ОСЛЫН УЛМААС ОРОН НУТАГТ НЭГ ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2020.02.11/ нийт 188 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 118 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж бэртэж орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Нийт хүн бэртсэн ослын хувьд гурван явган зорчигч мөргөх хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,
Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 20.30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт гуравдугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфальтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас баржээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан найман хүнийг хуулийн дагуу шүүхээр баривчилсан байна.
ЗАВХАНД МӨС ЦӨМӨРЧ 143 ҮХЭР ХОРОГДЖЭЭ
Мөн энэ өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багт 10 айл өрхийн 143 үхэр Ойгон нуурны мөс цөмөрсний улмаас живж хорогдсон байна. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг ОБЕГ-ын алба хаагчид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсныг өчигдөр 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргажээ. Мөсний зузаан 40-80 см байгаа бөгөөд өнөөдөр /2020.02.12/ өглөө үхрийн сэг зэмийг гаргахаар дахин эхлүүлжээ.
Э.БУРАМ