Шинэ төрлийн коронавирусийн асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.2.13/ мэдээлэл хийлээ.
БНХАУ-д өвчлөл огцом нэмэгдсэн нь лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж байгаатай холбоотой гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл онцоллоо. Мөн тэрбээр “Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн. ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг хэлсэн. Тэгвэл өчигдөр /2020.02.12/оройн 21.00 цагт, хүмүүс амрах цагаар хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автууллаа” гэсэн юм.
10 ГАРУЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСНЫГ ИЛРҮҮЛСЭН
ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах албаны дарга П.Эрдэнэбат “Өчигдөр оройны худал ташаа мэдээллийг Чингэлтэй дүүргийн иргэн Г тараасан болохыг илрүүлсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Худал ташаа мэдээлэл тараавал хуулийн хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
Цагдаагийн байгууллага нь Монголд коронавирус орж ирсэн талаарх 10 гаруй худал мэдээллийг илрүүлээд байгаа аж. Зөрчлийн тухай хуулийн дагуу энэ мэт худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох юм байна.
БАЯН-ӨЛГИЙН ИРГЭН ЭРЭЭН, БЭЭЖИНГЭЭР ЯВСАН
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Эрүүл мэндийн байгууллагынхан халдварт өвчнөөс иргэдийг хамгаалах, байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байхад зарим иргэд эмнэлгийн ажилчдыг үл тоон харьцаж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол буюу иргэн Н нь Эрүүл мэндийн байгууллагаас халдварын голомт руу зорчихгүй байхыг анхааруулсаар байхад нэгдүгээр сарын 10-нд Эрээн явсан, буцаж ирээд Бээжин явсан, энэ хооронд автобус таксинд маш олон хүнтэй ойр байсан, Хөвсгөл, Говь-Алтай, Булган, Дорнод, Төв аймаг зэрэг олон аймгаар дамжиж явсан байна. Ингээд халуурсан, ханиалгаж, булчин өвдсөн гэх шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байна” гэлээ.
БАЯН-ӨЛГИЙН ХАРИУ МАРГААШ ГАРНА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар, Замын-Үүдэд тусгаарлагдсан тус бүр хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дорнод аймагт тусгаарлагдсан нэг иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний хариу гараагүй байна. Баян-Өлгий аймгаас шинжилгээний сорьц өнөө өглөө 05.00 цагт ирсэн. Хариу маргааш /2020.02.14/ гарна. Одоогоор нийт 120 сэжигтэй тохиолдол хяналтад байна” гэлээ.
Холбоотой мэдээ