Энэ оны эхний гурван улирлын байдлаар 74 мянга 848 иргэн ипотекийн зээл авснаас 53.6 мянган иргэн "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр"-ийн буюу 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан байна. Зээлийн хугацаагаар нь ангилан харвал нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн дийлэнх нь буюу 68.2 хувь нь 16-20 жилийн хугацаатай олгогдсон байна. Харин 2.1 хувь нь хамгийн бага хугацаатай буюу 1-5 жилийн хугацаатай олгогджээ. 2015 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн 2.1 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.6 хувь нь чанаргүй зээл байгаа ажээ.
Арилжааны банкууд есдүгээр сард 1334 иргэнд 78.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон гэж Монголбанкнаас мэдээлсэн. Ингэснээр ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3.3 их наяд төгрөг болоод байгаа бөгөөд ипотекийн зээлийн жилийн өсөлтийн хурд саарсаар байгаа аж. Есдүгээр сард олгосон ипотекийн зээл наймдугаар сараас 28.5 хувиар өссөн ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буурсан байна. Шинээр олгосон зээлийн 75.2 хувь нь буюу 58.8 тэрбум төгрөг нь 8 хувийн зээлийн эх үүсвэрээс олгогдсон бол үлдсэн 19.4 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байжээ.
Т.НОМИН