Төсөв бүрэн эрүүлжинэ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Төсөв бүрэн эрүүлжинэ

Ардчилсан намын төсвийн бодлогын үр дүнд улсын төсөв бүрэн эрүүлжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар танилцуулсныг хүргэж байна.

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Ардчилсан намын бүлэг хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6 их наяд 632.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 7 их наяд 837.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1 их наяд 204.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувьтай байхаар Улсын Их Хурал баталсан.

2015 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн 2015 оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахаар байгаа нь төсвийг дахин тодотгох шаардлага болоод байна.

Үүссэн нөхцөл байдалтай уялдан төсөв, мөнгөний хумих бодлогоор төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөх, инфляцийг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх нь Дэлхийн банк болон Олон Улсын Валютийн сангаас өгч буй зөвлөмжтэй нийцэж байгаа юм.

Монгол Улсын төсөв, эдийн засаг дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнийн мөчлөг, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбараас хэт хамааралтай хэвээр байна. Сүүлийн 5 жилийн дунджаар экспортын 90 гаруй хувь, эдийн засагт цэвэр дүнгээр орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож байгаа.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн сүпер мөчлөг үндсэндээ дуусгавар болсон нь Монгол Улсын макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах зорилгоор Ардчилсан нам 2012 оноос эхлэн үйлдвэрлэлийг дэмжих олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд монголчууд импортын хараат байдлаа алхам алхмаар халж байна.

Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байна. Иймд 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцож, батлагдсан хэмжээг бууруулах, үүнтэй уялдуулан урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулах замаар төсвийг тэнцвэржүүлэх шаардлага гэж үзэж байна.

Төсвийн орлого буурахад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт голлох нөлөөг үзүүлсэн байна.

2015 оны улсын төсөвт дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 6,354.7 ам.доллар байхаар тооцсон. Гэвч энэ оны эхний 8 сарын байдлаар зэсийн 5,768.5 ам.долларт хэлбэлзэж, төлөвлөснөөс 586.2 ам.доллараар буурчээ.

Нүүрсний экспортын хэмжээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13.7 сая тонн хүрч, төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого буурахаар байна.

Түүнчлэн зарим төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт төлөвлөсөн хэмжээнээс буурч болзошгүй байгаа тул гаалийн тэмдэгтийн хураамжийн орлогыг 6.7 тэрбум төгрөгөөр, агаарын бохирдлын төлбөрийн орлогыг 2.1 тэрбум төгрөгөөр тус тус буурахаар тооцжээ.

Эрхэм гишүүд ээ,

Ямар орлого олно, түүгээрээ амьдарч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх цаг болсон.

Улсын Их Хурал сүүлийн 10 гаруй жил улсын төсвийг хэлэлцэхдээ орлогыг бодит бусаар тооцож, зардалд хэт үрэлгэн сэтгэхүйгээр хандаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагыг дунджаар 7-15 хувиар өсгөж баталсаар ирсний харалган үр дагаврыг өнөөдөр бид үүрч байна.

Цаашид УИХ улсын төсвийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн орлого, зарлагын дүнд багтаан батлах хэрэгтэйг сануулж байна.

Засгийн газар хөөстэй тооноосоо татгалзаж орлого, зарлагыг бодитой тооцон 2015 оны нэгдсэн төсвийн алдагдлыг ДНБ-ий 5 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсоныг Ардчилсан намын бүлэг дэмжсэн болно.

Монгол ардын намын эрх барьж байсан үе буюу 2011 онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 5.8, 2012 онд 6.8 хувьд хүрч байсан бол 2015 онд 5 хувь, 2016 онд 3.3, 2017 онд 0 хувь байх зорилтоор төсвийг бүрэн эрүүлжүүлэхээр ажиллаж байгаа нь Ардчилсан намын хийж буй төсвийн шинэчлэлийн бодлогын үр дүн юм.

Төсвийн шинэчлэлийн бодлогыг дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд эерэгээр хүлээн авч, сайшааж байна.

Монголбанк, Сангийн яам макро бодлогын нэгдсэн өөрчлөлтөөр 2015-аас 2017 онд нам, тогтвортой инфляци, орлого, зарлага нь тэнцвэржсэн улсын нэгдсэн төсөв болон алдагдалгүй төлбөрийн тэнцэлд суурилсан эдийн засгийн шинэ, тогтвортой өсөлтийн тэнцвэрийг хангахыг зорьж байна.

Макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангаснаар инфляци 2016-2018 онд 5-7 хувьд, ДНБ бодит өсөлт 7.5 хувийн голчтой, 6-9 хувийн тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

Өмнөх он жилүүдэд, аж ахуй нэгжүүдэд зориулсан банкуудын мөнгийг Засгийн газар алдагдлаа санхүүжүүлэхээр зээлж, хувийн хэвшилдээ зээлийн орон зай үлдээдэггүй байсныг өөрчилж, төсвөө алдагдалгүй батлах замаар банк, санхүүгийн зах зээлээс авдаг 1-ээс 2 их наяд төгрөгийг хувийн хэвшилд очих боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2014 оны төсвийг хэлэлцэх үед "Төрийн захиргааны байгууллагуудын үрэлгэн болоод урсгал зардлын хэт тэлэлт, төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой бус, төлөвлөлтгүй, төсөвт өртгийн хэмжээ хязгааргүй өсөлт, хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хангалтгүй байдал зэрэг нь жилийн жилд улсын төсвийг тарамдуулж татвар төлөгчдийн хөрөнгийг үрэгдүүлж ирснийг зайлшгүй өөрчлөх, шинэчлэх" зарчмын саналыг гаргаж, төсвийн реформыг үе шаттай хийх эхлэлийг тавьсан.

2012 оны УИХ-ын сонгуулийг угтуулж 2011, 2012 оны улсын төсвийг батлахдаа тооцоо судалгаагүй, зураг төсөвгүй, хөрөнгө оруулалтын төлөвлөлтгүй, төсөвт өртгийн хэтрэлттэй 1 их наяд 665 тэрбум төгрөгийн 2067 барилга байгууламжийг шинээр тусгаж баталсан нь өдийг хүртэл он дамжин төсвийн хөрөнгө оруулалтын бодлого хийгээд төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж ирлээ.

Сангийн яам төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг харгалзан үзэж төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, зардал бууруулах талаар УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу урсгал зардлын өсөлтийг бууруулах, үр ашгийг сайжруулах чиглэл баримталан, урсгал зардлын хэмжээг батлагдсан түвшнээс 43.9 тэрбум төгрөгөөр бууруулж, 5 их наяд 778,8 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгажээ.

Төсвийн орлогын өсөлттэй уялдан 2010-2012 онд төсвийн урсгал зардал дунджаар 35-38 хувийн өсөлттэй байсан бол сүүлийн 2-3 жилд төсвийн гүйцэтгэлээр урсгал зардлын өсөлт буурч 9.4 хувьтай болсон байна.

Төсвийн орлогын гүйцэтгэл, мөнгөн хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан бүх шатны төсөвт байгууллагын цалин хөлс, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, түүнчлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, улс орны аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг сахих, гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, намрын ургац хураалттай холбоотойгоор хөдөө аж ахуй зэрэг онцлог салбаруудын урсгал төсвийг бүрэн санхүүжүүлж, харин бусад бүх шатны төсөвт байгууллагын оны сүүлийн хагас жилд төлөвлөсөн бараа ажил, үйлчилгээний зарим зардал, зарим хөтөлбөр, арга хэмжээний зардлыг тодорхой хувиар бууруулахаар гаргасан саналыг Ардчилсан намын бүлэг бүрэн дэмжиж байна.

Улс төр, улс төр, улс төр гэсээр үндсэндээ Монгол ардын нам ажил хийлгэхгүй байгаад харамсч байна.

Засгийн газраас төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг Монгол ардын нам 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс гэж өөрчлөхийг хүссэн нь угтаа Засгийн газрын тогтвортой байдлыг алдагдуулах, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэсэн 2016 оны сонгууль амдуулсан улс төрийн ядмаг оролдлого байлаа.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Засгийн газрын тогтвортой бүтцийн асуудлыг нэг мөр шийдээд явах нь зүйтэй гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрчид, төрийн өндөр албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах саналыг бүлэг дэмжиж байна.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн батлах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж