Солонгосчууд дэлхийн урлагийн салбарт шинэ хуудас нээлээ | News.MN

Солонгосчууд дэлхийн урлагийн салбарт шинэ хуудас нээлээ

Солонгосчууд дэлхийн урлагийн салбарт шинэ хуудас нээлээ

Солонгосчууд дэлхийн урлагийн салбарт шинэ хуудас нээлээ

Өмнөд Солонгосын хөвгүүдийн “BTS” хамтлаг, найруулагч Бон Жүн Хугийн “Шимэгч” кино 2019 онд Солонгосын урлагийг дэлхий дахинаа таниулж, жинхэнэ Солонгос давалгааг үүсгэж тус улсын төдийгүй дэлхийн урлагийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээлээ.

“BTS” хамтлагийн хувьд дэлхийн хотуудад тоглосон аялан тоглолтууд, “Billboard”-ийн жагсаалтыг  тэргүүлж, домогт “Beatles”-ийн амжилтыг давтсан гэх зэрэг олон гайхалтай амжилтаар дүүрэн оныг үдсэн. Тэдний аялан тоглолтыг дэлхийн 26 хотын хоёр сая гаруй хүн үзэж сонирхжээ.

Түүнчлэн Лондоны “Wembley Stadium”,  Нью-Йоркын “Citi Field” зэрэг дэлхийн хамаг л алдартай цэнгэлдэхүүдэд очиж тоглосон “BTS”-ийн залуус “American Music Awards”-ийн оны шилдэг тоглолтын шагналыг хүртсэн. Мөн Саудын Арабын “King Fahd”-ийн олон улсын цэнгэлдэх хүрээлэнд тоглосон анхны гадаадын уран бүтээлч болсон нь шашны хатуу дэг жаягтай улсын хувьд маш сонирхолтой үйл явдал болсон.

Барууны хэвлэлүүд Ази, Америкийн хөгжмийн зах зээлийг эзэгнээд буй “BTS”-ийг 1960-аад онд Британийн хөгжмийн соёл Америкийг “эзэлж” байсан үетэй харьцуулан бичих болжээ.

Нэгэн сонирхолтой тоо баримт дурдахад, “BTS” хэмээх долоохон залуугийн нэгдэл Өмнөд Солонгосын ДНБ-ий 0,3 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тус улсын хамгийн том компани болох “Samsung” корпораци 13,1 хувийг бүрдүүлдэг бол “Hyundai” 5,3 хувийг, “LG Electronics” 3,4 хувь, “KIA” 2,4 хувь, “Korean Air” 0,7 хувийг тус тус бүрдүүлж байгаа юм.

“К-поп, Солонгос соёл бол зөвхөн Зүүн Азийн хэмжээнд яригдах асуудал биш болсон. Энэ аль хэдийн дэлхийн поп соёлын өнгө төрхийг тодорхойлдог болсон” хэмээн Сөүлийн их сургуулийн профессор Хон Сеок Кён хэлсэн байна.

Зөвхөн “BTS” ч гэлтгүй түүний араас гарч ирж буй шинэ хамтлаг дуучид ч энэ замналыг үргэлжлүүлж байна. Тухайлбал, хөвгүүдийн “SuperM” хамтлагийн анхны “SuperM: The 1st Mini Album” цомог нь өнгөрсөн оны аравдугаар сард “Billboard”-ийн шилдэг 200 дууны жагсаалтыг тэргүүлсэн юм.

Мөн өнгөрөгч нэгдүгээр сард охидын “BLACKPINK” хамтлагийн “Ddu-du Ddu-du” дуу “Youtube” суваг дээр нэг тэрбум үзэлттэй болсон нь энэ амжилтад хүрсэн анхны к-поп хамтлаг болсон.

2019 он Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт ч мөн түүхэн жил болон үлдсэн. Найруулагч Бон Жүн Хугийн “Шимэгч” кино Канны кино наадмын дээд шагналыг хүртсэн нь тус улсын хувьд түүхэн амжилт болсон юм. Дэлхийн 200 гаруй улсад гарч, зөвхөн эх орондоо л гэхэд 10 гаруй сая хүн үзсэн уг кино нь АНУ-ын зах зээлээс 20 гаруй сая ам.долларын ашиг олсон нь тус улсад хамгийн их ашиг олсон Солонгос кино болжээ. Хариин дэлхий даяар 167 сая ам.долларын ашиг олсон нь кино бүтсэн өртгөөс даруй 16 дахин их байгаа юм.

Нийгмийн анги давхарга, түүний ялгааг харуулсан “Шимэгч” кино нь дотоодын болон олон улсын 55 кино наадмаас 57 шагналыг хүртсэн бахархам амжилтыг үзүүлсэн билээ. Гэхдээ гайхамшиг үүгээр төгссөнгүй. Саяхан болсон дэлхийн кино урлагийн хамгийн дээд шагнал болох Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шимэгч” киноны уран бүтээлчид ганзага дүүрэн буцаж бас нэгэн том түүхийг бичлээ.

Уг кино нь хамгийн их найдлага төрүүлж байсан дэлхийн шилдэг найруулагчдын бүтээлүүд болох “Joker”, “1917” зэрэг кинонуудыг ардаа орхиж “Оны шилдэг кино”, “Олон улсын шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эвлүүлэг” зэрэг гол шагналуудыг хүртсэн билээ. Энэ бол Оскарын түүхэнд анх удаа гадаад хэл дээрх кино шилдэг киногоор шалгарсан явдал байлаа.

Өмнөд Солонгосын соёл урлагийн салбар нь тус улсын эдийн засагт маш том хувь нэмэр оруулах болсон. Солонгосын дайны дараах үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засагтай байсан тус улсын хувьд соёлын салбар нь зөөлөн хүчний бодлого гэж хэлж болох хэмжээнд хүрчээ.

“Шимэгч” кино Оскарын үдшийг эзэгнэсэнд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин твиттертээ өөрийн улсын уран бүтээлчдээрээ бахархаж буйгаа илэрхийлэн жиргэжээ. Тэрбээр цаашдаа Засгийн газраас соёлын салбарыг тэр дундаа кино урлагийн салбарын төсвийг нэмэгдүүлж, дэмжин ажиллахаа амласан байна. Тус улсын “Кино зөвлөл” хэмээх байгууллагад улсаас нь 100 тэрбум воны зээл олгожээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 32 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм.

Энэ өдөр киног бүтээсэн “Barunson Entertainment”-ийн хувьцаа даруй 17 хувиар огцом өсч, тус киноны гол ивээн тэтгэгч “CJ ENM”-ийн хувьцаа ч 4,3 хувиар өссөн байна. “CJ ENM” бол “Samsung” корпорацийн үүсгэн байгуулагчийн ач охин Мики Лигийн удирддаг компани юм. Хатагтай Ли Бон Жүн Хо болон тус улсын кино урлагийн чадварлаг найруулагч нарын уран бүтээлийг байнга ивээн тэтгэдэг урлагт хайртай бас мэдрэмжтэй нэгэн билээ. Тэрбээр Өмнөд Солонгосын кино урлаг дэлхийн тавцанд гарахад цаашид ч тусалсаар байх болно гэдгээ Оскарын үдэш илэрхийлж байв.

Өмнөд Солонгосын кинонуудын олсон ашиг сүүлийн 15 жилийн хугацаанд огцом өсчээ. 2004 онд тус улс кино урлагаас нийт 440 тэрбум буюу 370 сая ам.долларын орлого олсон байна. Харин 2019 оны хувьд нийт орлого 1,91 их наяд вон буюу ойролцоогоор 1,61 тэрбум ам.доллар болж өссөн байгаа юм. Энэ нь АНУ кино урлагийн салбараас олдог  11,3 тэрбум ам.долларын орлоготой харьцуулахад бага хэдий ч дэлхийн нийт кино урлагийн салбарын орлого 42,5 тэрбум ам.доллартай харьцуулах юм бол маргаангүй маш чухал байр суурийг эзэлж байаа юм.

Өнөөгийн энэ амжилтад хүрэхэд Засгийн газрын тусламж дэмжлэг маш чухал нөлөө үзүүлсэн бөгөөд тус улс одоо дэлхийн топ таван кино үйлдвэрлэгч улсын нэг болж АНУ, Хятад, Япон, Их Британи зэрэг улсуудтай эн тэнцүү өрсөлдөж байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амармэнд 2020-02-12 66.181.161.39

Өмнөд Солонгос улс үнэхээр мундаг дэлхийн том гүрэн болж байна даа. Соёл урлаг, техник технологи, аж үйлдвэр, эдийн засгийн хүчин чадал, мэдлэг боловсролоороо гайхагдаж дэлхийн өнгийг тодорхойлж гайхуулж байна даа. Ер нь Солонгос Хангүг үндэстэн оюуны чадамж ухамсар сэтгэлгээ маш өндөртэй зальжин сэргэлэн зан чанартай ард түмэн шүү дээ. Солонгосын ирээдүй хойч үе маш өнгөлөг харагдаж байгаа. Үнэхээр Солонгос үндэстнийг биширч хүндэлж байна. Хэзээ ч хаана ч бууршгүй дордохгүй дийлдэшгүй Солонгос

Avatar

Zochin 2020-02-12 202.170.70.48

Kino bol Solongoschuudiin aimshgiin amidraliig yag haruulsan baina lee. Ikh hugjij zuvhun mungunii tuluu yavbal ard tumen yaj parazit boldgiig harj bolno.

Avatar

Зочин 2020-02-12 66.181.183.208

Ажилсаг дайчин тэмцэгч ард түмэн иым л сайхан хангалуун амьдрах юмда. Гэтэл монгол???

Avatar

Зочин 2020-02-12 211.36.132.23

Нэг магтахаараа хэтрүүлэх юм Дотор нь орохоор өөрөө өөр монгол шиг диваажин байхгүй гэдэгтэй хэн ч маргахгүй .ямар сайндаа залуучууд нь хоорондоо гэрлэхээ ч больж байна амиа хорлолт маш өндөр

Avatar

Зочин 2020-02-12 202.55.188.93

СО УГААСАА Л МУНДАГ.ҮХРҮҮД АТААРХААД БООЖ ҮХЧИХ ГЭЭД БДАГ БОЛОХООС.ЯМААН ОМОГТ Ч ГЭХ ШИГ.ӨӨРСДӨӨ ЖИНХЭНЭ ЯМААН ОМОГТ ЗОДОЛДОЖ ЧАДАХГҮЙН БАЙЖ ХУДЛАА ОРИЛОО Л П П Ч ГЭХ ШИГ, УУРЛААД АЖЛАА ХАЯЖ ЯВНА.ХҮНИЙ НУТАГ ГУЙЛГАЧИЛЖ ОЧЧИХООД.ОЛДДОГ АЖИЛ НЬ БАРИЛГА НҮҮЛГЭЛТ.ТЭНД БАЙГАА ХҮМҮҮСЭЭР СО НАРЫГ ТӨСӨӨЛНӨ хөөрхий. БИД НЬ ЭНДЭЭ ХИШИГЖАРГАЛ,ЖАВХЛАН, БОЛДЫГОО СОНСООД, СУПЕР ААВ, ТООЧГОО ҮЗЭЭД 21-Р ЗУУНЫГ ҮДНЭ ДЭЭ ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2020-02-12 202.55.188.93

СО НАР МУНДАГ АА МУНДАГ. ҮМБҮҮ МОНГОЛЧУУД МУУЛАХ ИХ Л МУУЛАХ ДУРТАЙ. ЯМААН ОМОГТОЙ Ч ГЭХ ШИГ. ТИЙМ ЮМ ООГТ ХАРААГҮЙ. ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ЖИНХЭНЭ ЯМААН ОМОГТНУУД НЬ МОНГОЛ ШД.ЮУ Ч БОЛООГҮЙ БХАД УУРЛАНА, АЖИЛ ХАЯЖ ЯВНА, П П ГЭЖ ХАРААНА, ЗОДОЛДОЖ ЧАДАХГҮЙН БАЙЖ ХУДЛАА ОРИЛНО.ХӨӨРХИЙ ТЭНД ОЛДОЖ БАЙГАА АЖИЛ НЬ,ХҮРЭЭЛҮҮЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ЧААВААС БАРИЛГА, НҮҮЛГЭЛТ ЮМ ДАА. ТЭГЧИХЭЭД ТЭРҮҮГЭЭРЭЭ СО ХҮМҮҮСИЙГ ТӨСӨӨЛӨӨД НААСААН. БИД НЬ ЭНДЭЭ ХИШИГЖАРГАЛ БОЛДЫГОО СОНСООД, СУПЭР ААВ, ТООЧКОО ҮЗЭЭД Л СУУЖ БАЙЯ ДА

Avatar

Зочин 2020-02-12 103.212.119.239

Биднээс түрүүлээд өөрсдөө л солонгосоо аймшгийн газар гэцгээх юм билээ. Саяхан хамгийн аллартай дуучин T.O.P нь солонгосчуудаа чөтгөрүүд гэж мэдэгдээд байсан биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж