З.Энхболд С.Эрдэнийн ахлах зөвлөх болно

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

З.Энхболд С.Эрдэнийн ахлах зөвлөх болно

З.Энхболд С.Эрдэнийн ахлах зөвлөх болно

НЭМЭЛТ:

ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөхөөр болсноо өнөөдөр /2020.02.13/ мэдэгдлээ. Тэрбээр ойрын хугацаанд сонгуулийн бэлтгэлээ хийхээр болж, АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр нь очиж байна. ЕТГ-ын даргын ажлыг Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир авах аж.

Тэрбээр ажлаа өгч байгаа тухайгаа хэлэхдээ “Гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Үүндээ төвлөрөх шаардлагатай байгаа учраас өргөдлөө өгч байна. Ерөнхийлөгч өргөдлийг маань хүлээж авна гэж хэлсэн учраас ажлаа өнөөдөртөө багтаад өгнө. Янз бүрийн цуурхал гарч байгаа учраас албан ёсоор мэдээлэл хийж байна” хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 -Та хаанаас нэр дэвших вэ?

-Хаанаас ч дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. Би АН дээр ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд С.Эрдэнэ даргын орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийнэ. АН-ын сонгуулийн ажилд ямар нэгэн байдлаар оролцоно.

-Ерөнхийлөгчтэй түнжин муутай байгаа гэсэн үнэн үү?

-Ерөнхийлөгчтэй эв түнжин сайтай байгаа.Сонгууль дөхөж байна ажлаа хийдээ гэсэн. Миний оронд Хөл бөмбөгийн холбооны Ө.Шижир ирнэ.

-Өвөрхангай аймгаас бэлтгэсэн “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлгийг таныг захиалж хийлгэсэн гэсэн хардлага байгаа? 

-Би тэр нэвтрүүлгийг үзсэн.Би Өвөрхангай аймгийг төлөөлж найман жил парламентад суусан.
Миний үеийн гишүүд Өвөрхангай аймагт очоод Я.Содбаатар гишүүн шиг тендер авсан гэж та нар огт сонсоогүй байх. Бид тендерт оролцдог ёс зүйгүй гишүүд байгаагүй юм. Оролцож болох л байсан. Сүүлийн дөрвөн жил замбараагүй алдаж.Энэ нэвтрүүлгийг зөв гэж үзэж байгаа.  Цаашид бусад аймгаас ч гэсэн ийм нэвтрүүлэг бэлтгэж гаргаасай гэж хүсч байна.

-Та УИХ-д найман жил Өвөрхангайчуудыг төлөөлж суухдаа яагаад дулааны цахилгаан станц бариагүй юм бэ. Танд боломж, цаг хугацаа аль аль нь байсан?

-Хамгийн сүүлд 10 гаруй сая ам.долларын төслийг хийлгүүлж байсан. 2012 оноос хойш дахин Өвөрхангай аймгаас нэр дэвшээгүй учраас түүний хойш юу болсныг би мэдэхгүй.

-НДС-гийн мөнгийг байршуулж байсан Капитал банк дампуурч, үүнтэй холбоотой зарим хүнийг шалгаж байгаад та ямар тайлбар өгөх вэ?

-2016 оны зургадугаар сард НДС-гийн мөнгийг нэг ч төгрөгийн алдагдалгүйгээр хүлээлгэж өгсөн. Н.Номтойбаярын үед НДС-гийн мөнгө бүрэн бүтэн байсан. С.Чинзориг сайдын үед банкны  байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал С.Чинзориг сайд энэ мөнгөө Капитал банкнаас аваагүй учраас алга болсон. НДС-гийн чөлөөт үлдэгдлийн мөнгийг банканд байршуулдаг гэрээ гэж бий. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж нь С.Чинзориг сайдад байсан. Хэрэв банканд нь мөнгө байхгүй тохиолдолд Төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөөс нь татаж авах эрх нь мөн байсан. 2019 оны эхээр Капитал банк муудсан дохиог Төв банкнаас өгсөөр байтал С.Чинзориг мөнгөө татаж аваагүй нь буруу. Энэ мөнгө алга болсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бол НДЕГ-ын дарга байсан Ц.Уртнасан,  С.Эрдэнэ, Н.Номтойбаярт огт хамаагүй, мөнгө хэний үед алга болсноор нь шалгах байтал огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгах нь буруу. Хуулийн байгууллагынхан ажлаа зохих ёсоор хийхгүй байна.

-АН нэр дэвшигчдээс 100 тэрбум төгрөг авч байж нэр дэвших эрхийг нь өгнө гэж байна. Энэ нь 60 тэрбумын гэх хэргээс ямар ялгаатай юм бэ? 

-100 саяын асуудал дээр АН-ыг сайшаах ёстой. Хэнээс хэдэн төгрөг аваад санхүүгээ босгож байгаагаа ил зарлаж байгаа анхны нам. АН-ын санхүүг үзвэл хэн гэдэг нэр дэвшигчид хэн хэдэн төгрөг өгсөн нь нээлттэй бий. Дэлхий даяар улс төрийн намууд хандиваа ингэж л авдаг.
Манай улсын хувьд нэр дэвшигчээр бүртгүүлээд үнэмлэхээ авахаас нааш данс нээлгэж хандив авч болдоггүй. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулиар намууд аль ч үед хандив авч болно.

Жишээ нь би 40+30 сая төгрөгөө хандиваар цуглуулсан. З.Энхболд гэдэг хүнд хандив өгч болохгүй учраас АН-д хандив өгөөч гэдэг уриалга гаргасан. Хувь хүн нэг сая хүртэл, ААН 10 сая хүртэл төгрөгийн хандив өгөх эрхтэй. 70 хувь хүн эсвэл долоон ААН-ээс 70 сая төгрөг бүрдүүлээд өгсөн. Би хувиасаа нэг ч төгрөг өгөөгүй.

Ямар ч хууль зөрчөөгүй, ямар ч албан тушаал худалдаагүй. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн арга. Хандив өгсөн хүмүүс надаас ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Тэр хүмүүс ямар нэгэн албан тушаалд очихгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй  нөхцөл байдал үүссэн гэж ойлгогдож байгаа?

-Үндсэн хууль буцаж үйлчлэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь Ерөнхийлөгч байсан болон одоогийн Ерөнхийлөгч мөн адил нэг удаа зургаан жилээр сонгогдох боломжтой. Янз бүрээр тайлбарладаг хүмүүс гарч ирж байгаа юм билээ. Үндсэн хуулийг дагадаг УИХ-ын тогтоолд тодотгол хийх замаар энэ асуудлыг тасалж болно. Н.Энхбаяр, П.Очирбат, Ц.Элбэгдорж нарт нэр дэвших эрх нь шинээр үүсч байгаа.

-Таныг  АН-ын сонгуулийн төв штабыг хариуцна гэсэн мэдээлэл байсан?

Би эхлээд өөрийгөө бодож байна. Төв штабын ажлыг хүлээж авахгүй. С.Эрдэнэ даргад би зөвлөгөө өгнө. Тэр ажлыг нэр дэвшихгүй залуучууд хийсэн нь дээр.

-Та өнгөрсөн сонгуулиар АН-ыг сонгуульд бэлдээд унагаасан. Гэтэл 2020 оны сонгуулиар дахин АН-ын сонгуулийн ажилд оролцох нь хэр зохистой юм бэ. Танд өнгөрсөн алдаа бий?

-2012-2016 оны сонгуулийн ялагдлыг би хүлээгээд ажлаа өгсөн. Сонгуулийн өмнөх саруудад рейтинг харьцангуй гайгүй байсан. Аль нэг нам нь УИХ-д 65 суудал авах тийм шинж тэмдэг байгаагүй.Сонгуулийн эцсийн өдөр  “Эрдэнэт”-ийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднаас иргэншил хүссэн гэдэг нь үнэн үү?

-Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай  Элчин сайдын газарт мэдэгдсэн байна лээ.  Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугтаж явах хэрэггүй.


Тэрбээр өмнө нь төрийн ажлаа өгөх цаг нь хараахан болоогүй байна. Наана нь хийж дуусгах ажлууд байна гэдгийг тодотгож байсан юм. Тодруулбал, "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг дуусгах ёстой. Путин Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулна, дараа нь Ерөнхийлөгч ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, Энэтхэгийн айлчлалд бэлдэнэ зэрэг чухал ажлуудыг дуусгах ёстой. Үүний дараа би сонгуульдаа бэлдэж, ажлаа өгнө. Би чинь нэр дэвших хүн шүү дээ, хувийн бэлтгэлдээ орно” хэмээн хэлж байв.

Тэгвэл дээрх төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгасан тул ийнхүү ажлаа өгч байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж