Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Урт цагааныг нураая

Жуулчны гудамжинд байрлалтай хоёр давхар өнгө нь гандсан урт цагаан төв гаднаас нь харахад хана нь хууларч, хэзээ мөдгүй нурах дөхсөн нь илт. Харин дотор талдаа хана тааз нь ховхорч борооны улмаас тааз нь шарлаж, халцарчээ. Одоогоор энэ обьектод үсчин, оёдолчин, гуталчин, цахилгаан барааны засварчин, алт мөнгөний дархан зэрэг ахуй үйлчилгээнийхэн байрлаж, иргэдэд үйлчилж байна. Тэд сардаа 150-350 мянган төгрөгийн түрээс төлж, үйл ажиллагаа эрхэлдэг ажээ.

Анх 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн тус төв нийт 8000 метр квадрат талбайтай, 30 иргэн нийслэлтэй гэрээ байгуулан ажилладаг ч тэд 200 гаруй иргэнд дамнан түрээсэлсэн юм байна. Нийслэлээс мэдээлснээр 60 жилийн настай уг барилга галын эрсдэл болон газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй нурах эрсдэлтэй болсон тул үйл ажиллагааг нь зогсоож, нураах асуудлыг ярьж байгаа ажээ. Иймээс урт цагаан төвөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урт цагааны ашиглалтын хугацаа дууссан актыг 2009, 2011, 2014 онуудад гаргаж, нурах эрсдэлтэйг анхааруулсаар иржээ.

Гэвч нийслэл тус барилгыг нурааж чадахгүй байсаар 2020 онтой золгосон байна. Нураах шийдвэр нь НИТХ-ын бүрэн эрхэд байдаг бөгөөд жил бүр мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр хүргүүлдэг ч түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулж, засвар үйлчилгээ хийлгүй өнөөдрийг хүргэсэн байна. Сүүлийн хэдэн жил нийслэл урт цагаанаас болж алдагдалтай ажиллаж байгаагаа ч нуусангүй. Тухайлбал, 30 түрээслэгч нийслэлтэй гэрээтэй байдаг ч тэдгээр түрээслэгч давхар түрээсэлж, ашиг хонжоо олсоор иржээ. Нийслэлээс дээрх 30 түрээслэгчид метр квадратыг 9-10 мянган төгрөгөөр түрээсэлдэг боловч давхар түрээсийн асуудал энэ газарт яригддаг.

ЭХНИЙ ЭЭЛЖИД УРТ ЦАГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООНО

Энэ асуудлыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас тодруулав.

-Урт цагааны үйл ажиллагааг зогсоож байгаа гэж ойлгож болох уу?

-Жуулчны гудамжинд байрлалтай Урт цагаанд 1958 оноос хойш засвар хийгээгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Тус объект нь нийслэлийн өмчид бүртгэлтэй. Энэ объектийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2009, 2011, 2014 оны удаа дараагийн шаардлагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарч байсан. Мөн галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй учраас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргуулахаар газар дээр нь ажиллаж байна.

-НМХГ-аас үйл ажиллагааг нь зогсоох гурван удаагийн шийдвэр гарсан байхад өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоогүй шалтгаан юу вэ?

-НМХГ,  Нийслэлийн Өмчийн ашиглалтын газар, Онцгой байдлын газраас удаа дараа шаардлага тавьсаар ирсэн. Тухайлбал, ажлын байрыг эрүүл стандартад нийцсэн байх шаардлагыг өнгөрөгч сард хүртэл тавьсан. Гэтэл түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байр бий болгож чадахгүй өнөөдрийг хүрч байна. Үйл ажиллагааг нь зогсооно гэхээр олуулаа нийлж өргөдөл гомдол, гаргаж өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй объектийн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаж байна.

-Жилд хотын төсөвт хэчнээн төгрөг бүрдүүлдэг вэ?

-Хотын төсөвт орлого оруулаад сүйд болдоггүй. Улаанбаатар хотын төсвөөс жилдээ 450 сая орчим төгрөг гаргадаг. Буцаагаад 500 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлдэг.

-Үндсэн 30 түрээслэгч байдгаас цаашаа дамнан 200 хүнд түрээсэлдэг гэсэн мэдээлэл бий?

-Ер нь бол Өмч ашиглалтын удирдлагын газраас 30 иргэнтэй гэрээ байгуулсан. Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоолоор түрээсийн үнийн доод хязгаарыг тогтоож, 1м2-ыг нь 9-10 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Гэтэл 30 түрээслэгч цаашаа дам түрээсээр 200 гаруй хүнд давхар түрээсэлдэг.

-Үйл ажиллагааг нь зогсоолоо гэхэд түрээслэгчдийн ажлын байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Аюултай, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байхад иргэдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллах орчныг хангах үүднээс ямар ч байсан эхнээс нь үйл ажиллагааг нь зогсооно. Одоо энэ байшинг тордлоо ч тордлого авахгүй.

-Цаашид урт цагааныг нураах уу?

-Нураах гээд байгаа юм биш. Үйл ажиллагааг нь зогсоогоод хууль бус орлого олдог асуудлыг эхний ээлжидн болиулна. Өмч хөрөнгөтэй холбоотой нураах шинэчлэх үйл ажиллагаа нь НИТХ-ын бүрэн эрхэд байдаг асуудал.

Түрээслэгчдийн зүгээс ажлын байраа алдахад хүрч буйдаа бухимдалтай байгаагаа хэллээ. Тэд засвар хийх хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн боловч хариу өгдөггүй гэсэн юм.

ЯДАРСАН ИРГЭДЭЭ ГУДАМЖИНД ХӨӨЖ ГАРГААД БАЙРЫГ НЬ НУРААДАГ ЗАДАРСАН ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

Урт цагаан хөгжлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар “Засгийн газар өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 418 дугаар тогтоолоор ахуй үйлчилгээг хөгжүүлэх тухай шийдвэр гарсан. Тэр тогтоолын дагуу ахуй үйлчилгээний байр байдлыг сайжруулах тухай тодорхой заалтууд орсон. Энэ заалтуудын эсрэг үйл ажиллагааг шууд явуулахаар энэ байрыг буулгана гэдэг шийдвэр гарч байгаа. Ядарсан иргэдээ гудамжинд хөөж гаргаад, байрыг нь нураадаг задарсан төр байж болохгүй. Урт цагаанд нь 30 түрээслэгч иргэдийг ажлын байраар хангаж, нийслэлийн иргэдэд үйлчилж байна. С.Амарсайхан хотын дарга болсноор Урт цагааны түрээсийн үнийг хоёр дахин нэмсэн. Энэ мэтээр түрээслэгчдэд төрөөс байнгын дарамт учруулж байна. Хэлэлцээрийн ширээнд сууж чадахгүй байна. Бид засвар үйлчилгээ, гадна талыг хариуцья гэсэн бичиг өгсөн. Гэтэл хариуд нь та нар засвар үйлчилгээ хийхгүй гэж хэлсэн. Түрээслэгчдийг чөлөөлчхөөр бүх юм сайхан болохгүй. Урт цагааныг нураах нь сонгуулийн мөнгөө босгох гэж байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Түрээслэгчид энэ байрыг хуучнаар нь байлгах хүсэл зорилго байхгүй шүү дээ” гэв.

АЖЛЫН БАЙРАА АЛДМААРГҮЙ  БАЙНА

Түрээслэгч Д.Лхагважав “Би урт цагаанд оёдлын үйлчилгээ эрхлээд 20 жил болж байна. Ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ганц төв улсын хэмжээнд урт цагаан л байна. 40 мянгатын барилга гэхэд 60, 70 жил засвар хийгээгүй ч байсаар л байна. Миний мэдэхийн арван хэдэн жил гадна талдаа засвар хийгээгүй. Хамгийн анх түрээсийн төлбөр 75 мянган төгрөгөөс эхэлж байсан. Одоо доод тал нь 180-200 мянган төгрөгийн түрээстэй. Дархчууд түрээсэндээ 350 мянгыг төлдөг.

Үйл ажиллагааг нь зогсоолоо гэхэд бидний эрх ашгийг бодолцох ёстой. Бидэнд боломжийг нь өгөөд та нар засвар үйлчилгээ хий гэвэл бид амьдралаа залгуулж яваа хүмүүс учраас засвар хийнэ. Гэтэл мэдэгдсэн юм байхгүй шууд үйл ажилллагааг нь хаана гэж байна. Бидэнд ажлын байр хэрэгтэй. Зохих хэмжээний түрээс мөнгөө төлөөд явж байхад төрөөс баталгаатай ажлын байр хүсч байна” гэлээ.

НУРААЛАА ГЭХЭД ГЭРЭЭ БАЙГУУЛААД ЭРГЭЭД АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ

Түрээслэгч Х.Гантулга “Бидэнд нураах гэж байгаа талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй. Хүмүүсийн ярьснаар сонгуулийн өмнө дарга нар газрыг нь авахаар улайрч байна. Маш олон үйлдвэрлэгч энд үйл ажиллагаа явуулж байна. Миний ард 5-6 хүн ажилладаг байх жишээтэй. Дарга нар биднийг юман чинээ бодохгүй байна. Би 22 дахь жилдээ түрээс төлж үйл ажиллагаа эрхэлж байгаа. Улсаас би юу ч гуйж аваагүй. Хөдөлмөрлөж байгаа бидэнд мэдээлэл өгөхгүй цаагуураа буулгах юм яриад байж болох уу.

Бидэнтэй гэрээ хийхгүй бол эндээс гарахгүй. Нураалаа гэхэд гэрээ байгуулаад эргээд ажлын байраар хангах хэрэгтэй. Энэ улсад ахуй үйлчилгээний салбар байх хэрэгтэй. Тэгэхээр бид үүнийг эсэргүүцнэ. Би гэхэд сард 360 мянган төгрөг төлдөг. Ямар ч шаардлага ирүүлээгүй байж биднийг тэвдүүлж нийгэмд худлаа мэдээлэл тарааж байна” гэсэн тайлбарыг өгөв.

Урт цагааны бодит байдлыг хүргэхэд ийм байна.

Хотынхоо өнгө үзэмж, иргэдийн эрүүл аюулгүй орчныг бодсон ч тэр 60 жилийн настай урт цагааныг буулгаж, шинээр дахин барих шаардлагатай болсон ч ахуйн үйлчилгээ үзүүлэгч түрээслэгчдийг эргэн энэ төвд ажиллах боломжоор хангах нь нийслэлийн 500 мянга шахам иргэнд үйлчилдэг үйлчилгээг авч үлдэх боломж юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж