Испанийн Барселона клуб энэ жил 22 настай Франц жигүүрийн довтлогч Усман Дембелег гуяны арын шөрмөсний хагалгаанд орж хамгийн багадаа зургаан сар талбайд гарах боломжгүй болсон тухай өчигдөр/2020.02.11/ мэдээллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн хүрээнд Барселона болон Бориуссиа Дортмунд багуудын тоглолтын үеэр Усман Дембеле гэмтэл аван талбайг орхисон. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт багийн бэлтгэлийн үеэр түүний гуяны арын шөрмөсний гэмтэл сэдэрч хагалгаанд орох хэрэгтэй болжээ. Ийнхүү 2017 оноос хойш тэрбээр хоёр хөлөндөө хэд хэдэн томоохон гэмтэл аваад байна.
2017 онд Германы Бориуссиа Дортмунд багаас 105 сая еврогоор ирж байсан тэрбээр одоогийн байдлаар Барселона багийн төлөө 74 тоглолтод оролцсоноос 10 удаа л бүтэн 90 минут тоглосон байна. Мөн тэрбээр энэ улиралд ердөө гуравхан тоглолтод оролцож 63 тоглолт өнжөөд байна. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний аварга, Усман Дембеле 2020 оны ЕАШТ-нийг өнжих болж байна.
Барселона клуб Усман Дембелегээс гадна Уругвай довтлогч Луйз Суарезыг улирал дуустал гэмтэлд алдаад байсан юм.
Холбоотой мэдээ