"АЛБАН ТУШААЛТНУУДАД ШИРҮҮВТЭР ЖИЛ ГАРНА"

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

"АЛБАН ТУШААЛТНУУДАД ШИРҮҮВТЭР ЖИЛ ГАРНА"

"АЛБАН ТУШААЛТНУУДАД ШИРҮҮВТЭР ЖИЛ ГАРНА"

Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилийн өнгө ямар байх талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцааны ажилтан Э.Баасантогтохоос тодрууллаа.


-Ирж буй жилийн өнгийг монгол зурхайд шороон үхрээр шинждэг ёстой. Энэ жилийн Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн зураг ямар байна вэ?

-Ирэх хулгана жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, үхэр нь цагаан толгойтой, дөрвөн шийр нь шар, сүүлээ зүүн тийш шарвасан, улаан эвэртэй байдлаар дүрслэгдсэн. Үхэр хариулаач хүүхэд нь ногоон дээл, цагаан бүстэй, мяндсан шилбүүр барьсан, гутлаа бүтэн өмссөн үхрийнхээ өмнө гүйж явна.

Үхрийн шинжийг тайлбал, хэр ерөөлтэй сайхан жил байх вэ?

-Ерөнхий зурлагын хувьд хур бороо элбэгтэй, тариа ногоо цагтаа хураагдах сайхан жил гарах төлөвтэй байна. Жилийнхээ эхэнд бага зэрэг гандуу, дунд үеэс хур бороо элбэгтэй байх тул сэрүүвтэр байна. Мал сүрэгт тавтай жил байх хэдий ч тайвширч болохгүй. Малын өвчин гарах нигууртай. Ард иргэд, өтгөс, нялхаст ээлтэй. Залуучуудад ширүүн байна.

-2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Монголын улс төрийн амьдралд хэр өөрчлөлт авчирсан жил байх бол?

-Дунд болон дээд суудалтай албан тушаалтнуудад ширүүвтэр жил гарна.

– “Хулгана жилийг хувьтай хүн үздэг” хэмээн монголчууд бэлгэшээдэг. Ер нь хулгана жил ямар онцлогтой байдаг вэ?

-Нэгэн жаран дуусч, шинэ жаран эхэлж байна гэсэн үг. Энэ утгаараа жаран гэдэг нь бүтэн үе учраас “Хувьтай хүн хулгана жилийг үздэг” гэж хэлдэг. Ер нь хүн ямар нэг жилээс биш, бие, хэл, сэтгэлээс хийсэн үйлээс шалтгаалдаг гэдэг шүү дээ. Монголчууд хоорондоо эв эетэй байваас улс орон, нийтээрээ амгалан сайхан байх нигууртай.

-Ирж буй хулгана жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном хийлгэх шаардлагатай вэ?

-Хулгана жилтэй хүмүүс буюу 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүсийн жил орж байгаа. Түүнээс гадна их харш болон бага харш жил орж байгаа харш жилийн заслыг хийлгэж, ном уншуулах шаардлагатай. Мөн ивээл жилтнүүд ч засал хийлгэх хэрэгтэй. 33 насны мөчлөг таарч байгаа хүмүүс онцгой засалтай.

ЦАГААН САРААР  ЭХ БОЛСОН ЗУРГААН ЗҮЙЛ ХАМАГ АМЬТНЫ ТУСЫН ТУЛД МААНИ ХӨГЖӨӨЖ, НОМ ХУРДАГ

 -Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болсон. Яагаад 15-ныг чухалчилдаг юм бэ?

-Шинийн 15-наас өмнө ном хуруулбал буян хэд дахин арвиждаг. Хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд бурхан багшийн их дүйцэн өдөр болдог. Бурхан багшийн Их дүйцэн өдрөөр сүсэгтэн олон буян үйлдэж, ном хуруулдаг уламжлалтай. Мөн энэ өдөр "Бурхан багшийн чого" хурдаг. Шинийн нэгнээс 15 хүртэл шинэ номын хурал эхэлдэг. Өвлийн адаг сарын 25-н буюу Цагаан сараас тав хоногийн өмнө Цагаан сарын хурал номууд болон сахиусны тахилгууд, хуучин номын хурал гэж уламжлалт гурван өдрийн ном хурдаг.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шашны байгууллагуудад хяналт тавьж, олон хүн цуглуулж ном хурахыг хориглосон. Ингэснээр Гандантэгчинлэн хийд сар шинийн баяраар уламжлал ёсоор ном хурах үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэж ойлгох уу?

-Хийдийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Олон зуун жилийн өмнөөс ингэж үйлдэж ирсэн хурал номын зан үйл тасраагүй. Сүсэгтэн олон маань хурал, ном даган баясаж, залбирахаар ирэх нь нээлттэй. Гагцхүү хувийн ариун цэврээ чандлан сахиж, хүн бүр амны хаалтыг зүүж, гараа ариутгах зэргээр өөрсдийн хувийн ариун цэврийг хангаад номоо хураагаад явах боломжтой. Цагаан сараар яагаад ном хурдаг вэ гэхээр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд маани хөгжөөж ном хурдаг. Мөн өвчин зовлонг номготгохын тулд бурхан шүтээндээ даатгаж номоо хурна.

Олон жил тасралтгүй хурж ирсэн ёс уламжлалаа тасалдуулах нь зохистой биш. Хор уршиг нь айхтар биш ч гэлээ  бэлгэ дэмбэрэлгүй.

-Тэгвэл цагаан сарыг тэмдэглэхгүй өнжвөл шашин талаасаа сөрөг зүйл бий юу?

-Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан нь хориглосон гэсэн үг биш. Тиймээс сүсэгтэн олон маань бэлгэ дэмбэрлээ эрхэмлэн, гэр бүлийнхээ хүрээнд сар шинээ тэмдэглэх нь зөв. Нөгөөтээгүүр цагаан сарын баяр нь үндэсний дархлаатай холбоотой асуудал юм. Хэрэв цагаан сарыг тэмдэглэхгүй нэг л удаа тасалдуулаад сурчихвал цаашид ч гэсэн тэмдэглэхгүй байж болдог юм байна гэсэн ойлголтыг хойч залуу үедээ муу үлгэр дуурайлал үзүүлэх талтай. Энэ удаад гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлээрэй гэж сүсэгтэн олондоо хандаж хэлье.

-Монгол хүн “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг” гэдэг. Дэлхий нийтийг түгшээж буй аюулт тахал, өвчин зовлонгийн эсрэг хурдаг ном гэж байдаг уу?

-Энэ айхтар өвчнөөс сүсэгтэн олноо сэргийлэхийн тулд манай гандан өдөр болгон шахуу ном хурж байгаа. Мөн Манал, Лүйжин, ерөөлийн номуудыг дацангууд хувааж авч хурсан. Маргаашаас эхлээд манай гандангаас тусгайлан бэлтгэж хийсэн үрлийг ард түмэндээ тараана. Уг үрлийг биедээ зүүснээр маш ач тустай юм. Үрэлд есөн төрлийн эмийн түүхий эд орсноос гадна номын хүч шингээж аравнайлсан учраас элдэв өвчин, зовлон, хэл амнаас сэргийлэх зэрэг олон ач тустай. Үрэлийг улаан утсанд ороож зүүхээс гадна энгэртээ ойр байлгаж үрлийн үнэр нь өөрт аль болох үнэртэж байхаар зүүнэ. Үрэлийн үнэр тархаж байгаа газарт элдэв вирусийг устгах ач холбогдолтой. Эхний ээлжид эмч нартаа тараана.

– Сүсэгтэн олон түмэнд  биеэ өвдөхөөс сэргийлж өдөр тутамдаа уншвал зохих тарни хэлж өгнө үү?

-Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирусийн халдварт өвчнийг түргэн амарлиулахын тухайд хийд орны лам хуврагууд болон сүсэгтэн олон бүх нийтээрээ Гэтэлгэгч Ногоон Дарь-Эх Бурханы тарнийг аль болох олонтоо урин уншваас зохистой хэмээн Дээдэс багш нар айлдсан. Энэ дагуу Ногоон дарь эх бурхны зүрхэн тарни болох  “УМ ДАРЭ ДҮДАРЭ ДҮРЭ СУХА” гэж  өдөр тутамдаа уншвал зохистой Мөн дор бүрнээ хувийн ариун цэврээ сахихаас гадна бусдыг боддог сэтгэлтэй байх нь чухал. Аливаа хүн хувиа хичээснээр сайн сайханд хүрч байгаагүй. Эсрэгээрээ бусдыг бодож, бусдыг энэрч тэтгэснээр ажил үйлс нь бүтдэг ерөөлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
611
ТэнэглэлТэнэглэл
69
ЗөвЗөв
63
ХахаХаха
20
БурууБуруу
12
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж