манай орны хувьд 12, 1, 2 дугаар сарууд бол хамгийн хүйтэн улирал тул энэ нөхцөлд явуулж турших нь чухал байсан. Мөн иргэдийн санал сэтгэгдэл ямар байгааг харж байна хэмээлээ”.
Ахлах банкир Светлана Радченко хэлэхдээ “парк шинэчлэлийн чиглэлээр ЕСБХБ сүүлийн 4 жил төсөл хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард МУ-ын Засгийн газартай 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч парк шинэчлэлийн төсөл багтаагүй, /Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл, Эрчим хүчний төсөл багтсан/ байсан. Тиймээс нэгд батлагдсан өөр төслөөр солих, хоёрт Сангийн яамыг зээлийн дүнгээ нэмэгдүүлэхийг хүсэх, гуравт бие даасан зээл авах гэсэн 3 арга байна. Сүүлийн арга бол хугацаа их орно, харин батлагдсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэхээр бол ирэх тавдугаар сард гэрээнд гарын үсэг зурах боломжтой. Ингэсний дараагаар Олон улсын тендер зарлаж ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээл /LIBOR+1%/ Уур амьсгалын ногоон сангаас нэн хөнгөлөлттэй /хүүгүй/ зээлүүдийн багцаар парк шинэчлэлтийн төслийг санхүүжүүлэх боломжтой гэдгийг мэдээлэв”.
Энэ жилдээ л гэхэд нийтийн тээвэрт 200 цахилгаан автобус, 200 евро 5 дизель автобус мөн 200 хүүхдийн автобус /евро 5/ хэрэгтэй байгааг Б.Отгонсүх дарга нэмж тодрууллаа. Банкны зүгээс энэ төслийг маш ихээр дэмжиж байгаа ба хүүхдийн буюу сургуулийн автобусны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ