Шүүхээр удахгүй дэнслэгдэх томчуудын дуулиант хэргүүд

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Шүүхээр удахгүй дэнслэгдэх томчуудын дуулиант хэргүүд

Шүүхээр удахгүй дэнслэгдэх томчуудын дуулиант хэргүүд

Авлига албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргүүд тун удахгүй шүүхээд дэнслэгдэх нь. Мөн УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Батбаяр болон түүний гэргий Т.Баясгалан нарт холбогдох хэрэг ч удахгүй шүүхээр шийдвэрлэгдэх хэргүүдийн тоонд багтжээ.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ ЗУРГААН ШҮҮГЧИЙГ ЭНЭ САРЫН 21-НД ШҮҮНЭ

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарчээ.

Өнгөрсөн оны сүүлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байсан 17 шүүгчийн зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Энэ хэргийн талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт зургаан шүүгч холбогдсон. Бусад нь өөр хэргээр шалгагдаж байна” хэмээн мэдээлсэн билээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар Салхитын мөнгөний орд газрын ашиглалтын лицензийг цуцалж байгаагаа мэдэгдэж, ордыг төрийн мэдэлд авсан. Энэ ордыг анх уяач Ш.Мөнгөншагай гэгч залуу “Жи Фи Эф” компанийн нэр дээр гурван лицензтэйгээр эзэмшиж байгаад, 2012 онд Хятадын “Си Си Эм Икс” компанид хоёр тэрбум төгрөгөөр худалдсан. Эндээс тус ордыг авах гэсэн хятад эздийн маргаан эхэлж, Монголын шүүх, хууль хяналтынхан ч хутгалдаж эхэлсэн байдаг.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн яриад байдаг “Вангийн тал, Янгийн тал”-ын маргаан гагцхүү Салхитын мөнгөний ордыг булаацалдсан Ян, Ван овогт хятад захирлуудын хэрэг, Монголын шүүгч, хууль хяналтынхан хоёр хуваагдан дээрх өвөрлөгч нарт үйлчилсэн, хээл хахууль авсан гэх хэрэг ийнхүү Монголын нэр нөлөө бүхий хэд хэдэн шүүгчийг хуулийн өмнө сөхрүүлсэн юм.

 САЙД АСАН Б.БАТЗОРИГ ХЭРГЭЭ ЕРДИЙН ЖУРМААР ШИЙДҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутган шалгаж, яллагдагчаар татсан. Тэд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн зөвшөөрч, хэргийг нийслэлийн прокрорын газарт буцаасан. Гэвч прокурор дээрх хэрэгт эсэргүүцэл бичсэн юм.

Б.Батзоригийн хувьд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ буцаж, ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Харин ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал асан С.Төгсбилэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Энхбат, сангийн мэргэжилтэн Б.Мөнхтулга зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдсэн байна. Энэ нь их хэмжээний мөнгөн дүнтэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн анхны тохиолдол болжээ.

Ш.БАТХҮҮ, Д.СУГАР, Ч.ГАНЗОРИГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ УДАХГҮЙ ГАРНА

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү болон түүнйи хамсаатнаар нэрлэгдсэн ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дара Г.Амарбат тэргүүтэй албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаж дуусчээ.

Тус хэргийг өнгөрсөн жил Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс дээрх хэргийг шалгаж дуусаад, өнгөрсөн нэгдүгээр сард прокурорт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад Баянзүрх Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүүхэд шилжүүлсэн бөгөөд удахгүй шүүх хурлын тов гарах талаар эх сурвалж мэдээлэв.

Долоон жил гаруй хугацаанд шалгагдаж буй тус хэрэг хоёр ч удаа хэрэгсэхгүй болсон билээ. Мөн тэдэнд холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хаахаас гадна өнгөрсөн жил мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч байв.

КЁКҮШЮҮЗАН Д.БАТБАЯР, МУГЖ Т.БАЯСГАЛАН НАРЫН ХИЛ ГАРАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАВ

Нийслэлийн прокурорын газар УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүний эхнэр, МУГЖ, дуучин Т.Баясгалан Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүхээс  таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болжээ.

Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байв.

Тодруулбал, Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авчээ.

Ц.САНДУЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН 30 ХОНОГ ХОРИНО

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.02.11/ Баянгол дүүргийн шүүхэд болов. Шүүгдэгч Ц.Сандуйгийн өмгөөлөгч нар түүнийг батлан даалтад гаргах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй бөгөөд үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргажээ.

А.Ганбаатарыг батлан даалтад гаргах эсэх асуудлыг өнөөдөр (2020.02.12) шүүх хуралдаанаар хэлэлцэж буй юм.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт тус бүрд нь дөрвөн жилийн ял оноосон ч Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж