Цэцийн гишүүд шалтаг заав уу, шалтгаантай байв уу?

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүд шалтаг заав уу, шалтгаантай байв уу?

Цэцийн гишүүд шалтаг заав уу, шалтгаантай байв уу?

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Засгийн газрын уг шийдвэрийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанууд ч мөн хойшлогдож байгаа нь анхаарал татаж байна.

Уг нь олон нийтийн арга хэмжээ гэдэгт Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан хамаарахгүй байтал цаг үеийн нөхцөл байдлыг далимдуулж, ҮХЦ дунд суудлын хуралдаануудаа хойшлуулж байгаа нь Цэцийн гишүүд шалтаг заав уу, шалтгаантай байв уу.

Цэцийн бага суудлын хуралдааныг гурав, дунд суудлынхыг тав, их суудлынх бол 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хийдэг. Сүүлийн нэг сар ҮХЦ-д ирсэн 25 өргөдөл, мэдээлэл дотор УИХ-аас сүүлд баталсан хэд хэдэн хуулийн зөрчилтэй холбоотой өргөдлүүд зонхилж буй. Тухайлбал, Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өргөдлүүд хуримтлагдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэд хэдэн ахмад Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Харамсалтай нь тэдгээр өргөдлийн ихэнх нь шаардлага хангаагүй, хуулийн үндэслэл нь дутуу гэсэн байдлаар буцаагджээ.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой есөн өргөдөл Цэцэд иржээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тусгасан. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхгүй болсон. Уг заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, МАХН-ын дарга Н.Энхбаяр гавьяат хуульч Ц.Шаравдоржоороо дамжуулж, Үндсэн хуулийн Цэцэд нэгдүгээр сарын 15-ны өдөр хандсан. Мөн гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг хангаж, зохицуулаагүй орхигдуулсан гэснээс гадна нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар уулзалт хийх нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулгатай заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэдийн өргөдөл бий гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон.

Түүнчлэн саналын хуудсыг ямар тохиолдолд хүчингүйд тооцох тухай заалтыг хөндсөн өргөдөл ч ирсэн аж. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой 4-5 өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд иржээ. Уг өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэц УИХ-аас тайлбар мэдээлэл авах учиртай. Тэгвэл одоогоор УИХ-аас тайлбар мэдээллээ гаргаж өгөхгүй сар гаруй өнгөрч байна гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газраас хэлж байна.

         ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ИРГЭНИЙ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЛИЙГ НЬ ХЭДИЙ ХУГАЦААНД ХЯНАН ХЭЛЭЛЦДЭГ ВЭ?

Өргөдөл, мэдээллийг хүлээн авсан Цэцийн гишүүн 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэдэг. Харин Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан гишүүн шууд маргаан үүсгэн шалгах хуулийн заалттай. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгэдэг. Харин маргаан нь ээдрээ, түвэгтэй бол уг хугацааг сунгаж болох хуулийн зохицуулалттай юм байна.

Үндсэн хуулийн манаач болсон Цэц иргэдийн өргөдөл мэдээллийг хэлэлцэхгүй  “хав дарж” байгаа нь Үндсэн хуулийн Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг биш гэж үү. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргадаг учир  “Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг” гэх ч хөх тэнгэр бус улстөрчдийн бүлэглэл байна гэдгийг улстөрчид нь өөрсдөө хэлдэг.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн шүүх бол бүх засаглалаасаа хараат бус байх энэ зарчим өнөөдөр алдагдав уу. Засгийн газрын шийдвэр, тогтоолыг ҮХЦ дагаж мөрдөх ёстой юу зэрэг олон асуулт урган гарч байгаа юм.

Дахин хэлэхэд, Цэцийн бага суудлын хуралдааныг гурав, дунд суудлынхыг тав, их суудлынх бол 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хийдэг атлаа энэ нь олон нийтийн арга хэмжээ мөн эсэхэд Үндсэн хуулийн Цэц хариулт өгнө биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж