Алслагдсан аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжийн татварын 50-90 хувь хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Алслагдсан аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжийн татварын 50-90 хувь хөнгөлнө

Алслагдсан аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжийн татварын 50-90 хувь хөнгөлнө

NEWS агентлаг “Яам агентлагаар сонин сайхан юу байна” буландаа Татварын ерөнхий газрыг онцолж байна.


Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 90.3 хувийг татварын орлого эзэлдэг бөгөөд 2020 онд татварын орлогоос 10,656.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Татварын шинэчлэлийг 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлж байна.

2019 ОНЫ НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН НЭГДСЭН ДҮН ӨНӨӨДӨР ГАРНА 

Татварын ерөнхий газраас 2019 онд НӨАТ-ын буцаан олголтоор 911 мянга 707 албан татвар төлөгч иргэнд 148.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ажээ.Үүнээс хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар НӨАТ-ын тухай хуулийн нөхцөл шаардлага хангасан 882 мянга 814 татвар төлөгч иргэнд 144.3 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна. Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.18-д заасны дагуу ажлын гурав хоногийн дотор Төрийн сангаас эцсийн байдлаар Татварын ерөнхий газарт мэдээллийг хүргүүлэх ажээ.

Үүний зэрэгцээ, татварын шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгохоор болсон. Энэ хүрээнд 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголт ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжих юм байна. Харин хоёрдугаар улирлын буцаан олголт долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголт аравдугаар сард тус тус иргэдийн бүртгэлтэй дансанд шилжинэ. Харин оны дөрөвдүгээр улирлын буюу жилийн эцсийн  урамшууллыг  дараа жилийн эхний хагаст багтаан олгоно.  Иймээс иргэд хувийн мэдээлэл зөрүүтэй эсвэл төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй  шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд өссөн дүнгээр буцаан олголтоо авах юм.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ БОЛОН ИПОТЕКИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮҮ ХООРОНДЫН ЗӨРҮҮГЭЭР ТАТВАРЫГ ХӨНГӨЛНӨ.

Татварын ерөнхий газраас татварын шинэчлэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Доорх шинэчлэлүүд хийгдсэнээр иргэд, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид татварын таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэж үзэж байгаа ажээ.

  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулна
  • НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгоно.
  • Татварын тайлан, бүртгэл, төлөлтийг бүрэн цахимжуулж, татвар төлөх, тайлагнах давтамжийг бууруулна
  • Татварын хууль, тогтоомжийг таниулах, сурталчлах сургах, татварын боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Анх удаа орон сууц худалдан авахад үзүүлэх татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэж, 6 сая төгрөг болов
  • Ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүгээр татварыг хөнгөлнө.
  • Алслагдсан аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжийн татварын 50-90 хувь хөнгөлнө
  • ХАА, газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох татварыг 50 хувиар хөнгөлнө.

ТАЙЛАН ТУШААХ ХУГАЦААГ  ХОЁРДУГААР САРЫН 13-НЫГ ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ

Татварын албаны цахим тайлангийн системийн үйл ажиллагаанд хандалтын ачаалал хэт ихэссэнтэй холбоотой доголдол гарсан тул системийг хэвийн ажиллагаанд оруулж, татварын тайлангуудын тайлан тушаах хуулийн хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийг дуустал сунгахаар болсон байна. Нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж байгаа татварын шинэчлэлийн хүрээнд иргэд дараах байдлаар татвараа тайлагнана.

  • 50 сая хүртэл борлуулалтын орлоготой бол хялбаршуулсан тайланг нэг удаа тайлагнаж, татварын хувь хэмжээ нь нийт борлуулалтын орлогын 1 хувь байна.
  • 300 сая хүртэл борлуулалтын орлоготой бол тайланг хоёр удаа тайлагнаж, татварын хувь хэмжээ татвар ногдуулах орлогын 1 хувь байна.
  • 1.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой бол тайланг хоёр удаа тайлагнаж, татварын хувь хэмжээ татвар ногдуулах орлогын 10 хувь байх бөгөөд төлсөн татварын 90 хувийг буцаана.
  • 6 тэрбум төгрөг хүртэл татвар ногдуулах орлоготой бол тайлангаа хоёр удаа мэдүүлж, татварын хувь хэмжээ нь татвар ногдуулах орлогын 10 хувь байна.
  • 6 тэрбум төгрөгөөс дээш татвар ногдуулах орлоготой бол тайлангаа 4 удаа мэдүүлж, татварын хувь хэмжээ нь 600+6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувь тооцох ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж