Үл хайхрах хүчирхийлэл буюу үнэгүйдсэн "амь"

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Үл хайхрах хүчирхийлэл буюу үнэгүйдсэн "амь"

Үл хайхрах хүчирхийлэл буюу үнэгүйдсэн "амь"

Эцэг эхчүүд, томчуудын хайхрамжгүй хэнэггүй зангаас болж бага насны хүүхэд гэмтсэн, амиа алдсан  гэх аймшигт мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо.  “Ээж нь урлагийн үзлэгтээ бэлдээд ирье, миний хүүхдүүд гэртээ тоглоод байж байгаарай” гэж хэлээд цэцэрлэгийн үйлчлэгч бүсгүй дэрсхэн хүүхдүүдээ үнсээд гарчээ. Харах хүн байгаагүй тул хаалгаа гаднаас нь түгжив. Гэхдээ тэр үнсэлт эцсийнх байж. Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр Дархан хотод  нэг айлын гурван хүүхэд  хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Паар нь хагарснаас цахилгааны саатал гарсан нь 4, 5, 1 нас зургаан сартай охидын  амийг авсан болохыг  шалгалтаар тогтоосон байна.

Тэгвэл дээрх хэргээс ердөө нэгхэн хоногийн дараа  Архангай аймгийн Өлзийт суманд ой найман сартай хүүхэд гэртээ чихэр идэж байгаад хахаж нас барсан  хэрэг хүмүүсийг дахин сэртхийлгэв.

Хуулийн байгууллагынхны урьдчилсан байдлаар, гэртээ байсан хүүхэд резинен чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж, улмаар хахаж нас барсан гэх дүгнэлтэд хүрчээ. Хүүхдээ хайрлан хамгаалъя, балчир үрсийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлмээр байна гэж энгийн иргэнээсээ авахуулаад удирдах албан тушаалтан, УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл дуу нэгтэй ярьдаг.  Харамсалтай нь томчууд бидэнд үүнийг ухааруулахын тулд олон хүүхэд хэдхэн өдрийн зайтай алтан амиа өгөв.

Хүүхэд хамгийн аюулгүйн орчин болох гэртээ, сургуулийнхаа гадаа, тоглоомын талбайд харамсалтайгаар амиа алдсан тэрхүү хэргүүдээс зарим нэгийг нь эргэн сөхье.

  • 2019 оны зургадугаар сарын 25. Гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай хүү тогонд цохиулж амиа алдав. Осол болсон өдөр хүү нагац эгчийнх рүүгээ ээжийгээ дагаж явсан байна. Ингээд ээж нь гэрт байх зуур хүү айлын хүүхдүүдтэй тоглож байгаад цахилгаанд цохиулжээ. Хашаанд хоёр гэр байсан аж. Нэг айлаас нөгөөх рүү цахилгаан татаж, утсыг газраар явуулж, залгаа хэсэг дээр нь төмөр тавьж “хамгаалсан” байж. Улмаар бороо орж, газар норсны дараа тоглож явсан хүү бүдэрч унан төмөрт хүрснээр цахилгаанд цохиулжээ. Хэрэвзээ, томчууд хариуцлагатай байсан бол хүү амьд байх байв.
  • 2019 оны долдугаар сарын 13. Дорнод аймгийн Цагаан-овоо сумын нутаг дэвсгэр Гүн цэнгэлэг нэртэй нуурын эрэгт 25 настай О гэх эмэгтэй согтуугаар автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхныг дайрч, майханд байсан  зургаа, долоон сартай хоёр хүүхдийг дайрч хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.
  • 2018 оны зургадугаар сарын 18. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглохоор очсон тавдугаар ангийн хүү хөлбөмбөгийн талбайн төмөр хаалганд  даруулж амиа алдсан. Тухайн үед шуугиан болж байсан ч сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг ажлаас нь халснаар амиа алдсан хүүгийн хэрэг замхарсан.
  • 2018 оны зургадугаар сарын 26. Байрныхаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн гадаах тогтой төмөр утсанд хүрч, амь эрсдэв. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын долдугаар байрны хажууд байрлах дэлгэрэх төвийн “Эко шинэс” эмийн сангийн хамгаалалтын төмөр хаалганаас барьтал тогонд цохиулж, амьсгал хураасан юм.  Зайрмаг авахаар ааваасаа мөнгө аваад  гарсан  ах дүү  хоёр, хоёулаа зам дээр машинд дайруулсан, аав ээж нь голын эрэгт хөзөр тоглож байх хойгуур нялх хүүхэд нь  мөлхөж яваад ус руу орж эндсэн зэрэг хүүхдийн эндэгдлийг тоочоод барахгүй.

Энэ бол ердөө л сүүлийн нэг жилийн хугацаанд болсон эмгэнэлтэй тоо. Өмнөх жилүүдийнх, цоожтой хаалганы цаана үлдсэн бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн тоог тоолбол сэтгэл эмзэглэхээс цаашгүй. Хүүхдүүдээ сайн боловсролтой, эрүүл чийрэг өсгөх нь бүү хэл амьд явах баталгааг нь хангаж чаддаггүй манай улс аз жаргалын индексээр 156 орноос 83-т бичигдэж, сүүл мушгиж байгаа нь аргагүй юм. Үүнээс үзэхэд өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийн асуудал ямар хэмжээнд хүрсэн нь харагдаж байна.

Энэ бүх золгүй явдалд төр засаг, албан байгууллагуудыг буруутгаад өнгөрч болохгүй. Хамгийн чухал нь эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. 

Үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь эцэг эх бүрдүүлэх үүрэгтэй.  Хэдийг ажил ихтэй, хүүхдүүддээ цаг зав гаргаж чадахгүй байдаг ч яаж ч ядарч, завгүй байсан хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчныг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. Цоожтой хаалганы цаана, таны хараа хяналтаас гадна таны хариуцлагагүй байдлаас болж хэдэн хүүхэд хорвоог орхиж, тахир дутуу болж, нийгмээс тусгаарлагдаж байна вэ гэдэг эцэг эхчүүд бодох цаг болжээ.

Энэ бол албаныхны 2017 онд гаргасан статистик. Эцэг, эхчүүд хүүхэд гаргахаасаа өмнө, гаргасныхаа дараа ухамсартай, хариуцлагатай байсан бол хараа хяналтгүй 100 хүүхэд гэж байхгүй, гэмт хэргийн хүчирхийлэл, гэмтлээс болж 150 хүүхэд гэж байхгүй байх байлаа. Түүнээс гадна эрсдэлт нөхцөлд амьдарч буй 0-2 насны хүүхдийн тоо 1116. Энэ мэт олон тоо, судалгааг харахад эцэг, эхчүүдийн хариуцлагын асуудал огт хөндөгдөхгүй явсаар ирж. Цоожтой хаалганы цаана үлдсэн, тоглох гэж гараад гэртээ ирээгүй хорвоог орхисон энэ олон хүүхдийн өмнө дээр, дооргүй, хамгийн чухал нь эцэг эхчүүд хариуцлагатай ханддаг, хариуцлагатай байх цаг иржээ.

Таны завгүй гэх шалтгаан, анхаарал халамжгүй цаг мөч бүхэн хүүхдээ эрсдэлд өртүүлж байдгийг та мэдэх үү. Үүнд эцэг эхчүүдийн хариуцлага, хараа хяналт хамгийн чухал. Гэвч бид эцэг, эх байх үүргээ хангалттай сайн биелүүлж чадаж байгаа бил үү.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж