“Boeing” түүхэндээ анх удаа нэг ч захиалгагүй өнжжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

“Boeing” түүхэндээ анх удаа нэг ч захиалгагүй өнжжээ

“Boeing” түүхэндээ анх удаа нэг ч захиалгагүй өнжжээ

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани 60 жилийн түүхэндээ анх удаа өнгөрсөн нэгдүгээр сард нэг ч нисэх онгоцны захиалгагүй өнжжээ. “Boeing 737 MAX” нисэх онгоцны дараалсан ослоос хойш хэрэглэгчдийн дунд компанийн нэр хүнд нь унаж, олон зуун захиалга цуцлагдаж, их хэмжээний хохирол амссан. Тус компани өнгөрсөн нэгдүгээр сард ердөө 13 нисэх онгоцыг захиалагчдын гарт хүргэсэн нь зургаан ширхэг “787 Dreamliners”, хоёр ширхэг “777” , хоёр ширхэг “767”, гурван ширхэг “737NG” аж. “737 MAX” нисэх онгоцны зургаан сарын зайтай хоёр ослоор 346 хүн амь үрэгдсэн юм. Хэдийгээр оны эхээр захиалга бага байдаг ч “Boeing” компанийн өрсөлдөгч Европын “Airbus” компани өнгөрсөн нэгдүгээр сард 274 нисэх онгоцны захиалга авчээ. Тэр ч бүү хэл “Airbus” компанид АНУ-ын хоёр том иргэний тээврийн компани захиалга өгсөн аж. Тус компани өнгөрсөн нэгдүгээр сард 31 нисэх онгоцыг захиалагчдад хүргэжээ.

“Boeing” компани сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа өнгөрсөн 2019 онд алдагдалтай гарчээ. Тус компани өнгөрсөн онд 636 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Тус загвар нь АНУ-ын компанийн түүхэнд хамгийн олон захиалга авсан боловч компани хүргэлтийнхээ 20 хувийг ч хийж амжаагүй байхад дээрх хямрал үүсчээ. “Boeing” компани “737 Max 8” загвараа 2017 оноос үйлчилгээнд гаргаж эхэлснээс хойш хоёр жилийн дотор 5000 гаруй онгоцны захиалга хүлээн авснаас ердөө 350-ыг нь захиалагчид хүлээлгэж өгөөд байв. “Хараагдсан” “737 MAX” загварыг гаргахаас өмнө “Boeing” компани дэлхийн 60 орчим агаарын тээврийн компанитай хамтран ажиллаж, 500 тэрбум ам.долларын урьдчилсан захиалга хүлээн авдаг байв. Өдгөө “Boeing” компани “737 MAX” загварын урьдчилсан захиалгууд цуцлагдаж, хэрэглэгчдэд хүрснийг нь нисэхийг зогсоосноос болж агаарын тээврийн компаниудад ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлөх болжээ. Хэрэв тус компани харилцагч нарынхаа хохирлыг барагдуулж чадахгүй бол тэдний итгэлийг бүр мөсөн алдах юм. Түүнчлэн компани харилцагчдаа татахын тулд цөөн тооны захиалгад хямдрал амлах болжээ. Компанийн зүгээс АНУ-ын иргэний нисэхийн удирдлагуудыг “737 MAX” загварыг нисгэхгүй байх шийдвэрээ цуцлахыг хүлээж байгаа аж. Хэрэв “737 MAX” загварын нисэх онгоцны техникийн доголдлыг засч, бусад туршилт амжилттай болбол ирэх оны дунд үеэс дахин нисэх зөвшөөрөл олгох талаар ярилцаж байна.

ХЯМРАЛЫГ ДАВАХ ОРОЛДЛОГО

“Boeing” компани хямралын үеийг даван гарахын тулд “777X” гэх дэлхийн хамгийн урт нисэх онгоцны загвараа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Энэхүү хөлөг нь 76 метрийн урттай ажээ. Хоёр эгнээ бүхий суудалтай ба 400-450 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дэлхийн хамгийн том хос хөдөлгүүрт уг хөлөг энэ хавар туршилтын нислэгээ хийж, ирэх жил гэхэд үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. “Boeing 777X” онгоцонд дэлхийн найман агаарын тээврийн компаниас 358 захиалга ирээд байгаа гэнэ. Хамгийн эхний захиалагч нь Арабын нэгдсэн Эмират улс гэв. “The Boeing” компани дэлхийн хамгийн урт хөлгийг үйлдвэрлэхэд зориулж шинэ үйлдвэр барисан бөгөөд энэхүү үйлдвэр нь нэг тэрбум орчим ам.долларын өртгөөр босчээ. Гэхдээ уг нисэх онгоцыг хэрэглэгчдийн гарт хүргэх хугацааг ирэх аравдугаар сараас 2021 оны эхэн үе болгож хойшлуулсан байна.

ӨРСӨЛДӨӨНД ЯЛАГДСАН

Нисэх онгоцны үйлдвэрлэх өрсөлдөөнд “Boeing” компани хэдийн  “Airbus” компанид ялагдсан. Дундын зайн нислэг үйлдэгч нисэх онгоцны зах зээлд “Airbus” компани тэргүүлж, захиалгын олонх хувийг авчээ. Ирэх 20 жилд энэ ангиллын 2,500-4000 нисэх онгоцны эрэлт байгааг мэргэжилтнүүд тооцоолжээ.  “Airbus” компани ирэх 2023 онд үйлчилгээнд гаргах “A321neo XLR” загварын нисэх онгоцны захиалгыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн авч эхэлсэн. Сингапурт болсон агаарын шоуны үеэр “Airbus” компанийн дэд захирал Рэми Майллард хэлэхдээ иргэний нисэхийн тээврийн бизнесийн цэвэр ашиг ирэх 20 жилд 4,9 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүний 1.8 их наяд нь Ази-Номхон далайн бүс эзэлнэ гэжээ. Тус компани өнгөрсөн 2018 онд 3,5 тэрбум ам.долларын орлого олсон ба үүнийг ирэх 10 жилд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж