Улс төрийн сонгууль хаяанд ирсэн энэ үед зарим эрхэм гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр өөрийн рейтингийг өсгөх зорилгоор илтэд буруу, үнэнийг гуйвуулсан мэдээ мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлж, хувь хүн, бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдаж эхэлсэнд харамсаж байна.
2020 оны 2 сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь өөрийн фэйсбүүк хуудастаа “Монгол Шуудан” ХК-ийг ашиггүй ажиллуулж байгаад амжиж хувьчлах гэж байсан, харин хувьчлал бүтэлгүйтсэнээс хойш өндөр ашигтай ажилласан, энэ компани 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэх утгатай мэдээлэл түгээж, “Монгол Шуудан”-гийн хамт олон, удирдлага, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар, Ард Санхүүгийн Нэгдэл, түүний хувьцаа эзэмшигчдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, олон иргэдийн итгэл сэтгэлд сэв суулгах мэдэгдэл хийлээ.
Өмнөх засгийн газрын үед шийдэгдэж, 2015 оны сүүлээр зарлагдсан хувьчлалд бид оролцохоор зориглож, 2016 оны 1-р сард “Монгол Шуудан” ХК-ийн 34 хувийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан явуулсан IPO-нд Ард Санхүүгийн Нэгдэл бусад этгээдүүдийн хамт оролцсон байдаг. “Монгол Шуудан” ХК-ийн хувьчлал нь төрийн өмчийг хувьчилж, олон нийтийн хараа хяналттай болгох, өмчийг эзэнгүйдүүлэхээс сэргийлэх хамгийн амжилттай явагдсан хувилбар байсан тухай салбарын мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэдэг.
2016 оноос хойш тогтмол хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, байнгын ажиллагаатай ТУЗ-тэй болж, удирдлагын багт шилдэг мэргэжилтнүүдийг татан оруулан ажилласны үр дүнд “Монгол Шуудан” ХК дөрөв дэх жилдээ дараалан хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах боломж бүрдээд байна.
“Монгол Шуудан”-гийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, санхүүгийн сахилга бат үлэмж хэмжээгээр сайжирч, хамт олны цалин хангамжийг нэмэгдүүлэн иргэд олон нийтэд үзүүлдэг үйлчилгээний чанар дээшилснийг ажилчид, хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгчид дуу нэгтэй батална.
УИХ-ын гишүүн хүн өнгөрсөн дөрвөн жилийн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдсэн нүсэр их ажил, “Монгол Шуудан” ХК-ийн ололт амжилтыг үгүйсгэсэн хариуцлагагүй мэдээлэл тарааж байгаад олон мянган хувьцаа эзэмшигчдийг төлөөлж буй Ард Санхүүгийн Нэгдэл харамсаж байна.
Бид өнгөрсөн хугацаанд компанийн засаглалыг сайжруулж, улс төрчдийн хэмжээ хязгааргүй шахаасыг хазаарлаж, хууль бус хэлцлүүдийг зогсоох тал дээр баттай зогсож, компанийн удирдлагын багийг дэмжин ажилласаар ирлээ. Дан ганц Ард Санхүүгийн Нэгдэл бус, нийт хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Монгол Шуудангийн өнгө төрхийг өөрчлөн ребрэндинг хийж, авто паркийн шинэчлэл хийж, Улаанбаатар хотын 38 салбарын ердөө гурав нь өөрийн өмчлөлийн байртай байсныг тав болгон худалдан авалт хийж, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэлийг өрнүүлсэн гэдгийг эрхэм гишүүнд дуулгая.
Энэ жил шинэ нисэх онгоцны буудалд орчин үеийн шуудан карго терминал барихад хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ард Санхүүгийн Нэгдэл цаашид ч Монгол Шуудан ХК-ийн шинэчлэлийг дэмжин ажилласаар байх болно.
Иймд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг үйл ажиллагаа нь нээлттэй хувьцаат компанийн ажил, бизнесийн нэр хүндийг өөрийн улс төрийн явцуу зорилгодоо гуйвуулан ашиглахгүй байхыг шаардаж байна.
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК