Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл, ажлын талаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “ СЕХ-ны ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 8-ны өдөр болсон. Энэ үеэр сонгуулийн цаг хугацааны хуваарь болон 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хэлэлцэн баталлаа.
СЕХ 14 журам, гурван маягт, заавруудыг 2-3 сард батална. Дөрөвдүгээр сард аймаг нийслэлийн сонгуулийн хороо, сум дүүргийн сонгуулийн хороодыг байгуулна. Нийтдээ 340 орчим сум дүүргийн хороод байгуулагдах төлөвтэй байна.
Мөн сонгуулийн хэсгийн хороод тавдугаар сарын 10-аас өмнө байгуулагдах ёстой. Эдгээрт мөн адил төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллана. Улсын хэмжээнд 2000 орчим хэсэг байгуулагдах байх гэсэн тооцоо бий. Сонгуулийн цаг хугацааны хуваарьт тусгаснаар сонгуульд оролцох нам эвслүүд дөрөвдүгээр сарын 24-өөс өмнө сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д албан бичгээр хандсан байх ёстой.
Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ дөрөвдүгээр сарын 29-өөс өмнө хуралдаж хэлэлцэх хуулийн үүрэгтэй. УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна. Уг ажиллагаа нь 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд намууд дээрээ зохион байгуулагдана.
Нэр дэвшигчдийг СЕХ дээр бүртгэнэ. СЕХ бүртгэсэн нэр дэвшигчдийг санал авахаас 22 хоногийн өмнө буюу нэг өдөр ижил цагт нэр дэвшсэн хүмүүсийн үнэмлэхийг гардуулж өгөх үүрэгтэй. Сонгуулийн сурталчилгаа 22 хоногийн хугацаанд явагдана.
Өнгөрсөн долоо удаагийн УИХ-ын сонгуульд нийтдээ 2840 орчим хүн нэр дэвшсэн байна. 2016 оны сонгуулиар нийтдээ 12 нам, гурван эвсэл оролцсон”гэлээ.
СЕХ: УИХ-ЫН СОНГУУЛЬД 20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Тэрбээр үргэлжлүүлэн “2012 оны УИХ-ын сонгуулиар 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж авч ашигласан. Тус төхөөрөмж нь нийт зургаан удаагийн сонгуульд ашиглагдсан байна. Харин энэ удаагийн сонгуулиар тус төхөөрөмжийг ахин ашиглана гэж УИХ-ын тогтоол гарсан. Нэмж авах шаардлагатай гэж үзвэл тухайн нийлүүлсэн компаниас нэмж авах боломжтой. Одоогоор судалгааны ажил хийгдэж байна.
2020 оны УИХ-ын сонгуулийн 20 орчим тэрбум төгрөг баталж өгсөн. УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу нам эвсэл болон нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг төрийн аудитын дээд байгууллага гуравдугаар сарын 1-ээс өмнө батлах ёстой. СЕХ-той хамтраад зардлын дээд хэмжээг тогтоох тухай аргачлалыг тус газраас баталсан. Нам эвсэлд нэр дэвшигчдийн цахим орчинд сурталчилгаа явуулах хуулийн заалт өмнөх хуулиас илүү маш тодорхой болсон гэж харж байна. Нэр дэвшигч болон намуудын сурталчилгааны цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээ ашиглан сурталчилгаа явуулах боломжтой. Гэхдээ ямар сайт, ямар цахим хуудас ашиглах сурталчилгаа явуулах вэ гэдгээ нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш гурав хоногийн дотор аймаг нийслэлийн сонгуулийн хороонд заавал мэдэгдэж бүртгүүлнэ. Хэрэв бүртгүүлээгүй бол цахим хуудсаар сурталчилгаа явуулах боломжгүй. Харин бүртгэгдсэн цахим хуудсаар явж байгаа зар сурталчилгааг албан ёсны сурталчилгаа гэж үзэх бөгөөд хэдэн зар сурталчилгааны хуудастай байх тоог нарийн зааж өгөөгүй” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ