Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.12/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гамшгаас хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүргийг, хорио цээрийн дэглэм гаргах чиглэлийг, цагаан сарын баярын реклам сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зогсоох, гамшгаас хамгаалах, эрүүл мэндийн тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулах, шаардлагатай бол ээлжит чуулган хуралдуулах зэргийг Засгийн газарт чиглэл болгож, зарлиг гаргасан. Засгийн газар энэ дагуу хуралдаж, коронавирусийн эрсдэлийг бууруулах зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу маргаашаас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын /хагас/ зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Гамшгаас хамгаалсан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалттай тогтоолыг гаргалаа” гэв.
ГАМШГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТУСГАГДСАН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИНЭ ГЭДЭГ НЬ:
10.4.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:
- 10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
- 10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
- 10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
- 10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
- 10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.
- 10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.
- 10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:
- 10.6.1.харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
- 10.6.2.гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
- 10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.
- 10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Мөн сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх асуудлыг сунгах эсэх асуудал нь цаг үеийн нөхцөл байдлаа харж шийдэхээр болсон байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ