Шинэ төрлийн коронавирус буюу “Сovid-19”-өөр сүүлийн 24 цагийн дотор халдварласан болон нас барсан хүний тоо огцом өсчээ. Хубэй мужийн Эрүүлийг хамгаалах газар өнөөдрөөс/2020.02.13/ эхлэн шинээр халдвар авсан иргэдийн тоог бүртгэх аргаа өөрчилснөөр халдвар авсан хүний тоо өмнөх өдрөөсөө бараг 10 дахин нэмэгдэж, 14 мянга 840 болсон байна. Мөн халдварын улмаас нас барсан хүний тоо нь өмнөх өдрөөсөө хоёр гаруй дахинаар нэмэгдэж, 242 болжээ.
Өмнөх өдөр нь Хубэй мужид халдварын 1,638 шинэ тохиолдол, нас барсан 94 тохиолдол бүртгэгдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн оношлуурын тусламжтай илэрсэн тохиолдлуудыг бүртгэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн эмнэлзүйн оношоор илэрсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болсон байна.
Өнөөдрийн тоон мэдээллийн дараа дэлхий даяар коронавирусийн халдвартай 60 мянга 282 хүн, нас барсан 1,367 хүн байгаа бол эдгэрсэн 5,950 хүн байна.
“Covid-19” халдварын улмаас:
- Испанийн Барселона хотноо болох байсан Дэлхийн гар утасны хамгийн том үзэсгэлэн болох “Mobile World Congress” цуцлагдав. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс технологийн компаниуд ирж оролцдог юм.
- Сингапурын хамгийн том банк болох “DBS” банкны нэг ажилтан халдвар авсан нь тогтоогдож, тус ажилтны ажилладаг байсан давхрын 300 орчим ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж тусгаарлажээ.
- Шанхай хотноо дөрөвдүгээр сарын 19-нд болох байсан “Формула 1”-ийн Гран-При тэмцээн хойшлогдлоо.
- Хойд Солонгос хөл хориогоо дахин дөрвөн долоо хоногоор сунгалаа
- АНУ-ын “United Airlines” компани Хятад руу хийх бүх нислэгээ дөрөвдүгээр сарын 24 хүртэл цуцаллаа
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ