УИХ-ын сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд буй. Хуулийн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа болоогүй, санал авах өдрөөс 45 хоногийн өмнө тодруулна. Гэхдээ намуудын хувьд албан бусаар нэр дэвшигчдээ тодруулж, тойргоо услах болсон. Тиймээс NEWS агентлагийн зүгээс 2020 оны сонгуулийн хар зураг ямар байх, хэн хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь та бүхэнд хүргэж эхэлж байна. Ингээд энэ удаад 1-р тойрог буюу Архангай аймгийг онцолж байна.
- 1992 оны сонгуульд 26 тойрогт 8 найм, 2 эвсэл 293 нэр дэвшигч
- 1996 оны сонгуульд 76 тойрог 5 нам, 2 эвсэл 302 нэр дэвшигч
- 2000 оны сонгуульд 76 тойрогт 13 нам, 3 эвсэл 602 нэр дэвшигч
- 2004 оны сонгуульд 76 тойрогт 7 нам, 1 эвсэл 244 нэр дэвшигч
- 2008 оны сонгуульд 26 тойрогт 12 нам, 1 эвсэл 356 нэр дэвшигч
- 2012 оны сонгуульд 26 тойрогт 11 нам, 2 эвсэл 544 нэр дэвшигч
- 2016 оны сонгуульд 22 тойрогт 12 нам 3 эвсэл, 498 нэр дэвшигчид өрсөлдөж байжээ.
1-Р ТОЙРОГ БУЮУ АРХАНГАЙ АЙМАГ
Архангай аймгийн цэнхэр, улаан холилдсон тойрог гэж хэлж болно. Тус аймгийн сонгогчдын хувьд 2012 он хүртэл цэнхэр илүү давамгайлж байв. Ялангуяа сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулж гарч ирж байв. Архангай аймгийн сонгогчид 1992-2000 оны хооронд МАН /МАХН/ ялалт байгуулж байсан бол 2004-2016 оны хооронд АН үнэмлэхүй ялалт байгуулж байжээ. Түүнээс хойш 2004, 2008, 2012 оны сонгуульд АН ялалт байгуулж байсан цэнхэр тойрог байсан. Гэвч олон жил цэнхэртсэн архангайчууд өнгөрсөн 2016 оны сонгуульд улаантаж, МАН-аас нэр дэвшсэн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар сонгогдсон юм. Тэгвэл энэ удаад МАН-аас Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарыг нэр дэвшүүлж магадгүй байгаа. Саяхан Архангай аймагт хийсэн судалгаагаар дээрх гурван гишүүн ч үнэлгээ сайтай гарчээ. Тиймээс энэ удаад тэднийг дахин архангайчууд руу явуулах болов уу.
Харин Ардчилсан намын хувьд нэр дэвшигчид яригдаж эхлээгүй байгаа ч УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Б.Болор, “Бридж”-ээр овоглодог Д.Ганхуяг нарын нэр яригдаж буй. Ардчилсан намаас С.Ламбаа, Р.Гончигдорж нарыг нэрлэх хүмүүс байгаа ч тэдний хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй л болов уу. Ардчилсан намаас шинэ залуучуудыг дэмжвэл Архангай аймаг дахь АН-ын дарга М.Батжаргал горилж яваа сурагтай.
Харин МАХН-аас тус аймгийн намын дарга Б.Ганцэцэг гэх эмэгтэй яригдаж байгаа бол бие даагчдын хувьд одоогоор битүү морьд шиг байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ