Дэлхийд үхлийн аюултай коронавирусийн халдвар тарж олон хүний амь хохирсон айдаст мэдээлэл Монгол Улсыг “саарал жагсаалт”-д орсныг мартуулж орхив. Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллага /ФАТФ/-ын "саарал жагсаалт"-д орсон ч санхүүгийн ямар нэгэн хориг арга хэмжээ авахгүй, эдийн засагт савалгаа үүсэхгүйг эрх баригчид мэдэгдсэн билээ.
Манай улс ФАТФ-д 2004 онд элссэн. Тус байгууллагаас Монгол Улсын банкны салбарын 2013-2016 оны ажилд үнэлгээ хийжээ. Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 онд батлагдах үед Монгол Улсын хөрөнгийн хэмжээ 34 их наяд буюу 150 хувиар нэмэгдсэн нь ФАТФ-ын анхааралд өртсөн. Тиймээс тус байгууллагаас 40 заалт бүхий зөвлөмж өгч, эрчимтэй хяналтдаа авсан билээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Манай улс ФАТФ-ийн зөвлөмжөөс дөрвөөс бусдыг нь биелүүлж, эрчимтэй хяналтаас өргөтгөсөн хяналтад шилжсэн” гэж мэдэгдсэн. Тэрбээр мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүхээс шийдвэр гаргадаггүй, хөрөнгө хураагддаггүй, мөн манай улсад ажиллаж буй Хойд Солонгосын 2000 орчим ажилчны асуудлыг шийдвэрлээд хоригоос ойрын хугацаанд гарах боломжтойг хэлж байв. ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг "саарал жагсаалт"-д оруулахдаа ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авахыг гишүүн улсуудад шаардахгүйгээ мэдэгдсэн. Энэ талаар төв банкны удирдлага “Одоо харилцаж байгаа банкууд биднийг ФАТФ-ын хяналтад байгаа гэдгээр харилцаж байгаа тул нэмж эрсдэл учрахгүй”-г мэдэгдэж байв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Саарал жагсаалтад орсон нь буруу бодлого, үйлдлийг шийдэж засахгүй явсны алдаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль үүнд том нөлөө үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд Монголбанкны валютын нөөц нэмэгдэж, ирээдүйн өв санд 363 тэрбум ам.доллар хуримтлагдсан байна. Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн дархлаа бий болгохын төлөө ажиллалаа. “Саарал жагсаалт”-д орсон гэж ханш хөөргөх, сандрах шаардлагагүй. ФАТФ-ын дараагийн хурал гэхэд "саарал жагсаалт"-аас гарна гэж найдаж байна" гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хаахдаа “Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах ёстой. Энэ бол Монгол Улс дэлхий дахинд нээлттэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм. Энэ чиглэлээр Улсын Их Хурал ихээхэн хүч чармайлт тавьж байгаа бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдлээ. Ингэснээр бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэж байгаа юм” хэмээн мэдэгдсэн юм.
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага энэ онд гурван удаа хуралдах бөгөөд эхний хурал энэ сард болохоор товлогджээ. Мөн ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа дөрвөн сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай. Энэ дагуу өнгөрсөн сард Улсын дээд шүүх, Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 18 байгууллагын 31 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалсан. Уг хурлаас Монгол Улс саарал жагсаалтаас гарахын тулд богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, зургаан чиглэлээр өгсөн арга хэмжээний гурвыг хэрэгжүүлсэн гэж үзжээ. Иймд эрх баригчид ирэх тавдугаар сард товлогдсон ФАТФ-ын хуралдаанаар “саарал жагсаалт”-аас гарах боломжтой хэмээн үзэж буй юм байна.
НИЙТ ЗУРГААН ДААЛГАВРААС ГУРВЫГ НЬ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭСЭН ҮР ДҮНТЭЙ БАЙНА
Монголбанкны Хууль эрх зүй газрын захирал Д.Аюушийн мэдээлснээр, Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн уулзалт Бээжин хотод зохион байгуулагдаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан, хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл бүхий баг оролцож, тайлангаа хамгаалжээ.
Тэрбээр “2019 онд бид ФАТФ-аас үр дүнтэй байдлын хэрэгжилтийн дөрвөн асуудал дээр зургаан даалгавар авсан. Тухайлбал, нэгдүгээрт, шууд хэрэгжилт гурав буюу “Банкнаас бусад санхүүгийн салбар, нягтлан бодогч, хуульч, нотариатч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт чулууны худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх, зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээний үйл ажиллагаа хангалтгүй байна” гэсэн дүгнэлт өгөөд, үүн дээр хоёр даалгавар өгсөн. Энэхүү хоёр даалгаврын нэгийг нь хангалттай биелүүлсэн гэсэн үнэлгээ авсан. Хоёрдугаарт, шууд хэрэгжилт долоо нь мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2017 оноос хойш нэмэгдсэн боловч, гэмт хэргийн эрсдэлийн түвшин, шүүхээр шийдсэн хэргийн тоо хангалтгүй байна” гэж дүгнэгдсэн. Үүн дээр ямар нэгэн ахиц гараагүй байна гэсэн үнэлгээтэй байна. Шууд хэрэгжилт найм дээр нэг даалгавар авсан. Хилээр бэлэн мөнгийг мэдүүлэхгүй буюу худлаа мэдүүлж гаргахтай холбоотой зөрчилд авах арга хэмжээг сайжруулах шаардлагатай гэж үзэж байсан. Үүн дээр хангалттай биелүүлж, ахисан гэх үнэлгээ авсан. Мөн шууд хэрэгжилт 11 буюу Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дутагдал байна. Мөн хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай гэж үзээд, хоёр даалгавар өгсөн байдаг. Үүний нэг даалгаврыг биелүүлсэн байна гэж үзсэн. Энэ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийсэн байна гэж дүгнэсэн. Товчхондоо бол нийт зургаан даалгавраас гурвыг нь амжилттай биелүүлсэн гэсэн үр дүнтэй байна” хэмээн мэдээлсэн юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Вашингтон хотноо Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болсон. АНУ болон Япон Улсын зүгээс ФАТФ-ын зөвлөмжүүдийн хүрээнд мөнгө угаахтай тэмцэх чадамжаа бэхжүүлэх чиглэлд Монгол Улсад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ