Шинэ коронавирус тойрсон асуулт, хариултууд

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Шинэ коронавирус тойрсон асуулт, хариултууд

Шинэ коронавирус тойрсон асуулт, хариултууд

Коронавирусийн шинэ төрөл болох Covid-19 вирус өдгөө 24 орны 43101 хүнд халдварлаж, 1107 хүний аминд хүрээд байгаа билээ. Covid-19 вирусийн тухай олон улсын ард иргэд олон асуулт асууж байгаад BBC агентлагийн эрүүл мэндийн мэдээллийн салбар ийнхүү хариулжээ.


  • Covid-19 вирус хаалганы бариул гэх мэт зүйлсээр дамжих боломжтой юу. Бариул дээр хэр удаан амьдрах вэ? /Панамаас Жийн Жименез/

-Халдвар авсан хэн нэгэн гарлуугаа ханиагаад, тэр гараараа ямар нэг эд зүйлд хүрвэл тухайн эд зүйл вирус дамжуулагч болох боломжтой. Хаалганы бариул болон ариун цэврийн өрөөний суултуур, цаас зэрэг нь хамгийн эрсдэлтэй эд зүйлсийн тоонд орно. Covid-19 вирус тиймэрхүү гадаргуу дээр хэр удаан амьдардаг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ мэргэжилтнүүд бол хэдэн өдөр гэхээс илүү хэдэн цаг л тэснэ хэмээн таамаглаж байна. Ямар ч тохиолдолд өөрийгөө эрсдэлээс сэргийлэхийн тулд гараа тогтмол угаахыг зөвлөж байна.

  • Орчин болон цаг агаарын байдал вирусийн халдварлах чадварт нөлөөлөх үү? /Германаас Арияана, Маркиш/

-Хүн төрөлхтөн энэ вирусийн талаар мэдлэг хомс хэвээр байна. Одоохондоо цаг агаарын байдал вирусийн тархалтад нөлөөлөх эсэхийг тодорхой хэлэх боломжгүй байна. Томууны төрлийн бусад вирусууд бол улирлын чанартайгаар хүйтэн үед их дэлгэрдэг. Харин коронавирусийн өөр нэгэн төрөл болох Мерс дулаан цаг агаарт илүү дэгдэмтгий байдаг гэх судалгаа бий.

  • Халдвар авсан тогоочийн бэлдсэн хоолноос халдварлах боломжтой юу? /Австралиас Сийн, Брисбане/

-Вирусаар халдварласан хэн нэгний ариун цэврийг сайтар сахилгүйгээр бэлтгэсэн хоол халдвар тээх бүрэн боломжтой. Аливаа амьсгалын замын вирус гараар дамжих боломжтой байдаг. Тиймээс гараа угааж хэвших хэрэгтэй.

  • Covid-19 тусаад эдгэвэл дархлаатай болох уу? /Англиас Денис, Бикестер/

-Хүн төрөлхтөн ямар нэг өвчин тусаад эдгэсний дараа тэдний биед тухайн өвчинтэй хэрхэн тэмцэх талаар дурсамж хадгалагдан үлддэг. Гэхдээ энэхүү дархлаа гээч нь тэр болгон урт хугацааны, эсвэл бүрэн хамгаалах чадвартай байж чаддаггүй. Шинэ вирусийн хувьд дархлаа хэр удаан байж чадах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй.

  • Коронавирус энгийн томуунаас юугаараа ялгаатай вэ? /АНУ-аас Брент Старр/

-Корона төрлийн вирусууд энгийн томуутай төстэй олон шинж тэмдэг үзүүлдэг. Тиймдээ ч тохирсон оношлуургүйгээр аль нь болохыг тогтоох хэцүү. Корона төрлийн вирусийн халдвар авсан хүнд илрэх ерөнхий шинж тэмдэг бол өндөр халуун, ханиалга, зарим тохиолдолд амьсгаа богиносох. Харин томууны хувьд эдгээрээс гадна булчин өвдөх, хоолой хатах гэх мэт олон шинж тэмдэг бий. Халдвар авсан хүнтэй ойр байсан, эсвэл өвчний голомтруу очоод ирсэн бол эмчид хандах шаардлагатай.

  • Вирусаас сэргийлэхэд маск хэр үр дүнтэй вэ? Маскыг хэр хугацаанд солих шаардлагатай вэ?/Индонезоос Том Лим/

-Маск зүүх нь вирусаас сэргийлэхэд маш бага үр дүнтэй. Хамгийн гол нь гараа тогтмол, ялангуяа маск зүүхийнхээ өмнө угаах нь маш чухал хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

  • Covid-19 вирус бэлгийн замаар халдах уу? /Сингапураас Дэвид Чонг/

-Энэхүү вирус бэлгийн замаар дамжих боломжтой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Одоогийн байдлаар вирус халдварлах гол зам нь ханиах болон найтаах гэж үзэж буй.

  • Covid-19 вирусийн далд үе хэр удаан байх вэ? /Жиллиан Гибс/

-ДЭМБ-ын үзэж буйгаар өвчний далд үе буюу халдвар авснаас шинж тэмдэг илэрч эхлэх хоорондын хугацаа нь хоёроос арван хоног.

  • Коронавирус тусаад эдгэсэн хүн эргээд цоо эрүүл байж чадах уу? /Крис Степни/

-Тийм ээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь харьцангуй зөөлөн шинж тэмдэг үзүүлж буй. Мөн тэдний ихэнх нь 100 хувь эдгэрэх боломжтой. Гэвч өндөр настан болон хорт хавдар, чихрийн шижин гэх мэт хүнд өвчтэй буюу дархлаа муутай хүмүүсийн хувьд эрсдэл өндөр байна. БНХАУ-ын эрүүл мэндийн комиссын үзэж буйгаар хөнгөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг долоо хоногийн дотор бүрэн эмчлэх боломжтой ажээ.

  • Ухань хотоос импортлосон бараа висус дамжуулагч болох боломжтой юу? /Их Британиас Стефан/

-Импортын бараа вирус дамжуулна гэх баталгаа одоохондоо байхгүй. Коронавирус мэтийн зарим вирусууд аливаа эд зүйл дээр ханиах, найтаах тохиолдолд тухайн эд зүйл вирус тээгч болдог нь үнэн. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар коронавирус гадарга дээр удаан амьдарч чадахгүй. Тиймээс импортоор орж ирээд, лангуун дээрээс зарагдах хугацаанд вирус амьд тээгдсээр байх магадлал маш бага.

  • БНХАУ-аас энэ мэтийн өөр вирус тархах аюултай юу? /Гаутам/

-Тийм ээ, асар олон ард түмэн амьтадтай маш ойр амьдардаг газар. Тиймдээ ч Covid-19 вирус амьтнаас, тэр дундаа сарьсан багваахайнаас гаралтай хэмээн үзэж байгаа. Мөн Сарс зэрэг бусад өвчин ч амьтнаас үүсч байсан.

  • Энэ өвчний эсрэг нийтээр нь вакцинжуулах боломжтой юу? /Ханс Фредрих/

-Одоохондоо Covid-19 вирусийн эсрэг вакцин гаргаж аваагүй байна. Эрдэмтэд шинэ вакцин гаргаж авахаар цаг нартай уралдан ажиллаж буй. Энэ бол өмнө нь дэгдэж байгаагүй шинэ вирус. Тиймдээ ч хүн төрөлхтөнд энэ вирусийн тухай сурах зүйл бишгүй их байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж