Техник, технологи хөгжихийн хэрээр хүний хийдэг зүйлсийг хиймэл оюун ухаан, робот хийж байгаа энэ цаг мөчид Монголын хамгийн анхны робот зөөгч танд үйлчилж эхэлжээ. Роботын эх орон гэж хэлж болохоор Япон, Хятад зэрэг өндөр хөгжилтэй улс оронд л зөөгч робот гэж байсан бол өдгөө Монгол улсад “Хүнрү” хот пот ресторан нь хамгийн анхны робот зөөгчийг шинээр нэвтрүүлээд хэдийн гурван сарыг ардаа үджээ. Тиймээс бид энэ удаад робот зөөгчтэй рестораныг сонгон, робот зөөгч үйлчилгээ үзүүлж байгааг сонирхлоо.
Бид тус ресторанд очиход улаан алчуур хүзүүндээ гоёсон робот хүмүүст үйлчлээд тун завгүй байлаа. “Сайн байна уу” хэмээн үйлчлэгчтэй харьцах робот захиалга авч, хурдан гэгч нь хоолоо хүргэж байлаа. Тус ресторан робот зөөгчтэй болоод гурван сарыг үдэж байгаа бөгөөд энэ хугацаанд хүмүүс тун сэтгэл хангалуун үйлчлүүлж байгаа гэнэ. Анх орж ирж байгаа хүмүүс эхэндээ гайхаж, зарим нь бүүр цочиж сүүлдээ инээж зургийг нь дардаг гэж рестораны зохион байгуулагч хэлж байлаа. Мөн энэхүү үйлчилгээ хүмүүст их сонирхолтой санагдаж гэр бүлээрээ зочлох нь илүү болжээ. Учир нь хүүхдүүд их сонирхож, тэдэнд хөгжилтэй санагддаг гэнэ.
Бидний очиход нэгэн бяцхан үйлчлүүлэгч аавтайгаа хамт робот зөөгчийг “сонгожээ”. Тэд робот үйлчлэгчид хоолоо захиалж, үйлчлүүлээд гарах гэж байхтай нь таарч сэтгэгдлийг нь сонссон юм. Бяцхан үйлчлүүлэгч “Надад их сонирхолтой, гоё санагдаж байна. Сая хоол авчирч өгөхдөө “Сайхан хооллоорой” гэж хэлсэн нь их сонин байлаа /инээв/. Харин аав нь “Монголдоо шинээр нэвтрүүлж байгаа сайхан үйлчилгээ байна. Их сонирхолтой санагдлаа. Анх удаа орж ирж байгаа болохоор их л гайхлаа робот хүрээд ирэхээр нь. Сууж байтал бармен нь ирж роботыг хэрхэн ажиллуулах талаар зааж өглөө. Шинэлэг сайхан үйлчилгээ байна” гэв. Робот үйлчлэгчийг сонговол “тусгай” зааварчилгаатай. Бармен үйлчлүүлэгчид хэрхэн роботтой харьцах, үйлчилгээгээ хэрхэн авахыг тусгайлан зааж өгдөг аж. Ажиллуулахдаа асаах товчоо дараад ширээний дугаараа хийгээд хоолоо тавцан дээр нь тавиад явуулдаг. Очихоор нь үйлчлүүлэгчид хоолоо аваад бохир зүйл байвал түүнийгээ тавиад буцах товчийг дараад явуулдаг гэнэ.
Энэхүү үйлчилгээ нь ашгийн бус бөгөөд бусдаас ялгарах, шинэлэг нэгэн онцлог гэж тус рестораны зохион байгуулагч онцолж байлаа. Улаан алчууртай робот зөөгч нь зай хураагууртай, цэнэг нь дуусах үед цахилгаанд залгаж эрчим хүчээр хангадаг. Өдөрт нэг л удаа цэнэглэнэ. Ингэж нэг удаа цэнэглэхэд бүтэн өдрөө авдаг гэнэ. “Хүнрү” рестораны робот зөөгч нь танхимд тусгайлан зассан замын дагуу хөдөлдөг бөгөөд, ширээ бүрт хамгийн багадаа 10-15 секундийн дотор хүрэх боломжтой аж.
Хүзүүндээ дэгжин алчуур зүүсэн “Хүнрү” үйлчлүүлэгчдэд шөлтэй, халуун хоолыг нь цалгиулж асгалгүй түргэн хугацаанд авчирч байгаа нь харагдана. Мөн таван камертай. Дээрээ хоёр, дундаа нэг, хамгийн доод тавцангийн доор бас нэг камертай. Энэ нь хүн ойртоод ирэх болон ямар нэгэн саад бэрхшээлийг зайнаас мэдрэн зогсдог гэсэн үг юм. Энэхүү роботыг БНХАУ-д үйлдвэрлэж, захиалгаар хийлгэжээ.
“Сайн байна уу?”, “Хүнрү ресторанаар үйлчлүүлсэнд баярлалаа”, “Сайхан хооллоорой”, гэж эелдгээр хэлнэ. 200 гаруй метр квадрат талбайд ганц робот ажиллахад хангалттай гэж үздэг гэнэ. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад бидэнд ийм үйлчилгээ хэрэгтэй гэж үйлчлүүлэгчид ярьж байсан юм. Хүзүүндээ гоёмсог улаан алчуур зүүсэн зөөгч робот таныг хүлээн авч үйлчилнэ.
Б.ХҮРЭЛЦЭЦЭГ
Холбоотой мэдээ