Монголын жүдо цусаа сэлбэх цаг нь иржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Монголын жүдо цусаа сэлбэх цаг нь иржээ

Монголын жүдо цусаа сэлбэх цаг нь иржээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадам Япон улсын нийслэл Токио хотод нээлтээ хийхэд 163 хоног үлджээ. Монгол улс хамгийн анх 1964 оны Токиогийн зуны XVIII олимпийн наадамд оролцож байсан бол 56 жилийн дараа дахин Токиог зориход бэлэн болжээ. Энэ удаагийн Токио-2020 олимпийн зуны XXXII олимпийн наадамд Монгол улсын медалийн итгэл найдвар тавьж байгаа спортын төрөл бол яахын аргагүй жүдо.

Харамсалтай нь жүдогийн спорт "уналтанд" оржээ. 2019 оны Токио хотод зохион байгуулагдсан жүдогийн ДАШТ-нд амжилт муутайхан оролцсон Монгол улсын жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид болох Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчид болох ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од , ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, Япон дасгалжуулагч Тори Томо нарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын шаардлага тавьж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн.

Гэвч жүдогийн шигшээ багийн асуудал дасгалжуулагчдадаа бус тамирчдын боловсон хүчин, менежмент тал дээр байсан гэдгийг сүүлийн тэмцээнүүдээс харж болохоор байна. МУГТ М.Уранцэцэг , МУГТ Д.Сумъяа хоёр л жүдогийн медалийг залгуулж байна гэхэд хилсдэхгүй. Гэтэл дээрх хоёр тамирчид маань удахгүй 30 нас хүрнэ. МУГТ М.Уранцэцэгийн хувьд Токио-2020 зуны олимпийн дараа хувийн амьдралдаа цаг зав гаргана гээд зарлачихсан. Тэгвэл түүнийг хэн орлох вэ?

Г.Наранцэцэг л боломжтой юм. Үүнээс үзэхэд Монголын жүдод өрсөлдөөн алга байна. Нэг жин дээр дор хаяж 2-3 өндөр бэлтгэлтэй тамирчид хэрэгтэй. Японы шигшээ баг дээр л жишээ авахад эрэгтэйчүүдийн -73 кг жинд Сойчи Хашимото, Шохэй Оно, Масаши Ебинума зэрэг дэлхийн хэмжээний жүдочид байгаа бол эмэгтэйчүүдийн -63 кг жин дээр Мику Таширо, Нами Набекура, Масако Дай нарын шилдэг жүдочид хүчтэй өрсөлдөөнийг дундаа үүсгэж байна.

Саяхан л Парисын Их дуулгад Д.Сумъяаг алтан медалийн төлөөх барилдаанд ялсан 2019 оны дэлхийн аварга Канадын Криста Декучи 2017 онд Японы иргэншлээс татгалзаж Канад улсыг сонгосон. Шалтгаан нь их энгийн өөрийгөө батлан харуулж, хэт их өрсөлдөөн дундаас бус амар тайван, баталгаатай олимп дэлхийн аваргад өрсөлдөх. Криста Декучи шиг тамирчид Японд олноороо байгаа. Харин манайд М.Уранцэцэг, Д.Сумъяа шиг тамирчид хэд байгаа вэ. Энэ их сонирхолтой. Мөн сүүлийн үед Францын шинэ залуу үеийн эмэгтэй жүдочид цахиур хагалан гарч ирж -52, -63, -70, -78 кг жингүүдэд дэлхийн чансааг тэргүүлж байна. Тэдний хамгийн залуу нь энэ жил 23 настай Марие Эвэ Гахие байгаа бол хамгийн ахмад нь 27 настай Клариссе Агбегненоу байх жишээтэй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Парисын Их дуулгаас Монгол Улс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээс -57 кг жинд Д.Сумъяа мөнгө,  -48 кг жинд М.Уранцэцэг, -60 кг жинд Д.Амартүвшин, -73 кг жинд Ц.Цогтбаатар, -66 кг жинд Ё.Басхүү зэрэг дандаа доод жингийн жүдочид медаль хүртсэн. Харин дээд жингийн жүдочид сүүлийн үед “бараг” л тив, дэлхийн чанартай Их дуулга, Мастерсийн тэмцээнээс медаль авах нь бүдгэрч байна. Эрэгтэйчүүдийн -100 кг , +100 кг, -90 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг, -70 кг зэрэг жингүүдэд шинэ залуу тамирчид сүүлийн жилүүдэд харагдсангүй. Саяхан зохион байгуулагдсан УАШТ-нээр эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд 2015 онд жүдогоосоо зодог тайлсан МУГТ Х.Цагаанбаатар мөнгөн медаль авлаа. Үнэхээр залуу жүдочид харагдахгүй байна уу, эсвэл МУГТ Х.Цагаанбаатар үнэхээр формтой байсан уу.

Мөн Монгол улсад +100 кг жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг ялах жүдочин одоо хүртэл  байхгүй гэдгийг саяны УАШТ тодоор харууллаа. Н.Түвшинбаяр аварга өөрөө 24 насандаа 2008 оны Бээжингийн олимпоос Монголын анхны олимпийн алтан медалийг авчирч байсан бол 2012 онд  28 насандаа Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж Монголын анхны олимпийн хос медальтан болсон.

Үүнээс харахад 20-30 нас бол жүдочдын амжилтын оргил үе гэдэг нь харагдаж байна. Judometrics.com сайтын гаргасан судалгаагаар олимпийн наадамд оролцож буй жүдочдын дундаж нас 25.41 бол олимпийн алтан медаль хүртэж буй жүдочдын дундаж нас 23.83 байна. Иймээс олимпийн наадам шинэ залуу тамирчид оролцож дэлхий нийтэд өөрийгөө таниулдаг гэж хэлж болно. Та бүхэн санаж байгаа бол 2016 оны Риогийн олимпийн наадамд хэний ч мэдэхгүй итали жүдочин Фабио Базиле тэсрэлт хийн, эрэгтэйчүүдийн -66 кг жинд алтан медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын 2015 оны дэлхийн аварга Ан Баулыг цэвэр ялж шуугиан тарьж байсан. Тэр үед Фабио Базели дөнгөж 21 настай байлаа.

Хурд хүч, эр зоригтой залуу хүү. Алдсан ч дараа нь боломж байгаа гэсэн сэтгэлгээтэй залуу тамирчин. Монголын жүдогийн ертөнцөд шинэ салхи оруулж, шинэ цус сэлбэх хэрэгтэй үе нь одоо л ирж байна. Токио-2020 зуны олимпийн наадамд одоо байгаа хуучин бүрэлдэхүүнээрээ л нэг дайраад үзэх байх. Гэхдээ амжилт олох нь юу л бол доо…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж