ЭМЯ: 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна

ЭМЯ: 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.12/ ээлжит мэдээллээ хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байна. Нийслэл хотоос гадна Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймгуудад гэхэд нэгдүгээр сарын 23-аас хойш өвчлөл гарсан голомтоос ирсэн 20 гаруй хүн байна. Тэдэнд шинэ коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарласан байгаа юм байна.


УХАНЬ ХОТООС ИРСЭН 31 ОЮУТНЫ БИЕИЙН БАЙДАЛ САЙН БАЙГАА

ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү “Хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол болон Гашуунсухайт боомт дээр тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй гэж гарсан. Дээрх 12 хүнийг 14 хоног тусгаарлаж ажиглалтыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн Баян-Өлгий, Сүхбаатар аймаг болон Замын-Үүдэд нийт долоон хүн тусгаарлагдаж шинжилгээ хийгдэж байна. Мөн Ухань хотоос ирсэн 31 оюутны биеийн байдал сайн байгаа” гэдгийг энэ үеэр онцоллоо. ЭМЯ-аас короновирус ахуйн хавьтал болон агаар дуслын замаар бохирлогдсон өтгөнөөр болон шээс, хөлсөөр дамжих боломжтой гэдгийг энэ үеэр дуулгалаа.

ЭРСДЭЛИЙН ТҮВШИН МАШ ӨНДӨР БАЙНА

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтэн О.Ариунтуяа “Шинэ коронавирусийн халдварын нэршлийг албан ёсоор covid-19 гэж нэрлэлээ. Хоёрдугаар сарын 12-ны мэдээгээр коронавирусийн 45168 тохиолдол, 1115 нас баралт бүртгэгдсэн. ДЭМБ-ын баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа. Мөн олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна. Хубэй мужаас гаднын газарт нас баралтын түвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн түвшин 15 хувь байгаа. Монгол Улсын хувьд бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Хоёр хоногийн өмнө салбар хоорондын байгууллагуудын хийсэн эрсдэлийн түвшин маш өндөр байна хэмээн мэдэгдсэн” гэв.

ТҮР ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН  Ч ИРГЭД ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Цагдаагийн байгууллагаас онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа.Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь зэрэг долоон аймагт түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан. Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор иргэд зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байна.  Тиймээс иргэд маань хүн амын аюулгүй байдлын асуудал яригдаж байхад хүлээцтэй байх хэрэгтэй байна. Харин онцгой байдлын байгууллагаас "Өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлд оролцсоноос хойш онцгой комисс хоёр удаа хуралдсан. УОК-ын даргын тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомтод шуурхай бүлэг ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг шалган зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд тайлангаа тавьсан" гэдгийг мэдээллээ.

Э.БУРАМ

БАЯН-ӨЛГИЙ, ЗАМЫН-ҮҮДЭД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛУУД ИЛЭРЛЭЭ

Шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол Хөвсгөл, Замын-Үүд, Баян-Өлгий аймагт бүртгэгдээд байгаа юм. Хөвсгөл аймагт шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэний биеийн байдал хэвийн байна. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар, тухайн иргэнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Иймд олон нийт ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг тус эмнэлгээс сануулж иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй аливаа мэдээллийг шууд түгээхгүй байх, зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг авах, түгээхэд ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг уриалж байна.

Мөн Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн шөнийн 03.00 цагт хуралдаж, аймгийн захуудыг хаах шийдвэр гаргасан байна.

Түүнээс гадна Замын-Үүд боомтоор 02.11-ний өдрийн 20.00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Сэжигтэй иргэн БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байгааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.

Аливаа худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна. Иймд ямар нэгэн үндэслэлгүй ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас дахин анхааруулъя гэжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж