“Монгол хөөрөг хэлбэр, хийцээрээ ялгардаг”

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

“Монгол хөөрөг хэлбэр, хийцээрээ ялгардаг”

“Монгол хөөрөг хэлбэр, хийцээрээ ялгардаг”

Монгол түмэн айл хотлоороо золгон мэндлэхдээ хөөрөг зөрүүлэн, хүндэтгэлээ илэрхийлдэг өнө эртний ёс заншилтай билээ. Цагаан сарын өдрүүдэд хөөрөг зөрүүлэх ёс болон хөөрөгний үнэ цэнэ, утга учир, бэлгэ дэмбэрэлийн талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.


МОНГОЛЧУУД ЧУЛУУНЫ ЭРТ ҮЕИЙН СОЁЛТОЙ АРД ТҮМЭН

Монголчууд шүр, хаш, мана, гартаам, чүнчигноров, пийсүү, оюу, номин, барын нүд зэрэг чулуугаар хөөрөг хийж ирсэн уламжлалтай. Хөөрөг хаана, хэдийд үүссэн нь өнөөг хүртэл нарийн тодорхой мэдээлэлгүй байдаг бөгөөд Манжийн үед Хятадын худалдааны пүүсийн наймаачдаар дамжин монголчуудын хэрэглээнд нэвтэрсэн гэж зарим эрдэмтэн, судлаачид үздэг.

“Монголчууд эхэн үедээ Хятад оронд хийсэн шил шаазан хөөрөг хэрэглэж байснаа яваандаа өөрийн орны гоёлын болон үнэт чулуугаар хөөрөг урлах болсон” талаар монголын хөөрөг цуглуулагчдын бүтээлээс дээжлэн хүргэсэн “Хөөрөгний ертөнц” номонд дурджээ.

Хөөрөгний гарал үүслийн талаар Геологийн төв лабораторийн Өнгөт чулууны цехийн тасгийн дарга Д.Ганбаатар ярихдаа “Монголчууд өнө эртнээсээ малаа өнгө зүсээр нь нэрлэж ирсэн шигээ чулууг найрлага, шинж чанар, өнгөөр нь нэршил өгдөг. Гадаадын орнуудад чулууг ерөнхий нэрээр нь нэрлэдэг. Жишээлбэл, нүдэн мана, судал мана, гүйдэг гартаам зэргээр байгалийн бүтээлийг нэрлэж ирсэн. Тиймээс монголчууд чулууны эрт үеийн соёлтой ард түмэн. Бидний өвөг эцэг чулууг ахуй амьдрал, гоёлдоо хэрэглэхээс гадна эрүүл мэнддээ анхаарч өргөнөөр хэрэглэдэг байсан” тухай ярилаа.

ХӨӨРӨГНИЙ ХУДАЛДАН АВАЛТ ТААРУУ БАЙНА

Урт цагааны замын урд байрлах хөөрөгний дэлгүүрүүдэд үнэт эдлэл, гадна хөөрөгний алт, мөнгөн нуух, шүрэн толгой, халбага зэрэг иж бүрдлүүдийг худалдаалж байв. Зарим хүмүүс өөрт ээлтэй чулуун хөөргийг ихэд сонирхон авч байгаа бол зарим нь хуучны хөөрөг худалдан авах сонирхолтой байдаг талаар эртний эдлэл цуглуулагчид хэлж байлаа. Энд өнгө өнгийн, чамин хийцтэй хөөрөгнүүдийг 800 мянгаас 100 гаруй сая төгрөгийн үнэтэй худалдаж байв.

“Төр засгийн шийдвэртэй холбоотойгоор хүмүүс хөөрөг сонирхох нь бага байна. Хүмүүс худалдан авалт хийхдээ эргэлзэж байх жишээтэй. Энэ жилийн цагаан сарын баярын үеэр хөөрөгний үнэ тогтвортой байна. Онцгой үнэт чулуугаар урласан хөөрөг өндөр үнэтэй байгаа бол түгээмэл хөөрөгнүүдээ тогтвортой үнээр худалдаалж байна. Үнийн хувьд манай дэлгүүрт монгол дархчуудын монгол чулуугаар урласан хөөрөг 1-5 хүртэлх сая төгрөгийн үнэтэй байгаа бол хамгийн үнэтэй цагаан шүрэн хөөрөг 10 сая төгрөгийн үнэтэй худалдаалж байна” хэмээн үнэт эдлэлийн “Jade” дэлгүүрийн менежер Л.Батжаргал танилцууллаа.

Цааш “Хөөрөг” хэмээх урлангаар ороход дундаж хөөрөг хоёр сая орчим төгрөгийн үнэтэй худалдаалж байв. Хамгийн үнэтэй хөөрөг гэхэд 100 гаруй сая төгрөгийн үнэтэй байх аж. Тус урлангийн үнэт чулууны цехэд 4-5 мастер хөөрөг урладаг байна. Жишээлбэл, уран дархчууд хөөргөн дээр мөр тавихад 800 мянган төгрөгөөр сүнслэг байдлыг агуулж, зөв шингээн урладаг тухай мэргэжилтэн тайлбарласан юм.

“ХӨӨРӨГ ТОЛГОЙНДОО, ХҮҮХЭН ГЭЗГЭНДЭЭ” ҮГИЙН УЧИР

“Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэдэг үг бий. Тиймээс ч хөөрөгний үнэ цэнэ толгойндоо байдаг. Монголчууд хөөрөгний толгой, нуух, халбаганд их ач холбогдол өгдөг. Хөөрөгний толгойг голдуу шүрээр хийх бөгөөд шүр нь хэдий чинээ улаан өнгөтэй байвал төдий чинээ сайн гэж үздэг. Хөөрөгний толгой аль болох өндөр ойролцоогоор амсрын голчтой тэнцүү хэмжээтэй байхыг сайн гэж үздэг аж.

Ур хийцийн хувьд дотор талын ухалтын өнгөлгөө нь хөөрөгний гадна талтай адил ямар ч өөгүй байхыг чухалчилдаг байна. Ингэж дотор талыг нь өнгөлсөн хөөргийг дотортой хөөрөг гэдэг. Мөн хөөрөгний амсрын гуурс жигд өндөр байвал хөөрөгний толгой хөдөлгөөнгүй байдаг гэдгийг уран дархчууд хэлж байв.

Хөөрөг нь урлаг, соёл, зан заншил, өв уламжлал, үнэт эдлэл, андлахуйн зууч зэрэг олон ойлголтын огтлолцол дээр оршин байдаг эрхэмсэг сайхан, энгүй тансаг ертөнц юм. Дэлхий дахинаа нэлээд түгээмэл манж, хятад, түвд, монгол гэсэн үндсэн дөрвөн хийцээс чулууны сонголт ур донж, ерөнхий зохилдлого янз байдлаараа монгол хөөрөг хол тасархай харагддаг. Монголчууд хөөрөгнийхөө шүрэн толгойг аль болох улаан хүрэн одтой байлгахыг хүсдэг нь энэ чиглэлээрх дэлхий дахины үнэлгээтэй дүйцэж байдаг талаар Р.Самдандорж, Т.Төгөлдөр нарын бичсэн “Эрдэнийн чулуун жуух” номноо тэмдэглэжээ.

“МОНГОЛ ХӨӨРӨГ АМ, ХҮЗҮҮ, ЁРООЛНЫ ХЭЛБЭР, ХИЙЦЭЭРЭЭ ЯЛГАРДАГ”

“Монголчууд эрт дээр үеэсээ эрдэнийн чулуун хөөргөөр амар мэндээ мэдэлцэж, хуучилдаг  ёс заншилтай ард түмэн. Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ хүндэтгэлтэй ёс орчин цагт өргөн дэлгэр болсон байна. Монгол хөөрөгний хувьд ам, хүзүү, ёроолны хэлбэр, хийц нь Азийн бусад орны хөөргөөс онцлогтой. Хаш хөөрөг гэхэд барын цагаан гээд хавтгайдуу хэлбэртэй өөрийнх нь онцлог бий. Маш бөх чулуу учраас тухайн эзэндээ баяр баясал, аз жаргал авч ирдэг гэж үздэг.

Дэлхий дээр чулууны өөрийн үнэлэгдэж буй үнэлэмж нь хагарал, сэвгүй байх ёстой байдаг. Тэр утгаараа монголчууд сэвтэй хөөрөг барьвал амьдралд сэвтэй гэж үздэг байсан. Тиймээс хөөрөг худалдан авахдаа сэвгүй байх ёстой. Мөн чулууны гарал үүслийг нь харах ёстой. Манай урлангийн хувьд хөөрөг урласан чулууны гарал үүслийн гэрчилгээг өгдөг. Дээр нь хөөрөгний хэлбэр, ур хийцийг нь харах шаардлагатай” талаар “Монголын уран дарханы “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны тэргүүн Д.Пүрэвсүрэн яриандаа онцолж байв.

Хөөрөг өвөртөлж яваа хүнд сайхан энерги хуримтлагддаг гэлцдэг. Сүүлийн үед хүмүүс хөөргийг цоллодог болсон байна. Мана чулуун хөөрөг Даян халтар, Монгол халтар, Төгс халтар зэргээр байгалийн тогтцоор нь цоллодог болжээ. Мана чулуун дотроо шар халтар мана чулуу эд мөнгө хураахын бэлгэдэлтэй. Мөн хар халтар мана чулуу хүчний, замагт мана заргаа авдаг чулуу хэмээн бэлгэддэг ажээ.

“МОНГОЛ ОРОН БАЙГАЛИЙН ЧУЛУУГҮЙ БОЛСОН”

Байгалийн чулууг үнэт, хагас үнэт, хэрэглээний, өнгөлгөөний гэж дөрөв ангилдаг байна. Хөөргийг мана, хаш, оюу, шүр зэрэг хагас үнэт чулуугаар урладаг аж. Монгол оронд 113 төрлийн манын төрлийн чулуу байдаг гэдгийг эрдэмтэн, судлаачид геологийн судалгаагаар тогтоожээ. Тэр ч утгаараа манын төрлийн чулуу Монгол оронд тархац ихтэй байдаг ажээ. Тодруулбал, галт уул ихтэй байсан Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт элбэг байдаг гэнэ.

“Монгол оронд одоо манын болон цахиурын төрлийн чулуу маш ховордсон. Учир нь, нутгийн ард иргэд нийгмээ дагаад БНХАУ руу чулуугаа хулгайгаар зарж, борлуулаад дуусч байна. Үнэндээ монгол орон чулуугүй болсон. Геологийн төв лабораторийн судлаачид жил бүр аймгуудаар судалгааны ажлаар явдаг. Уг судалгааны ажлаараа монгол орны чулууны нягтаршил, сийрэгжилт, тархацын байдлыг судлахаар олборлож авч ирээд үйлдвэрлэдэг. Гэтэл одоо байгалийн баялаг болсон үнэт чулуунууд байхгүй болжээ.

Байгалийн хэвлийн баялаг болсон үнэт чулуу үр тариа ургадаг шиг дахин бий болдоггүй ээ. Урд хөршийн нутагт очоод чулууны том захуудаар явахад монгол чулуу хэдэн саяар үнэлэгдэж байх жишээтэй. Монголын нутаг дэвсгэрт энэ маягаар чулуу ховордоод байвал гаднаас импортоор чулуу авч үйлдвэрлэх хэмжээнд хүрэхээр болоод байна. Энэ талаар төр засгаас анхаарч, Гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагынхан сайн хяналт тавьж ажиллахгүй өдийг хүрлээ. Сүүлийн үед иргэд чулууны бизнесийн сүлжээ үүсгэж, тухайн орон нутагт зөвшөөрөлгүй чулуу олборлож байна” үүнд маш их харамсч, эмзэглэж явдаг тухайгаа Геологийн төв лабораторийн Өнгөт чулууны цехийн тасгийн дарга Д.Ганбаатар хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж