Токио-2020 зуны XXXII олимпийн наадам жинхэнэ утгаараа байгальд ээлтэй зохион байгуулагдах болж байна. Эхлээд тамирчдын байрлах хотхоны орыг картон цаасаар хийхээ зарлаж, дараа нь олимпийн медалиудын түүхий эдүүдийг хаягдал электрон бараа, гар утаснаас гарган авна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл энэ удаа дэлхийн спорт бүтээгдэхүүний томоохон компани Nike олимпийн наадамд оролцох тамирчдын хувцсыг хаягдал гутал, нийлэг эдээр хийхээ зарлалаа. Өнгөрсөн есдүгээр сард Nike компани нүүрстөрөгчийн ялгаруулалт, хог хаягдлыг бууруулах төлөвлөгөөгөө гаргажээ. Тус компани 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу өөрийн эзэмшлийн болон ашигладаг байгууламжуудаа 2025 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангаж, дэлхийн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 30 хувь бууруулна гэж мэдэгдэв.
Мөн тэдний адилаар Adidas, Puma, Gap дэлхийн брендүүд хог хаягдлыг дахин боловсруулж ашиглаж байгаа билээ. Жишээ нь өнгөрсөн жил Adidas компани далайгаас ялгарсан хаягдал хуванцар савнуудыг ашиглан 15-20 сая хос гутлыг үйлдвэрлэжээ. 2020 онд тамирчдын хувцас, гутал, эдлэл хэрэглэл зэрэг зүйлсийн 80 хувийг хог хаягдал ашиглан хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Үүнээс гадна Generation Z буюу 1995-2012 оны хооронд төрсөн хүүхэд залуусын 62 хувь нь дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн хувцас, бараа бүтээгдэхүүнийг авахыг илүүд үзэж байгаа гэсэн судалгаа гарчээ.
Холбоотой мэдээ