Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэд хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн онцолж хэлэв.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дэд хөтөлбөрт тусгах нэмэлт саналаа хэлээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан олон нийтийн сүлжээгээр явж байгаа худал мэдээлэлд итгэхгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулав. Мөн “Нийслэлээс барьж буй бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд нээлттэй хүргэж ажилладаг. Ямар нэгэн хаалттай хуралдсан зүйл огт байхгүй. Худал мэдээлэл тараасан хүнийг холбогдох байгууллагууд шалгаж шаардлагатай арга хэмжээг авч ажилла” гэсэн үүрэг чиглэлийг өглөө.
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ
Дараа нь хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
Нийслэлийн Засаг даргын 2019.12.26-ны өдрийн “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжаар 100 кВт-ээс дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлгүй 135 халаалтын зуух нь 2020 оны 09 дүгээр сарын 15-наас түүхий нүүрсийг хэрэглэхгүй бөгөөд эдгээр хэрэглэгчдээс 100 кВт-аас 350 кВт хүртэл хүчин чадалтай, сайжруулсан түлш халаалтын зуухын технологид тохирох 17 аж ахуйн нэгж байгууллагын 28 халаалтын зуух байна. Эдгээр халаалтын зуухны түлшний хэрэглээ нь 2248 тонн түүхий нүүрс болж байгаа аж.
Түүхий нүүрс хэрэглэж буй таван хорооны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэг жилийн 37498 тонн түлшин дээр тусгай зөвшөөрөлгүй 100 кВт- 350 кВт-ын хүчин чадалтай 28 халаалтын зуухны 2248 тонн түлшний хэрэгцээг нэмж тооцоход 39746 тонн сайжруулсан түлш болж байна. Энэхүү нэмэлтээр шаардагдах 39746 тонн сайжруулсан түлшийг “Тавантолгой түлш” ХХК нь 2019-2020 оны халаалтын улиралд хэрэглэгчдэд нийлүүлсэн түлшнээс гадна үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж чадна гэж үзэж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэлэв.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн 62 дугаар тогтоолд тусгах нэмэлт, өөрчлөлтийн саналаа Үндэсний хороонд танилцуулж, илүү нарийвчилсан төлөвлөгөөгөө гарган дараагийн зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаны хүмүүст тэмдэглэлээр үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ